03 сарын 28, Пүрэв

Эх орны тусгаар тогтнол асар их үнээр олдсон юм шүү

Нийгэм
2 жилийн өмнө
Эх орны тусгаар тогтнол асар их үнээр олдсон юм шүү
 Баян-Өлгий аймгийн харьяат, дайнд оролцсон ахмад дайчин Б.Сейлханы дурсамж
 
Ахмад дайчин Б.Сейлхан өөрийн захидалдаа “Үзэг нэгт дүү нар минь ээ. Би бээр 90 давсан насандаа одоогоос 74 жилийн тэртээх үйл явдлыг санан дурсаж, нүдээ чилээн байж, хэдэн өдөр үсэгчлэн бичлээ. Сониндоо нийтлэн уншигчдын хүртээл болгохыг машид хүснэм” гэжээ.
Түүх түүхээрээ үлддэг. Гэхдээ түүх үнэн үлдэх ёстой. Өнөө цагийн аясыг харж суухад одоогийн залуус аливаа асуудалд хойрго болоод байна уу даа гэж бодогдох юм. Учир нь, ахмад үеийнхний байгуулсан алдар гавьяа, бүтээлч үйл хэрэг, нөр их хөдөлмөрийн талаар ярьж бичих нь багассан болохоор тэр биз. Тиймээс өнөөгийн хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх ажил юу юунаас чухал. Манай залуучуудын хувьд зөвхөн өнөөдрийн Монгол Улс, өнөөгийн монголчууд л байгаа юм шиг боддог болоод удаж байгаа нь ажиглагдсаар байна. Монгол Улс, монголчууд мянга мянган жилийн түүхтэй бөгөөд энэхүү өргөн уудам нутагт өвгөд дээдсээс улбаалан амьдарч, хойч бидний төлөө тэмцэж, хөдөлмөрлөж, аж төрж байсан нь юутай үнэн билээ. Энэчлэн юу эсийг хэлж барах вэ. Тийм болохоор би бээр 1945 оны үйл явдлыг өөрийн биеэрээ мэдэрч, одоогоос 74 жилийн тэртээх түүхэн цаг хугацааны амьд гэрчийнхээ хувьд Монгол Улсын тусгаар тоггнолыг баталгаажуулахад оролцож, гарын үсгээ зурсан тухайгаа 90 давсан насандаа дурсан уншигч тантай санаа бодлоо хуваалцаж байгаа нь энэ. 1945 он бол манай эх орны түүхэнд онцгой тэмдэглүүштэй үйл явдлын он байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайн Европ тивд дууссаны дараагаар 1945 оны чөлөөлөх дайнд Монгол, Зөвлөлтийн баатарлаг цэрэг эрс гарамгай гавьяа байгуулсан түүхтэй.
 
 
ДЯ-ны төлөөлөгч, бичиг мэддэг казах эмэгтэй
 
1940-өөд оноос манай улсын баруун хилийн байдал дорнод хил хязгаарын нэгэн адилаар түгшүүртэй болж, улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байсан ч ард түмэн маань эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөн бэрхшээл бүхнийг даван туулах эрмэлзэл дүүрэн, бүхий л гачигдал, зовлонг сөрөн зогссон үе билээ. Манай улсын болон Алтайн Шинжаан дахь үндэсний ардчилсан хувьсгалыг дэмжих интернационалч үүргийн ёсоор БНМАУ-ын Засгийн газраас 1944-1947 онд тагнуулын тусгай ажиллагааг зохион байгуулж, Ховд аймгийн Булган сум дахь 5 дугаар отрядын тусгай ангиас бэлтгэгдсэн казах хэл, зан заншлыг сайн мэддэг, нам болон хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн торгууд, казах хүмүүсийг хил давуулан Алтайн Шинжааны торгууд болон бусад ястныг Гоминданы Хятадын цэргийн эрх баригчдын эсрэг бослого гаргуулах, Гоминданы цэрэгт нутгийн энгийн иргэдийг үл элсүүлэх, өөрсдөө хүчээ нэгтгэн зэвсэг барин тэмцэх, тусгаар улс болох талаар тэдэнд ухуулга хийж байсан юм. Улмаар 1945 оны сүүлийн хагаст байгуулагдсан Бүгд Найрамдах зүүн Туркестан улсын төр, эасгийн үйл ажиллагаанд туслах зорилгоор бид хилийн чанадад төр, засгийн даалгавраар Алтайн Шинжаанд тусгай үүрэгтэй явсан билээ.
Түүхэн тэр цаг үед манай улсаас 1943 оны намар хил давж дүрвэн гарсан Хужирт сумын болон Ховдын олон торгууд, урианхай, захчин айлууд эх орондоо олноор буцан ирж байлаа.
1945 оны есдүгээр сарын дундуур Ховд аймгийн Булган сум дахь 5 дугаар отрядаас “Бидний хэдэн хүнийг яаралтай буцаж ир” гэсэн шифр ирсэн учир биднийг хил давж ирэхэд Ховд аймгийн тусгай хэлтсийн дарга Төмөр-Очир, ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Жамсран, 5 дугаар отрядын дарга, тусгай ангийн Гантогтох, Булган сумын Засаг дарга зэрэг олон хүн тосож билээ. Биднийг отрядад хоёр хоног амруулан дараагийн өдөр Булган сумын төвд тус сумын 11 багийн дарга, баг тус бүрд томилогдох төлөөлөгч, 5 дугаар отрядын дарга, офицер, Дотоод яамны төлөөлөгч зэрэг 100 гаруй хүн оролцсон томоохон хурал болсон юм. Уг хурлыг аймгийн төлөөлөгч Жамсран нээж хэлсэн үгэндээ “ЗСБНХУ болон Хятадын Засгийн газрын төлөөлөгчид 1945 оны наймдугаар сард Москва хотноо хоёр улсын хооронд холбоо, найрамдал тогтоох болон БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөх эсэхээ бүх ард түмэн нь нийтээрээ баталж, улс, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл “БНМАУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө” хэмээн дэлхийд зарласан байна.
 
Иймд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс улс орон даяар бүх ард түмний санал асуулгыг хураах ажлыг нэгэн зэрэг 1945 оны аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд маш шуурхай бөгөөд тун хариуцлагатай явуулан дүнгээ гаргах ёстой гэж тогтоожээ” гэдгийг мэдээлж билээ. Улмаар “Гоминданы Хятадын Гадаад яамны сайд Ван Си Зы, ЗСБНХУ-ын Гадаад явдлын яамны сайд Молотов хоёрын БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхтэй холбогдуулан гаргасан албан ёсны хоёр ноот бичгийн утгыг нэг бүрчлэн уншиж, бүх хүнд үг, үсэг алдалгүй бичүүлж, цээжлүүлэн “Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн санал асуулгын утга учрыг ардуудад сайтар ухуулан ойлгуулж өдөр, шөнөгүй явж, тайлбарлан таниулж, үлдсэн сар хүрэхгүй хугацаанд маш шуурхай ажиллахыг хатуу сануулж байна” гэж үүрэг өгсөн юм.
Бид ч энэ үүргийн дагуу бүх нийтийн санал асуулгад нутгийн нэг ч хүнийг үлдээлгүй оролцуулах талаар заасан хугацаанд нь, өдөр, шөнө гэлтгүйгээр хоол, нойроо хасан байж сурталчилгааны ажлаа хийсэн юм. Энэ үед ард олон ч энэхүү санал асуулгын ач холбогдлыг сайн ойлгосон. Миний хувьд зарим айлд хэд хэдэн удаа очсон бөгөөд надад Ховд аймгийн Булган сумын 6 дугаар багийн иргэдийг хариуцуулж билээ.Тухайн үед санал хураах газар ирж чадахгүй байгаа “Цоохор нуур” гэдэг газарт намаржиж байсан хэдэн айлын хүмүүсийн нэрсийн жагсаалтыг авч очин гарын үсэг зуруулсан бөгөөд дийлэнх хүмүүс нь хурууны хээгээ дарж байлаа. Тэгэхэд лам бололтой өндөр настай ядрангуй нэгэн өвгөн олон зүйлийг бувтнан номын үг хэлсэн ба “хуучин” бичгээр өөрийн болон эмгэнийхээ нэрийг их л сайхан бичээд “Төрийн минь сүлд өршөө” хэмээн гараа магнайдаа хүргэн залбирч байсанд би их гайхсан юм даг. Тэр лам өвгөн надад хоол, цай өгч “Наад өрөм ааруулаасаа ид ид гэж өрөвдөн хайрласан байдалтай хэлж байсныг өдий хүртэл мартдаггүй юм. Хүмүүс биднийг халуун дулаанаар угтан хөх тарианы болсон гурил, ааруул, өрөм, идээг таваг дүүрэн засаж сүүтэй цайгаа аягалан тун ч баяр баясгалантай байсан. Хүнд өвчтэй хэвтэрч орчихсон хүн хүртэл босож, гоёлын дээлээ өмсөөд орон дээрээ сууж байлаа. Тэдний олонх нь хуучин бичгээр цөөн хэсэг нь шинэ кирилл үсгээр зурж ямар ч бичиг үсэг мэдэхгүй хүн нь бэлтгэсэн цэнхэр бэхэнд хуруугаа дүрээд хурууныхаа хээг хүснэгтэд дарж байсан юм.
1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурах ажил Ховд аймгийн хэмжээнд ганцхан өдөр буюу асар богино хугацаанд маш эрт дууссан нь энэхүү түүхэн үйл явдлыг иргэдийн зүгээс сайтар ойлгож мэдэрсний илрэл байсан юм. Тэрхүү бүх нийтийн санал хураах ажил урагштай агаад бүтэмжтэй болсонд бид баярлаж, гайхмаар сайхан сэтгэгдэл төрж байсан даа. Энэ үед бичиг үсэг сайн мэдэх нутгийн торгууд хүмүүс дүнгийн товчоо хийж нэг хувийг хавсарган сумын төв рүү яаралтай хүргэж байлаа. Миний хариуцсан баг сумын төвд ойрхон байсан болохоор 11 багийн дотроос хамгийн түрүүнд хүрсэн. Энэхүү ажилд Дотоод яамны төлөөлөгч нар хяналт тавьж сум, багийн төлөөлөгч биднийг хүртэл дагалдаж, айлаас айлд очиход бие биедээ хүлээлгэн өгч байсан нь дээрх ажил өндөр сонор сэрэмж, хариуцлагатайгаар явагдаж байсан нь мэдрэгдэж билээ. Энэ бүхний үр дүнд Ховд аймгийн нийт иргэд уг санал асуулгад 100 хувь саналаа өглөө.
 
Ийнхүү 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр бол манай улсын нийт ард түмний баярын өдөр болсон бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол бүрнээ явсныг дэлхий нийтэд дахин харуулсан өдөр болж түүхэнд “алтан үсэг”-ээр тэмдэглэн үлдсэн юм.
 
Одоогоос нэгэн жарны тэртээ миний бие БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан энэхүү түүхэн өдрийн хариуцлагатай шуурхай ажилд өөрийн эх орны иргэний хувьд итгэл хүлээн оролцож явснаа насан туршдаа мартахгүй, их хувь заяа хэмээн бодол тээж явдаг. Тэр үед би бээр хилийн чанадаас гэнэт дуудагдан ирээд сар гаруй хугацаанд тэрхүү бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах ажилд оролцож, өөрөө санал асуулгад оролцоод дахин хил давсан түүхтэй. Улмаар 1945 оны арваннэгдүгээр сарын эхээр Алтайн Шинжаанд үлдсэн өөрийн хүмүүстэй нийлэн даалгасан үүргээ биелүүлээд удирдлагын зөвшөөрлөөр дараа жилийн гуравдугаар сард эх орондоо эргэж ирсэн. Тэр үед цас орж зам даваа хаагдан хүйтний эрч чангарсан үе байлаа. Бид морьдоо цасанд умбуулан арайхийн хилээс гарч билээ.
Цаг өөрчлөгдөхөд түүх өөрчлөгдөөгүй юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө энэхүү түүхэн үйл явдалд оролцож хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэж явсан ахмад дайчид, тагнуулчид хорвоогийн жамаар ихэнх нь бурхны оронд оджээ. Одоогоор би бээр тэрхүү түүхэн үйл явдлын амьд гэрч нь болж байна даа. Манай орны тусгаар тогтнолд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тэрхүү түүхэн үйл явдал болоод түүнийг бүтээлцсэн эрэлхэг зоригтой эх орончдын гавьяат үйлс нь үеийн үед мөнхөд үлдэх ёстой. Одоо тэр хүмүүсийн ул мөр бүдгэрч мартагдан хойч үе маань бидний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг мэдэхгүйд хүрээд байгаа нь тун харамсалтай санагдана. Иймд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн жарны амьд гэрчийн хувьд энэхүү дурсамжаа өндөрлөх ялдамд 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр явагдсан Бүх ард түмний санал асуулгад оролцсон ахмад үеийнхэн, тэдний үр хойч болоод уншигч олондоо аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Б.СЕЙЛХАН /Баян-Өлгий аймгийн харьяат ахмад дайчин/
Эх сурвалж: Sonin.mn
 
1
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ