04 сарын 25, Пүрэв

Ц.Жамбалдорж: Ватиканы нууц архивт байсан ИЛ ХААДЫН ҮЕИЙН захидлуудыг Монголдоо авчирсан

Бусад
3 жилийн өмнө
Ц.Жамбалдорж: Ватиканы нууц архивт байсан ИЛ ХААДЫН ҮЕИЙН захидлуудыг Монголдоо авчирсан

Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаваржаа сайхан байна уу. Алс Итали нутгаар тавтай юу?

-Сайхан хаваржиж байна. Хаа газрын жишгээр маскаа зүүгээд, зайгаа бариад л ажиллаж, амьдарч байна. Саяхан христ шашинтнуудын “Улаан өндөгний баяр” болоод, түүнээс үүдэн Италид ковидын тархалт нэмэгдэж, улс даяараа улаан зэрэглэлд шилжин гурван хоног тас хорьсон. Одоо бол түвшин буурсан. Гэхдээ л гараад байна. Өнөөдрийн байдлаар Италийн Засгийн газраас гол анхаарч байгаа зүйл нь вакцинжуулалт байгаа ч хүрэлцээ нь доголдолтой. Зөвхөн Итали биш ерөнхийдөө Европын Холбооны хүрээнд ийм байгаа. “Астразенека” вакцинтай холбоотой асуудал гараад ирүүт насны ангиллыг нь өөрчиллөө. Өнгөрсөн мягмар гарагаас эхлээд “Астразенека”-г зөвхөн 60-аас дээш насныханд хийхээр тогтлоо.

-Өөр вакцин тарьж байна уу?

-Европын Холбоо нь Орос, Хятадын вакциныг албан ёсоор бүртгэж аваагүй байгаа. Гэхдээ Европын холбооны цөөн орон Орос, Хятадын вакциныг зөвшөөрч, тариад эхэлсэн. Италид энэ оны долоо, наймдугаар сараас Оросын “Спутник В” вакциныг үйлдвэрлэхээр ерөнхийдөө тохирчихоод байгаа. Үйлдвэрлээд эхэлбэл хэрэглэнэ гэсэн үг. Италид мөн “Пфайзер”, “Модерна” вакциныг тарьж байна. “Жонсон энд Жонсон” вакциныг удахгүй авахаар болоод байгаа. Шинээр гаргасан вакцинууд цоо шинэ болохоор дархлаагаа зургаан сар барих уу, нэг жил барих уу гэдэг нь тодорхойгүй байна. Бас нас насныхан дээр яаж үйлчлэх вэ гэдгийг дэлхий даяараа 2021 онд л харах нь. Тэгэхээр 2022 оноос жил болгон хийлгээд байх уу, эсвэл нэг хийлгэчихээд дахиж ковид туссан ч аюул багатай гэж үзэх үү гэдэг нь тодорхой болох болов уу.

-Италид ажиллаж, амьдардаг Монгол Улсын хэдэн иргэн байдаг вэ?

-2020 оны эхний байдлаар 280 гаруй байсан. Коронавирус гарснаас хойш тусгай үүргийн нислэгээр 80 гаруй иргэнээ тэдний хүсэлтийн дагуу буцаасан. Одоо байгаа 200 гаруй хүмүүсийн дийлэнх нь энд байнга оршин суудаг, Италийн юм уу гадаадын иргэдтэй гэрлэсэн хүмүүс, тэдний үр хүүхдүүд. Ром хотод НҮБ-ын гурван салбар байгууллага байрладаг. Тэнд ажилладаг ганц хоёр монгол бий. Үлдсэн нь оюутнууд байгаа. Тэд үргэлжлүүлж сурах нь сураад, зарим нэг санхүүгийн хүндрэлтэй нь буцаад байгаа.

-Та өөр ямар улсыг хавсран хариуцдаг вэ?

-Би 2016 оны долдугаар сараас Монгол Улсаас Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Түүний зэрэгцээ Албани, Мальта, Сан Марино улсад хавсран суух Элчин сайдын албыг давхар хашдаг. Мөн Италийн Ром хотод байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Албани, Сан Маринод монголчууд байхгүй. Мальтад нэг хүн бий. Тэр эмэгтэй тэнд олон жил амьдарч байгаа. Сан Марино бол Ватикантай адил Итали дотор байдаг жижиг улс.

-Ватиканыг та хавсардаггүй юм уу?

-Үгүй, ихэнх улсууд Швейцараас хамаардаг. Итали дотор байдаг улс учраас Итали дотор байдаг ЭСЯ нь хавсран суухыг зөвшөөрдөггүй. Тийм учраас том улсууд, ялангуяа католик шашинтай том орнууд Италид хоёр Элчин сайдын яам ажиллуулдаг. Нэг нь Италид, нэг нь Ватиканд суугаа ЭСЯ гэж явдаг.

-Италид ажиллах, арилжаа наймаа эрхлэх боломж хэр байдаг вэ?

-Итали бол хүн ам их, ажлын байр олдоход хэцүү. Хэрвээ өөрөө ажлаа олж чадах юм бол оюутнууд долоо хоногт 20 хүртэл цагаар ажиллаж болно. Энд арилжаа наймаа хийдэг ганц нэг иргэд байдаг. Тэд Италийн өргөн хэрэглээний бараа, таваарыг Монгол руу оруулаад зардаг.

Монголын нэлээн олон компани Италийн гол гол брэндүүд, дэлгүүрүүдийн салбарыг албан ёсоор Монголд нээчихсэн. Ковидоос өмнө тэд Монгол, Итали хоёрын хооронд ирж очоод, бизнесээ хийгээд явдаг байсан. Хөл хорио тогтоогоод нислэг хаагдсанаас үүдээд харьцангуй багаслаа. Гэхдээ каргогоор цөөн тооны бараа материалыг явуулдаг.

-Италийн Засгийн газраас бизнесийн орчноо хамгаалах, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих талаар ямар бодлого явуулж байгаа бол?

-Италийн Засгийн газраас дорвитой арга хэмжээнүүд авч байна. 2020 оны ихээр Италид коронавирусний халдвар тархаж эхлэхэд гэнэтийн цохилтод бэлтгэлгүй байсан эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэхээ байж, Хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны зах зээл уналтад орж,  дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг  эзэлдэг аялал жуулчлалын салбар зогсож, жижиг дунд үйлдвэрлэгчдээс шууд хамааралтай байдаг эдийн засаг нь ганхаж эхэлсэн. Италийн өрийн хэмжээ нэмэгдэж, аль хэдийн эдийн засаг нь хүндрэлтэй байсан дээр коронавирусний үр дагавар нэмэгдэн хүнд цохилт авчирсан. 2020 оны эхний саруудад Италийн төр, засаг Европын Холбооноос дэмжлэг хүсэн, цогц арга хэмжээ авахыг санал болгосон юм. Европын Холбооны нөхөн сэргээлтийн багц арга хэмжээний зээл бүхий 750 тэрбум еврогийн тусламжаас Итали улс 209 тэрбум еврогийн тусламж авахаар шийдвэрлүүлж чадсан юм. Гэвч Европын Холбооноос олгох тэрхүү 209 тэрбум еврогийн санхүүжилтын хуваарилалтын маргаанаас болж Засгийн газар нь огцорсон. Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын тэргүүн зорилт нь ард иргэдээ вакцинжуулалтад шуурхай хамруулах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн түргэн шуурхай бодит арга хэмжээг авахад онцгой анхаарч ажиллаж байна. Эдийн засгийг дэмжих хүрээнд Италийн Засгийн газраас коронавирусний тархалтад хамгийн их өртсөн аялал жуулчлал, тээврийн салбарт 25 сая евро, бүс нутгуудад 900 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд буй.  Чингэхдээ, аж ахуйн нэгжийн өр төлбөрийн төлөх хугацаах сунгах асуудлаар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Италийн банкны холбооноос мэргэжлийн холбоодтой хамтран, орон сууц, жижиг зээлийн эргэн төлөлтийн төлөх хугацааг хөнгөвчиллөө.Үндэсний хөгжлийн санхүүгийн байгууллагаас банкны системийн санхүүжилтыг 1-3 сая евро болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр ЖДҮ-дэд хөнгөлөлттэй зээл олгох, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор дунд хугацааны зээл олгохыг дэмжиж байна. Экспорт, олон улсын болон хөрөнгө оруулагчдын бизнесийг дэмжих зорилгоор Засгийн газрын даатгалын үйлчилгээ, баталгаа үзүүлэх компани /Саче/-тай хамтран тус даатгалын компаниас баталгаа гаргуулах,  компаниудад зах зээлийн бус эрсдэлд орсон тохиолдолд төрөөс 90 хувийг, үлдсэн 10 хувийг эрсдэлд орсон компани хариуцахаар баталгаа өгөх юм.  Хөрөнгийн биржид бүртгэгдсэн компаниудын ил тод байдлыг сайжруулахаар тухайн компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн орлогын хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн тоон дээр үндэслэн ногдох татварыг бууруулна. Төрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд батлан даалтын сангаар дамжуулан аж, ахуйн нэгжид 5 сая еврогийн баталгаа гаргахаар болсон. Жижиг, дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх шат дараалалтай үнэгүй сургалтууд зохион байгуулахаар шийдээд байна. Бэлэн бус төлбөрийн хэрэглээнд урамшуулал олгох замаар НӨАТ-ын татвараас төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор гэр бүлийн орлого нь жилд 40.000 еврогоос бага айл өрхөд 500 хүртэлх еврогийн кредит олгох болсон. Гарааны бизнес эрхлэгчдийг 50 хувь хүртэлх татвараас чөлөөлөх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд, Италийн Засгийн газраас ковид-19 халдварын цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь түр зогссон компанийн ажилтанг орон тооны цомхотголд орохоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажилчдын цалингийн 80 хүртэлх хувийг төрөөс дэмжиж байна. Засгийн газраас  зарласан онц байдлын дэглэмийн хугацаа дуустал 14-өөс доош насны нэгээс доошгүй хүүхэдтэй хувийн хэвшлийн ажилтан ажил олгогчтойгоо тохиролцоогүй ч гэрээсээ ажиллах бүрэн эрхтэй. Хувийн аж, ахуйн нэгжийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаанд түтгэлзүүлж, эргүүлэн уян хатан байдлаар төлөх хугацааг тохирно. Ажил олгогчид хугацаатай хөдөлмөрийн гэрээ дууссан ажилтантай үргэлжлүүлэн гэрээгээ сунгах ёстой. Түүнчлэн хувийн болон хамтын хөдөлмөрийн гэрээг бизнесийн үндэслэлтэй шалтгаанаар цуцлахыг хориглосон. 

-Италид байгаа монголчуудаас тусламж хүссэн, хандсан хүн бий юу?

-Байлгүй яах вэ. Монгол Улс Италид байсан 68 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авсан. Бүх ажил ЭСЯ-аар дамжсан. Бид ГХЯ, Улсын онцгой комисстой ярьж, чиглэл авсны үндсэн дээр иргэдээ явуулсан. Эхний үед гадаадад суугаа иргэдээ явуулахдаа таван үндсэн шалтгаанаар дараалуулж байсан. Тэдгээр шалтгаан сүүлдээ улам нарийссан. Бүх хоолны газар, баар, ресторан хаасан. Сургуулиуд хаагдаад, цахимаар хичээллээд эхлэхээр дотуур байранд амьдрах аргагүй, амьжиргааны нөхцөл хүндрээд ирсэн. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас зардал мөнгийг нь хариуцаад Европоос нэлээн олон монгол иргэнийг Монгол руу тусгай үүргийн онгоцоор явуулахад тусалсан. Бид бас хөөцөлдөж байгаад тэр шугамаар нэг иргэнээ явуулсан. Одоо харин зарим нь буцаж ирье  гэсэн саналаа гаргаж эхэлсэн. Дөрөвдүгээр сараас нислэгүүд сэргэж байна. Тэгэхээр иргэд ЭСЯ-аар дамждаг байсан бол авиа компанитайгаа шууд харилцаад явах боломж бүрдлээ. ЭСЯ-ны хувьд энд байгаа иргэддээ УОК-оос өгч байгаа шаардлагатай бүх мэдээлэл, очоод хөл хорионд орно гэх мэт заавар зөвлөмжийг хүргэдэг. 2020 оны дөрөв, тавдугаар сард байдал маш хүнд байлаа. Дэлхий дээр Хятадад гараад дараа нь Италид дэгдсэн. Ялангуяа Миланыг тойрсон Ломбарди, Легурия гээд хоёр гол мужид байдал маш хүнд болоод ирүүт Италид байгаа 200 гаруй иргэдтэйгээ ЭСЯ-ныхан нэг бүрчлэн утсаар холбогдож, шаардлагатай зөвлөмжийг өгсөн. Үүний үр дүнд ковид туссан монгол иргэн бараг байхгүй. Бараг байхгүй гэдэг нь нэг тохиолдол гарсан юм шиг байгаа юм. Тэр хүн хөнгөн тусаад Монгол руу явна гээд Италиас явсан, гэхдээ өөр оронд очсон сураг байсан. Бидэнд албан ёсоор хэлээгүй. Хилийн чанадад удаан амьдарсан манай иргэдэд хэдийгээр визийн зөрчил байхгүй ч гэсэн Европын холбоо руу ахиж орж ирэхгүй болчих вий гэсэн болгоомжлол байдаг. Тийм учраас юухан хээхэн хийгээд Европын улсуудад амьдраад байгаа. Бас “би Германаар явмааргүй байна, зөвхөн Сөүлээр, транзит нислэгт орж Монгол буцмаар байна” гэсэн хүсэлт ч ирдэг. Тэр бүрд ЭСЯ-наас ноот бичиг хийж өгөөд өөр газраар явуулангуут Сөүлээс цаашаа ойр хавийн Зүүн өмнөд Азийн орнууд руу очоод, тэндээ түр амьдраад Монгол руугаа буцаж байгаа ганц нэг тохиолдол гарсан. Албан ёсоор хэлээгүй.

-Танай ЭСЯ удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хэр хангаж байна?

-Энэ жил тавдугаар сарын 30, 31-нд гадаадад байгаа монголчуудынхаа саналыг авахаар товлосон. Манай ЭСЯ дээр сонгуулийн хэсэг байгуулагдана. Бид бэлтгэлээ хангаад л байна. Саналаа өгөхийг уриалж, иргэд рүүгээ хандаад л байж байна. 2017 онд Италид 220-оод монгол хүн байсан. “Сонгуулиа өгөөрэй” гэтэл “орно орно” гэж байгаад яг бүртгээд эхэлсэн чинь цөөрсөөр цөөрсөөр 20 гаруй иргэн ЭСЯ дээр ирж саналаа өгсөн. Хэдий ирж, саналаа өгөх хүсэл байсан ч өөр хотод байгаа хүнд хэцүү л дээ. Өнөөгийнх шиг ковидтой үед бүр амаргүй л байх.

-Та өмнө нь Их Британи, Австрали, АНУ, Индонезэд дипломат алба хашиж байсан. Таны Италид алба хашиж байгаа цаг үе  тун амаргүй нөхцөлд өнгөрч байна. Хүн төрөлхтний түүхэнд сорилт тулгарсан энэ он жилүүдэд Элчин сайд таны хувьд Итали, Монголын харилцааг хөгжүүлэхийн тулд юуг хийх бодолтой байна. Хэрэгжүүлээд эхэлсэн ажлууд байвал танилцуулахгүй юу?

-Ер нь Элчин сайд бидний үүрэг бол хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах. Анх ирэхээсээ л миний идэвхийлэн хөөцөлдөж байгаа нэг ажил бий. Бид хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ, ялангуяа малын арьс, ширээ гадагшаа экспортолж чадахгүй байгаагаас үнэгүйдэж, хаягдаж байгаа. Монголд жилд 10- 12 сая арьс, шир гардаг, тэрийг бүрэн боловсруулж чаддаггүй. Шевроны, Булигаарын гээд ажиллаж байгаа хэдхэн үйлдвэрийн маань хүчин чадал маш бага байна. Анх 2016 онд намайг ирсний дараахан “Эмээлт”-эд арьс шир боловсруулах цогцолбор байгуулах Засгийн газрын чиглэл гарсан юм. Тиймээс би энд ирэх томилолтоо гардахдаа л “Монголдоо Италийн өндөр технологитой боловсруулдаг үйлдвэр байгуулах ёстой юм байна” гэж бодсон. Ирснээсээ хойш энэ талаар багагүй ажиллаж байна. Италийн арьс, ширний том үйлдвэр, компаниудтай уулзаад, жилд хоёр сая орчим арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой байна гээд нэг компанийн хүмүүстэй тохирлоо. Нөгөө хүн Монголд очиж, байдлыг газар дээр нь үзнэ гэсний дагуу 2017 онд нөгөө хүнээ дагуулаад Монголд ирсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой уулзуулсан. “Дэмжинэ дэмжинэ” л гэсэн. Тэгээд “Эмээлт”-эд очсон. Гэтэл тэнд ямар ч дэд бүтэц тавиагүй, газрыг нь ч аваагүй байсан. Нөгөө хүн маань буцаж ирээд “За энэ биш юм аа. Би шал өөрөөр бодож байлаа. Нүдээрээ очиж үзсэн нь зөв боллоо. Хүлээе” гэсэн. Одоо “Дарханы арьс ширний цогцолбор”-ын асуудал яригдаж байгаа. Жилд 10 сая арьс, шир боловсруулах тэр том цогцолборын газар шорооны ажил нь эхэлсэн. 2020 онд Засгийн газар тэр цогцолборыг төрийн өмчит хувьцаат компани болголоо. Тэгээд би энд Италийн тоног төхөөрөмжтэй, орчин үеийн, Европын стандартад нийцэх, бүх бүтээгдэхүүнээ гадаадад экспортолдог арьс, шир  боловсруулах үйлдвэр байгуулахаар хэд хэдэн талын хүмүүстэй уулзаад, Техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийлгүүлэх эхлэлийг нь тавьчихаад байна. Итали бол арьс шир боловсруулалтаараа дэлхийд тэргүүлэгч улс. Турк, Энэтхэг, Хятад боловсруулдаг. Гэхдээ гол технологи, тоног төхөөрөмж нь Италийнх. Ямар ч байсан Дарханы арьс, ширний цогцолборын ТЭЗҮ-г энэ оны эхний хагас жилд багтаагаад хийлгэх төлөвлөгөөтэй байна. Монгол, Италийн хооронд Засгийн газар хоорондын зээл тусламж авахад харьцангуй хэцүү. Италийн Гадаад хэргийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд манайхаар нэг агентлаг байдаг. Эднийх Италийн хувийн компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулахаар зээл авахад нь Засгийн газрын баталгаа гаргаж өгдөг. Тэр байгууллагын хүмүүстэй холбогдоод, эндээс нэг компанийг товлочихоод үйлдвэр барих санхүүжилтийн дийлэнхийг гаргуулах урьдчилсан яриа хэлцэл хийгээд явж байгаа. Хэрвээ энэ төсөл бүтвэл, жилдээ 10-12 сая арьс, ширийг Монголдоо боловсруулдаг болно. Шалгаруулаад товлосон компани маань ОХУ-ын Красноярскт арьс шир боловсруулдаг том үйлдвэр байгуулчихсан, туршлагатай том компани. Арьс, ширний боловсруулах үйлдвэр, цогцолбор байгуулна гэдэг хэрийн компанийн хийх ажил биш. Улс орны онцлог, цаг уурын нөхцөл байна. Манайх чинь дийлэнх нь хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Жилдээ 12 сая арьс, ширийг  боловсруулдаг цогцолбор гэдэг дор хаяж 2-3 үйлдвэртэй, 2000- 3000 ажилчинтай байх ёстой болно. Тэдний амьдрах байр сууц гэхээр жижигхэн хэмжээний тосгон босно. Одоо цогцолбор барихаар товлосон газар Дарханаас 100 хүрэхгүй км зайтай. Арьс, шир боловсруулалтаараа Италидаа тэргүүлдэг том хотхон Тоскани мужид байдаг. Санта Кроче гэдэг тэр газар дандаа арьс шир боловсруулдаг жижиг, том, дунд үйлдвэрүүд төвлөрдөг. Бүх үйлдвэр дундаа нэг том цэвэрлэх байгууламжтай юм билээ.  Арьс, шир боловсруулах үйлдвэрийн хамгийн чухал салшгүй хэсэг бол цэвэрлэх байгууламж байдаг. Байгаль орчинд хохирол учруулдаггүй, орчин үеийн технологи дээр суурилсан цэвэрлэх байгууламж, боловсруулах үйлдвэр байна гэсэн үг. Тиймээс бид Дарханы арьс, ширний цогцолборт дээд тал нь 20 сая орчим арьс, шир боловсруулах, ноос, ноолуур угааж цэвэрлэх, малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг дунд оврын үйлдвэрүүд төвлөрөх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж бариулах чиглэл барьж байна. Хэрвээ энэ санхүүжилт бүтвэл дагаад Италийн дээд зэргийн тоног төхөөрөмж, ноу-хау орж ирнэ. Намайг 2016 онд ирэхэд хоёр орны худалдааны эргэлт 70-80 сая ам.доллар байсан. 2019 он гэхэд 120 сая хүрсэн. Хэдий импорт нь давамгайлж байгаа ч маш сайн нэмэгдсэн. 2020 онд ковидоос болоод бүх юм хааснаас 80 сая руу бууж байна. Хэрвээ Италийн хөрөнгө оруулалтаар арьс ширний цогцолбор байгуулчихвал манай хоёр орны эдийн засаг, худалдааны үзүүлэлт эрс өөр болно. Миний хувьд өмнөө тавьсан гол зорилт бол худалдаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах байгаа. Энэ ажил дээр хугацаа ч их орж байна, гэхдээ ахиц гарч байна.

-“Өглөөний сонин”-ы зочноор уригдсан Монголын “Ханбогд кашмир” компанийн захирал Ч.Ганцэцэг Миланд монгол ноолуурын шоугаа хийх хүсэлтэй гэж ярьж байсан. Италид монгол ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж хэр бол?

-Итали бол нэлээн эртнээс л манай түүхий болон самнасан ноолуурыг авдаг байсан. Хамгийн анх 1980-аад онд Италийн Лаура Биажето гээд загвар зохион бүтээгч Монголоос авсан ноолуураараа бүтээгдэхүүн хийгээд, Нью-Йоркийн зах зээл дээр танилцуулж, “Кашемирийн хатан хаан” нэр авч байсан юм билээ. Тэр компани одоо ч гэсэн ноолууран бүтээгдэхүүн хийдэг. Гэхдээ ганц Монголоос биш Өвөрмонголоос оруулдаг юм шиг байгаа юм. Дараа нь “Лора Пиано”  гээд дэлхийн том брэнд манай ноолуурыг оруулдаг болсон. Хэдийгээр Францад зарагдсан ч гэсэн эдний ноолууран бүтээгдэхүүн хийдэг гол үйлдвэрүүд Италид байдаг. Манай ноолуур эднийд утас болж ирдэг. “Лора Пиано” Монголд жижигхэн үйлдвэртэй. Тэндээ ноолуур угаагаад, самнаад наашаа гаргадаг. Энд “Брунелла Гучинели” гээд ноолуурын маш том брэнд компани бий. Италид их алдартай. 2017 онд ирснийхээ дараахан би Брунелла Гучинелитэй холбогдож, “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай уулзуулсан. Тэднийх Ромоос 100 гаруй км зайтай. Уулын орой дээр байдаг бүтэн цайзыг худалдаж аваад үйлдвэр болгоод, тэндээ дэлгүүр, жижиг номын сан, театртай. Өөрийн жижигхэн сургуультай. Тэр үед тэдэнтэй “бид танай ноолуурын чиглэлээр 10-аад хүн сургаж өгье. Сургууль дээрээ 21 хоногийн сургалтад суулгаад, үйлдвэр дээрээ дадлага хийлгэе” гэж тохирсон. Би чинь бөөн баяр, ХХААЯ-тай ярьсан чинь “Говь” компани хүнээ явуулъя” гэсэн хариу өгч байна. Тэгэхээр нь би “Монголын кашемир ноолуур дээр ажилладаг компани бүрээс нэг нэг хүнийг авъя” гэсэн саналаа хэлсэн. Монголоос сургалтад суух хүмүүсийн анкет ирсэн чинь бүгд ноолуурын үйлдвэрлэлтэй хамаагүй хүмүүс байсан. Түүнийг хараад миний урам их хугарсан. ХХАА-н сайдыг ирэхэд нь “Би ингээд хөөцөлдөөд явж байгаа. Газрын дарга нараас ирж байгаа нэрс чинь ерөөсөө тэнцэхгүй байна шүү” гэсэн. Тэгээд яам ч таг болсон. Уг нь энэ боломжийг ашиглаж чадсан бол бидэнд их хэрэгтэй байлаа. Миланд загварын шоу хийх талаар “Ханбогд кашемир”-ийнхэн манайд хүсэлтээ ирүүлсэн л дээ. Одоо Италид хөл хориотой байгаа учраас том шоунууд бүгд зогссон. Италид ноолуураар бүтээгдэхүүн хийдэг олон жижиг үйлдвэр бий. Тэр ямар нэг хэмжээгээр манай ноолуурыг авдаг. Статистик үзүүлэлт, хил гаалийн мэдээ үзэхээр Итали руу Монголоос орж ирж байгаа ноолуурын хэмжээ бага байгаа. Голдуу Хятадаас орж ирдэг. Монгол ноолуурыг Өвөрмонголын ноолууртай холиод орж ирүүлж байх шиг байна. “Нирун” гэх мэт хоёр гурван компани ЭСЯ-аараа дамжуулаад Италид бүтээгдэхүүнээ гаргамаар байна гэсэн саналаа тавьсан.  Италид монгол ноолууран бүтээгдэхүүн экспортолъё гэвэл дизайн гологдоно, чанар ч бас яригдана. Эндэхийн зах зээл дээр үнэтэй зарагдаж байгаа ноолуурууд өөрийнх нь юмуу Шотландаас орж ирж байна. Чанар ч шал өөр байна.

-Таны сэтгэл зовж явдаг асуудал олон байна шүү?

-Олон олон. Австралид Элчин сайд байхдаа монгол хонины ноосоо экспортлох боломжуудыг судалж, нэлээн  ажиллаж байлаа. Манайх чинь 20 гаруй сая хоньтой улс. Сайхан ноос гаргавал гаргана шүү дээ. Бас мах байна. Дэлхийд австрали, шинэ зеланд хонины мах алдартай. Амтын хувьд ярих юм бол манай монгол хонины мах арай илүү. Итали Шинэ Зеландаас хонины мах импортолдог. Бидэнд ч бас махаа ингэж гаргах боломж бий. Даанч манайх эрүүл ахуйн талаас Европын стандартад одоогоор нийцэхгүй байна. Манайх махаа гадагш нь гаргая гэвэл Европ авахад бэлэн л байгаа. Түүний тулд малаа эрүүлжүүлэх тал дээрээ ажиллах хэрэгтэй байгаа юм. Тийм ч болохоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын манайд хэрэгжүүлж байгаа төслүүдийг тэр рүү түлхүү чиглүүлж байна л даа.

-Та НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага бол дэлхий дахины хөдөө аж ахуйн салбарын тогтвортой, үр дүнтэй өсөлтийг хангахад чиглэсэн сайн туршлагыг нэвтрүүлэх, бодлогын зөвлөмж, зөвлөгөө өгөх болон тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх замаар өлсгөлөнг зогсоох болон ядуурлыг бууруулах үндсэн зорилгоо хэрэгжүүлдэг НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Манай улсын хувьд НҮБ-ын ХХААБ-ын гишүүнээр 1974 онд гишүүнээр элсэж, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Чөлөөт эдийн засагт шилжих үед бидэнд тулгарсан ган зуд, байгалийн гамшиг, малчдын амьжиргаанд тулгарсан хүндрэлийг даван туулахад тус байгууллагын дэмжлэг, туслалцаа ихээхэн өндөр байсныг онцлох нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын ХХААБ-ын шугамаар орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг олон чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна. Би Байнгын төлөөлөгчөөр томилогдон ажилласнаасаа хойш ялангуяа малын эрүүл мэндийг сайжруулах асуудлаар тус байгууллагатай түлхүү ажиллаж байгаагийн зэрэгцээ мал аж ахуй эрхлэгч орнуудын түншлэл “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т нэгдэн, тус олон талт түншлэлийн VIII уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил” зарлах санаачлагыг дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын ХХААБ-ын гишүүн орнуудын дэмжлэгийг авч, амжилттай үргэлжлүүлэн ажиллаж байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хувьд орон нутгийн иргэдэд хөрөнгө оруулалт хийх, чадавхжуулах замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулж тэдний орлогыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой төрөлжсөн агентлаг юм. Тус байгууллагын шугамаар орон нутгийн орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх зорилготой төсөл зургаан аймагт амжилттай хэрэгжиж байна.

-Та 2019 онд Ватиканы нууц архиваас Их хаад болон Ил хаадын Ромын Паптай солилцсон захидлыг олж авчирсан. Энэ ажлыг бүтээхэд амаргүй байсан биз?

-Элчин сайд хүний хувьд хоёр орны соёл, боловсролын харилцаа бол анхаарлын төвд байдаг асуудал. Ватиканы нууц архивт хадгалагдаж байсан Ил хаадын үеийн найман захидлыг хоёр жил хөөцөлдөж, Монголдоо аваачсан. Энэ ажил цэвэр хүмүүс хоорондын нөхөрлөл, харилцаан дээр бүтсэн. Би Ватиканаас Итали улсад сууж байгаа Элчин сайдтай гайгүй дотно нөхөрлөсөн юм. Тэгээд нэг удаа уулзахдаа “Танай Ватиканы нууц архивт манайхтай холбоотой баримт цөөнгүй байх ёстой гэж бодож байна гэж хэлсэн. “Байгаа байх аа. Би судлаад хариу хэлье” гэсэн. Ватиканы нууц архивт байдаг Ил хаадынхаа захидлыг нүдээрээ үзэх гайхалтай хувь надад тохиосонд их баярлаж, бэлгэшээж явдаг. Зарим захидал нь 90 гаруй см урт, дээрээ хаадын тамганы дардастай, цаасыг нь ямааны арьсаар хийсэн юм байна лээ. Энэ захидлуудын эх хуулбарыг авъя гэтэл 8000 евро болсон. Эх хуулбар гэдэг бол яг эхтэйгээ адилхан үйлддэг. “Зөвхөн Гадаад харилцааны яамны архивт ашиглана” гэсэн нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, зохиогчийн эрхтэй нь өгч байгаа юм. Манай төсөвт, Элчин сайдын төсөвт ийм мөнгө байхгүй шүү дээ. Гадаад харилцааны  яамандаа бичлээ. Тэгээд байж байтал Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт Ромд албан ажлаар ирдэг юм байна. Түүнтэй ярьж хөөрч байхдаа энэ тухай хэллээ. “Ийм сайхан түүхийн дурсгал байна. Төсөв гаргуулж болох уу?” гээд. С.Наранцогт дарга энийг маш сайхан ойлгосон доо. “Ийм гайхалтай сайхан өвийг улсдаа авалгүй яах вэ. Би шийдэж өгнө өө” гээд, Монголдоо буцаад хэдхэн хоногийн дараа шийдэж өгсөн. Төсөв хүнд байгааг би ойлгож л байна. Гэхдээ түүх соёл бол юунаас ч үнэтэй. Энэ ажлаа би хоёр орны соёлын салбарт хийсэн нэг чухал арга хэмжээ гэж үздэг юм.

-Чингис хааны музейн үзмэрийг бүрдүүлэх талаар гадаад улсуудад суугаа Элчин сайдуудад үүрэг өгсөн гэж сонссон. Та тэгвэл даалгавраа биелүүлчихсэн юм байна шүү дээ?

-Ерөнхий сайдын захирамж гараад, Чингис хааны музейд тавих Монголоос гадаадад гараад явчихсан соёлын үнэт өв, дурсгалуудыг олох үүргийг дэлхийн улс орнуудад байгаа Элчин сайдуудад өгсөн. Энэ дагуу Италиас юу авах вэ гээд судлахаар ганцхан л юм байгаа юм. Монголд очиж, Хубилай хааны дэргэд олон жил байсан Марко Поло гээд итали аялагч бий дээ. Марко Поло бол уг нь Венецийн хүн. Азиар аялж, буцаж ирээд Италийн баруун урд талын эрэг дээр байдаг Женова гэдэг том боомт хотын шоронд орсон байгаа юм. Шоронд байхдаа ярьсан зүйлийг нь хажууд нь байсан франц хүн тэмдэглээд, ном гаргасан нь “Марко Пологийн тэмдэглэл”. Тэр тэмдэглэлийн эх хуулбар нь  Флоренц хотын их сургуулийн номын санд байгаа. Жинхэнэ эх нь Францын үндэсний түүхийн музейд байна. Тэгээд би “Италид байгаа Марко Пологийн тэмдэглэл бол үндсэн эх нь биш, эхээс хийсэн хуулбар байна. Жинхэнэ эх нь Францад байна. Хэрвээ үүрэг өгвөл манай ЭСЯ-ныхан хөөцөлдөөд авч болно. Гэхдээ Францад байгаа ЭСЯ-аар дамжуулж авсан ч боломжтой юм байна” гэж бичсэн.

-Дуурийн эх орон Италид монгол дуучин дуулж байгаа гайхалтай цаг үед та Элчин сайдаар ажиллаж байна. Та гавьяат жүжигчин Э.Амартүвшингийн тоглолтыг үзсэн үү?

-Үзэлгүй яах вэ. Э.Амартүвшин гавьяатыг Веронагийн задгай театрт тоглоход зорьж очиж үзээд баяр хүргэж байсан. Тэрнээс хойш сайхан танил болсон. 2020 оны эхээр Миланы Ла-Скалад дуулахад нь бас очиж үзсэн.  Манай Э.Амартүвшин Италийн хамгийн шилдэг, том театруудад нэлээн дуулсан. Мэдэхгүй хүн байхгүй. Ганцхан Ромын театрт л дуулаагүй байгаа. “Хоёулаа энд л дуулна шүү” гэж Э.Амартүвшиндээ хэлж байлаа. Италид байдаг Хятад, Энэтхэг, Индонези, Япон зэрэг том улсуудын ЭСЯ-д үндэснийхээ нэртэй урлагийнхнаа авчирч  тоглолт хийдэг юм. Тоглолтын эхний өдөр Ромд байгаа бүх улсын Элчин сайдуудыг урьж үзүүлнэ. Би ч бас монгол хүнийхээ хувьд цагаан атаархалтай, Э.Амартүвшингээ дуулуулаад Элчин сайдуудыг урьж сайхан арга хэмжээ хийнэ гэж бодож байсан. Уг нь биелэх нэлээн дөхсөн. Гэвч Ковид гараад Э.Амартүвшин гавьяат маань Герман руу явсан. Одоо Монголдоо оччихсон байгаа байх. Өөр дуучдаас гэвэл Ч.Бадрал дуучинг ирэхэд виза зэрэг асуудалд нь хувийнхаа зүгээс ч, ЭСЯ-ны зүгээс тусалсан. Гэвч цар тахал гараад санаснаар болсонгүй, Ч.Бадрал маань буцсан. Уг нь би 2018, 2019 онд Ж.Вердийн “Атилла” дуурийг монгол, итали дуучдаар Монголдоо тоглуулах гээд нэлээн хөөцөлдсөн юм.  “Атилла”-г Монголын тайзан дээр нэг хоёр удаа тоглосон юм билээ. Нэлээн хөөцөлдсөний эцэст эндэхийн нэг дуурийн театр бүх зардлаа дааж очихоор тохирсон. Нэлээн нааштай явж байсан, боломж ч байсан. Гэвч манай талаас хөдөлж өгөөгүй. Чухам ямар шалтгаантайг мэдээгүй.

-Таныг байх хугацаанд Италид суралцах оюутан залуус хэр нэмэгдсэн бэ?

-Италийн улсын их дээд сургуулиуд иргэддээ үнэгүй байдаг. Зөвхөн жилд 1000 гаруй еврогийн татвар л төлдөг. Хувийн сургуулиудын төлбөр бол өндөр. Италид байгаа манай оюутнууд голдуу англи хэлтэй их дээд сургуулиудад сурдаг. Яг итали хэл дээр сургалтаа явуулдаг сургуульд сурна гэхээр манай бүрэн дунд боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөггүй учраас болдоггүй. Тиймээс Элчин сайд болсноосоо хойш  энэ чиглэлээр хөөцөлдөж, хоёр жил яриад явж байгаа. Үндсэндээ зарчмын хувьд зөвшөөрсөн. Хэрвээ энэ албан ёсоор батлагдвал манай оюутнууд их, дээд сургуулийн нэгдүгээр курсээ төгсөөд энд сурахаар ирэхэд Монголд судалсан кредитийг нь тооцдог  болно. Тэгвэл Итали сургалтын төлбөр харьцангуй бага учраас энд сурах монголчуудын тоо нэмэгдэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ