04 сарын 26, Баасан

Т.Доржханд: Төрийн захиргааны албан хаагчид ёс зүйн хувьд 300 мянган төгрөгөөс татгалзах хэрэгтэй

Улс төр
3 жилийн өмнө
Т.Доржханд: Төрийн захиргааны албан хаагчид ёс зүйн хувьд 300 мянган төгрөгөөс татгалзах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Засгийн газраас энэ сарын 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоожиргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргасанЭнэ шийдвэрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Засгийн газрын зүгээс өмнө нь аль болох хөл хорио тогтоохгүй байж, эдийн засаг идэвхжиж байгаа үед нь дэмжээд явъя гэсэн байдлаар шийдвэрээ гаргаж байсан. Харамсалтай нь халдварын тохиолдол ихэсч, үндсэндээ цар тахлыг хумьж чадалгүй алдчихлаа л даа. Уг нь эдийн засгаа дэмжиж 10 их наядын хөтөлбөр боловсруулж, хөнгөлөлттэй зээл олгож, ажиллах боломжийг гаргахаар зорьж байгаа нь бодлогын хувьд зөв. Гэвч коронавирусийн тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа энэ үед хөл хорио тогтоохоос өөр арга алга гэсэн шийдвэрт хүрч хатуу хөл хорио тогтоолоо. Эрүүл мэндийн яамнаас гишүүдэд өгсөн танилцуулгад “Хэрвээ хөл хорио тогтоохгүй бол долоо хоногт найман мянган тохиолдол бүртгэгдэхээр байна” гэж мэдээлсэн. Тохиолдлын тоо хоногт мянга гарахаар байна. Цөөн хүн амтай манай улсад цар тахлын тохиолдол хэдий чинээгээр нэмэгдэнэ, төдий чинээгээр эрсдэл үүсэх нь ойлгомжтой. Үр дүнд нь юу болж байна гэхээр урд хөршүүд маань хилээ хаачихлаа. Ингээд бүтэн сар бид нүүрсээ тээвэрлэж чадахгүй, зарим боомтоор машин гарахгүй, заримаар нь ихдээ 20, 30 машин гарч байна. Бизнес идэвхжиж байгаа энэ үед хил, гааль урд зүгээс хаалттай болохоор валютын орлого эрс буурч байна. Үр дүнд нь валютын ханш өснө. Дагаад инфляци өснө. Дахиад л эдийн засгийн төвөгтэй хүнд байдал үүснэ. Ийм үед хөл хорио тогтоож тархалтыг хумих нь зүйтэй. Өөр аргаар хязгаарлаж чадахгүй нь тодорхой байна.

Ер нь дэлхий даяараа ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад хүнд байгаа энэ үед Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хэдийгээр халамж гэж шүүмжлүүлж байгаа ч энэ тохиолдолд иргэдийнхээ орлого, ажлын байрыг хамгаалах чиглэлээр санхүүжилт гаргаж байгаа бодлого зөв. Тиймээс 300 мянган төгрөгийг олгож байгаа нь зүйтэй. Харин хүүхдийн мөнгөтэй адил бүх иргэддээ хавтгайруулж олгож байна гэдэгт өөр байр суурьтай байгаа. Тухайлбал, зайлшгүй хамрагдах ёстой зорилтот бүлэг нь юу вэ гэхээр орлогоо алдсан, ажилгүйдэлд өртсөн гэр бүл, төрийн үйлчилгээний албан хаагчид буюу коронавирусийн фронт дээр ажиллаж байгаа цагдаа, онцгой, эмнэлгийн ажилтнууд, багш нарт энэ мөнгийг олгох нь зүйтэй. Харин эдийн засаг хямарч байхад хямралд автдаггүй, тогтвортой орлоготой хэсэгт заавал олгох шаардлагагүй гэж бодож байгаа. Тиймээс ядаж УИХ-ын 76 гишүүн, сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга, шат шатны газар хэлтсийн дарга нар гээд төрийн захиргааны албан хаагчид ёс зүйн хувьд энэ мөнгөнөөсөө татгалзах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрд нэг сая төгрөг олгох албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байсанҮүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Өмнөх Сангийн сайд нь оффшороос нэг төгрөг ч орж ирээгүй гэдгээ мэдэгдсэн. Одоогийн Сангийн сайдаас оффшороос мөнгө орж ирсэн эсэхийг асуух хэрэгтэй байх. Ард түмэнд Ерөнхийлөгчийн санаачилга сайхан сонсогдоно л доо. Бодит байдал дээр оффшороос мөнгө орж ирнэ гэдэг нь хуулийн маш олон процессоор дамжина.

Гадаадад байгаа мөнгө нь үнэхээр зориулалт бусаар, хууль бусаар олсон мөнгө байна уу үгүй юү гэдгийг тодорхойлно. Хууль бус мөнгө байвал хууль, шүүхийн байгууллага шийдвэрээ гаргаж, түүнийг нь оруулж ирэхээр улс хоорондын хуулийн байгууллагууд хамтарч ажиллаж байж манай төрийн санд орох байх. Хэлэхэд амархан ч процесс нь амархан, хурдан биш л дээ.

Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөхдөө оффшороос мөнгө оруулж ирж иргэддээ тараана гэж амласан. Тэрийгээ биелүүлэх гээд сонгуулийн өмнө дахин ярьж байх шиг байна. Бодит байдал дээр тийм мөнгө орж ирнэ гэж бодохгүй байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч болоод Сү.Батболд гэх зэрэг зарим нэр бүхий гишүүд өөрсдөө оффшорт ихээхэн мөнгөтэй гэдэг. Тэгвэл өөрөө оффшорт байгаа мөнгөө оруулаад ир л дээ. Ингэвэл яахав хэлж, ярьж байгаа нь бодитой юм байна гэж нийтээрээ итгэж болж байна.

-Улсын төсвийн нэлээдгүй хэсгийг бүрдүүлдэггол хөдөлгөгч хүч болох нүүрсний экспорт зогсчихлооЕр нь манай улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Надад ирж байгаа мэдээллээр гуравдугаар сард нүүрсний экспорт зогсчихсон, дөрөвдүгээр сарын 7-нд хилээ нээнэ гэсэн ч одоогоор нээгээгүй байна. Гол асуудал нь Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хот цар тахлын голомт болчихлоо шүү дээ. Хятадын Ухань голомт байсан бол одоо эсрэгээрээ болчихлоо. Үүнтэй холбоотойгоор хилээ хаачихлаа гэж ойлгож байгаа. Монголоос нүүрс авдаг аймгууд нь “коронавирусийн эерэг тохиолдол гарч ирвэл хариуцлага хүлээнэ” гэх шалтгаанаар хилээ хаачихсан байна. Нөгөөтэйгүүр коксжих нүүрсний нөөц хангалттай байгаа гэж байна лээ. Хил дагуух нүүрс угаадаг бүх үйлдвэр одоогоор хаалттай байна. Энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэх эрсдэл байна. Энэ жилийн нүүрсний экспорт өмнөх жилийнхтэй адил 42 сая тонн гээд тооцоолчихсон. Гуравдугаар сарын нүүрсний экспорт байхгүй, дөрөвдүгээр сард яах нь тодорхойгүй байна. Энэ нь манай улсын төсвийн орлого болоод валютын нөөцөд том эрсдэл болно гэж харж байна. Тиймээс хөл хорионы үед вакцинжуулалтаа эрчимтэй хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, нүүрс, зэс болон бусад экспортын чиглэлийн уурхай дээр ажилладаг ажилчид, нүүрс тээвэрлэдэг тээврийн жолооч нарыг аль болох хурдан вакцинжуулах арга хэмжээг Засгийн газар яаралтай авах хэрэгтэй. Үүнийг оноос өмнө хэлж л байсан. Одоо ч хэлж л байна. Өөрөөр хэлбэл, стратегийн экспорт хийдэг салбараа аль болох вакумжуулаад эрсдэлийг нь хаах хэрэгтэй. Урагшаа экспорт хийдэг компаниуд синовак, синофарм гээд хятад вакциныг нь хийх хэрэгтэй. Хойд хөрштэй түлхүү ажилладаг хэсэгт спутник, харин ДЭМБ-ын баталгаажуулсан вакциныг бусад иргэддээ хийх бодлого баривал сайн байгаа.

-Засгийн газрын тусгай сан байгуулах хуулийн төслийг баталсан.   Энэ хуулийн ач холбогдолгол зохицуулалт нь юу вэ?

-Монголчууд хүүхдүүддээ хайртай, гэхдээ хүүхдээ дэмжсэн сан байхгүй байна. Тиймээс хүүхдүүдээ дэмждэг сантай болъё гээд шинэ жилээр тоглолт хийж хандив цуглуулжээ гэж ойлгосон. Тэр санаачилга нь тусгай сан болж бэхжиж байх шиг байна. Ер нь хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь зөв. Харин тусгай сан заавал байгуулах нь зөв үү үгүй юү гэдэгт эдийн засагч хүний хувьд эсрэг байр суурьтай байгаа. Манайх үр ашиггүй олон тусгай сантай, сангуудын хөрөнгийг зүй бусаар зарцуулсан тохиолдол гарч байсан шүү дээ. ЖДҮ, Тариалан эрхлэлтийн сан гэх зэргээр дурдаж болно. Бүгдийг нь улс төрийн зорилгоор ашиглах, улс төрийн амлалтыг нь санхүүжүүлдэг сан болчихсон.

Тусгай сангийн эх үүсвэрийг татварын тодорхой хэсгээс бүрдүүлэхээр зохицуулах юм шиг байна. Энэ аргачлал нь буруу. Учир нь төсөв уян хатан байх ёстой. Хоёрдугаарт, төсвийг нэг жилээр баталдаг. Төсөвт зорилтот хөтөлбөрүүдээ суулгаад санхүүжүүлэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажил нь байх ёстой. Гэтэл сан гэж байгуулаад сангийн их үүсвэр нь тогтвортой байдаг татварын тодорхой хэсгийг нь санд төвлөрүүлэхээр заачихаар төсөв шуурхай, уян хатан байх боломж тэр хэмжээгээр хязгаарлагдчихна. Энэ бол төсвийн суурь зарчим биш. Сангуудын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор орлогын цөөхөн хэдэн эх үүсвэр болох цалин, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар ч гэдэг юмуу эдгээр татвараас тодорхой хэсгийг нь тасдаад явчихаар төсөв дотор төсөв үүсчих гээд байдаг. Ингээд сайд бүр дэргэдээ өөрийн мэдлийн сан үүсгээд эх үүсвэрийг нь цементлээд явбал төсөв уян хатан, хариу үйлдэл үзүүлдэг байх чанар нь алдагдана. Өнөөгийнх шиг ийм ковидын онцгой нөхцөл үүсвэл энэ эх үүсвэрийг дайчилж санхүүжүүлэх ёстой байтал тодорхой хууль гаргаж, тэр хуулийнхаа хүрээнд сан үүсгэж сангийн мөнгө нь заавал энэ хуульд өөрчлөлт оруулах замаар эх үүсвэрийг хуваарилдаг болвол татвар, төсвийн бодлогод гажуудал үүснэ. Эцэстээ хүүхдэдээ хайртай гэсэн байдлаар сонгуульд зориулагдсан арга хэмжээ болж, тэр нь зүй бусаар санхүүжилт нь хийгдэж нөгөө тусгай сангуудын араас орчих вий дээ. Уг нь энэ Засгийн газар тусгай сангуудыг цэгцэлж, цөөлье гэсэн бодлого барьсан. Түүнийхээ эсрэг зүйл хийчихлээ гэж харж байна.

-Оюу толгойн асуудлыг хариуцсан УИХ-ын ажлын хэсэгт та байгаа

 Оюу толгойн хэлэлцээрийн явц ямар түвшинд байнаХэлэлцээртэй холбогдуулж   ажлын хэсгээс санал дүгнэлт боловсруулсан гэж сонссон?

-Зарим асуудал нууцын зэрэглэлтэй байгаа. Тиймээс зарим мэдээллийг ил болгох боломжгүй байна. Олон нийтэд ил байгаа мэдээлэлд үндэслэж байр сууриа илэрхийлэхэд Оюу толгойн хөрөнгө оруулагч тал Монголд ирчихсэн байгаа. Тодорхой түвшинд буулт хийе гэсэн ойлголт байна. Бидний хувьд цаашид ямар хэлбэрээр хэлэлцээр хийх юм бэ гэдгээ эцэслэх шаардлагатай. УИХ-ын 92 дугаар тогтоолоос тодорхой чиглэл удирдамж өгсөн. Түүний хүрээнд ажил явагдах болов уу. Ер нь өмнөх хөрөнгө оруулалтын Дубайн гэрээ асуудалтай юу гэвэл асуудалтай. Дубайн гэрээг цуцлах нь өнөөдөр бидэнд хэрэгтэй эсэх талаарх ажлын хэсэг гаргаж байгаа. Аль аль тал нь цуцлахад бэлэн байна гэсэн ойлголттой байна. Хоёрдугаарт, ямар хувилбараар явах вэ гэдэг санхүүгийн загварыг ХҮН-ын мэргэжилтнүүд хийгээд Засгийн газарт өгье гэдгээ мэдэгдсэн. Зээлийн асуудал дээрээ ярих юм уу, ногдол ашиг дээрээ юу, эсвэл бусад татвар дээрээ ярих уу гэх мэтээр маш олон хувилбар бий. Бодитой мэдээллүүдийг санхүүгийн загварт оруулж байгаад тэндээсээ бодлогоо уялдуулж гаргах байх. Өмнө нь дандаа улстөрчид хэлэлцээр хийдэг байсан. Энэ удаад аль болох мэргэжилтнүүд нь орж үр дүнд хүргээсэй. Гуравдугаарт, эдийн засаг хүнд, улс төрийн сонгууль дөхсөн үед хэлэлцээр хийж муутгадаг. Тиймээс аль болох мэргэжлийн үүднээс хөндлөнгийн экпертүүдийнхээ дүгнэлтийг маш сайн хүлээж авч, аль болох мэргэжлийн түвшинд тооцоо судалгаатайгаар, Монгол болон хөрөнгө оруулагч тал, мөн төсөлд хөрөнгө оруулсан жижиг хөрөнгө оруулагчдад бүгдэд нь ашигтай байдлаар гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Тиймээс үндсэн хэлэлцээрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийх нь бодитой бөгөөд үр дүнтэй гэж үзэж байна.

-ХҮН-аас “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг өрнүүлсэнАян хэр үр дүнтэй болов?

-Маш амжилттай явж, энэ оны гуравдугаар сарын 20-нд онлайн судалгаагаа хаасан. 20 мянга орчим хүн ерөнхийлөгчөө захиалж, судалгаанд оролцсон. 140 орчим хүний нэрийг дэвшүүлсэн байна лээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу тодорхой хориглолт хязгаарлалт бий. Тиймээс бид нэрсийг нь зарлаж, эрэмбэ тогтоох боломжгүй. Шударга бус өрсөлдөөн, хэрэлэгчдийн төлөө газраас “Та нар нэр дэвшигчээ зарлав. Наад үйл ажиллагаагаа зогсоогоорой” гэсэн агуулгатай шаардлага ирсэн. Гэхдээ зогсоосны дараа шаардлага нь ирсэн. Нэгдүгээрт, хууль зөрчсөн асуудал байхгүй. Хоёрдугаарт, иргэд маань маш идэвхтэй оролцсон. Хуулиараа тавдугаар сарын 2 гэхэд нэр дэвшигчээ албан ёсоор зарлана. Үүний дараа бүх мэдээлэл ил болно. Гадаад, дотоодоос манай иргэд аянд маань маш идэвхтэй оролцсон. Монголд анх удаа нээлттэй, иргэдийнхээ санал бодлыг сонссон, цахимаар явуулсан анхны аян юм. Иргэд маань цахимаар манай аянд ийм идэвхтэй оролцож байгаа нь цаашид Монгол Улс маш бага зардлаар цахим сонгууль явуулах боломжтой гэдгийг давхар харуулсан үйл явдал боллоо гэж дүгнэж байна.

Эх сурвалж: Өдрийн Сонин

Р.ХИШИГЖАРГАЛ

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Enkhee
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Энэ мэтийн нөхөр ийм зүйлээс өөрсдөө татгалздаг болов уу татгалзвал баримтаа харуулаарай
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ