04 сарын 18, Пүрэв

30 мянган хонь, 30 мянган метр даавуу

Нийгэм
2 жилийн өмнө
30 мянган хонь, 30 мянган метр даавуу
30 мянган хонь, 30 мянган метр даавуу
/Монголын олон зуун үйлдвэрлэгчийн сэтгэлийн үгийн нэгээхэн хэсгээс/
Бизнес бол хөрвөх чадвар
2020 оны 4 сард хөл хорио тогтоож хил хаалаа. Цагаан сар ч хийхээ болив. Хувцас оёх ямар ч утга учиргүй болов. Гэвч үйлдвэрлэл зогсож болохгүй, ямар нэг юм хийх хэрэгтэй. Биднээс шууд хамаарч хоолоо залгуулдаг 100 гаруй хүнийг зүгээр л хаячихаж болдоггүй. Ямар нэг юм хийх л хэрэгтэй. Багш маань хэлж байсан юм, “Ямар ч нөхцөлд тохирч, хөрвөж чаддаг хүнийг л жинхэнэ бизнесмэн гээд байгаа юм шүү дээ” гэж. Бодлоо, “Би юм оёдог хүн, тэгвэл одоо юу юу оёх вэ...” гэж. Яг тухайн нөхцөлд дэлхийд хамгийн хэрэгтэй зүйл хамгаалалтын цагаан хувцас байв. Судалж үзлээ, сөдөн куртканы технологиор хийгддэг юм байна. Тэр технологийг нь мөнөөх Чингис бондын мөнгөөр аль хэдийн бид Монголдоо нутагшуулчихсан байсан. 2009 оноос сөдөн куртка Монголдоо үйлдвэрлээд 2013 онд тоног төхөөрөмжөө шинэчлээд тавьчихсан байлаа. Хамгаалалтын цагаан хувцсыг өлхөн хийчихээр байв. Эхний симпл материалаа аваад хийж үзлээ, маш боломжийн болов. Дээжээ УОК-д бэлэглэхээс гадна симпл загваруудаа Польш руу явууллаа.
Монголд тухайн үед ковидыг дотроо алдаагүй байсан учраас хэрэгцээ байсангүй. Харин АНУ, Европ, Англи...дэлхийн олон оронд ковид маш хүчтэй тархаж, жинхэнэ аюул болж байлаа. Хамгаалалтын хувцасны үнэ өдөр өдрөөр өсөж нэг нь 25 доллар хүрлээ. Хийсэн хувцаснуудаа гадагшаа явуулчихаад өдөр бүр дэлхийн мэдээ сонсох бүр “Энэ хувцсыг заавал хийх хэрэгтэй юм байна, ямар ч байсан түүхий эдээ худалдаад авчихъя” гэж шийдсэн. Дэлхийд 25 доллар хүрч байгаа хувцсыг бид тооцоо хийж үзэхэд 9000 төгрөг буюу 4 доллар хүрэхгүй өртгөөр хийхээр байв. Хувцасны үнэ өсөөд л байсан. Энэ бол үйлдвэрлэгчийн хувьд маш том боломж байв.
Зориглохоор шийдэв. Юун төлөө энэ олон жил даавуу, материал үйлдвэрлэдэг хүмүүстэй холбоотой ажиллаж тэдний найдвартай түнш болсон билээ дээ. Сөдөн куртканы nonwoven буюу нэхээсгүй материалыг даавуу байнга худалдан авдаг даавууны наймаачин хятад авгайдаа захилаа. Хэн ч тоодоггүй, хамгийн хямд nonwoven материалын эрэлт хэрэгцээ өдөр хоногоор өсөж хоромхон зуур хамгийн үнэтэй материал болон хувирах нь тэр. Хэдийгээр энэ материалын үнэ өдрөөс өдөрт хэд дахин өсөж байгаа ч олон жилийн хамтрагч түншдээ нэг чингэлэг нонвүүвэн материал анхны үнээр хадгалахыг хятад авгай зөвшөөрлөө. Харин мөнгөө маш яаралтай шилжүүлээрэй гэв. 280 сая төгрөг яаралтай шилжүүлэх хэрэгтэй болов.
Мөрөөдөл замхрав
Ингээд мөнгө хайх ажилд шунган орлоо. Тордайн Ганболд, Ж.Энхбаяр... мөнгөтэй хөрөнгөтэй гэсэн бүхэн рүү утастаж, уулзаж, мсж бичиж нэгбүрчлэн тайлбарлаж явав. Бүтэл муутай л байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гар утас руу хүртэл “Энэ ганц миний боломж биш, Монголын боломж. Туслаач, надад хүүтэй мөнгө зээлээч” гэж мессэж бичлээ. Нэхэмжлэхээ хүртэл явуулж, “Манай үйлдвэр үүнийг ашиг нэмэхгүйгээр үйлдвэрлэх ч боломж байна...” гэж бичлээ. Хариу байдаггүй. Хэвлэлийн албаны Ганзориг руу, УОК-ийн дарга Ө.Энхтүвшин даргын туслах ч бил үү, зөвлөх ч бил үү нэг хүний утас олоод бас л уртаас урт мессэж бичлээ. Алинаас нь ч хариу ирсэнгүй. Мэдээж надад банкны зээл олдохгүй. Сүүлдээ таарсан хэнд ч хамаагүй ярьж тусламж хүслээ. “Босоо хөх Монгол”-ын П.Шинжээравдан маань харин “Маяа, яаж ийгээд мөнгө босгоё!” гээд нэг хүнтэй уулзуулсан. Тэр хүн нь “Хийх нь чухал шүү дээ. Тиймээс хүүтэй ч хамаагүй мөнгө олъё” гэв. Хөлсөө гоожуулж ийш тийш гүйсээр байтал долоо хоног өнгөрөх нь тэр. Тэгж байтал нөгөө даавууны эмэгтэй яриад “За Маяа уучлаарай, би чамайг бүтэн долоо хоног хүлээлээ. Материалын үнэ ч хэд дахин өсчихлөө. Одоо чамд тохирсон үнээрээ өгөх боломжгүй боллоо. Чамд мөнгө байхгүй байх шиг байна...” гэлээ. Ийм их эрэлттэй материалыг бүтэн долоо хоног хямд үнэтэй зарахаар дарна гэдэг юу болохыг мэдэхийн хувьд “Бүтэн долоо хоног хүлээсэн Танд их баярлалаа” гээд урамгүйхэн утсаа тавилаа. Одоо яая гэхэв, хувь заяатайгаа эвлэрэхээс аргагүй.
Уг нь бид үүнийг мөнгө хийхээс илүү том боломж гэж харж байлаа. Хөнгөн үйлдвэрийн салбар улс оронд ямар чухал вэ гэдгийг харуулах сайхан боломж гэж нөхөр бид хоёр харж үүнд шунаж байсан юм. Хувцас оёод асар их мөнгө хийж ашиг олж баяждаггүй юм, үүгээр зөвхөн хүмүүсийг ажилтай, хоолтой, хувцастай байлгадаг улс орны хамгийн чухал салбар гэдгийг харуулахыг хүссэн юм. 280 саяын материал маш олон хүнийг цар тахлын хямралын үед ажил, орлогоор таслахгүй байх байлаа. Контейнер Монголд буухаас эхлээд түүнийг ачих хүмүүс, зөөх портер, арав арваар кластер болсон оёдлын жижиг цехүүд, шошгоны үйлдвэр, утас, резин зардаг наймаачид, бэлэн болсон хувцсыг индүүдэх, савлах цагийн ажилчид... маш олон хүнд өгөөжөө өгдөг, маш чухал салбар гэдгийг биеэр үзүүлье гэж зорьсон юм. Дайны үед оёдолчид цэргийнхээ хувцсыг оёдог бол цар тахлын дайнд бид урд эгнээнд байж хамгаалалтын хувцсаа оёно гэж мөрөөдсөн.
30 мянган хонь-30 мянган метр даавуу
Гэтэл яг энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчиллаа. Дэлхий бүгд Хятадаас нүүр буруулж байхад манай Ерөнхийлөгч маскгүй гар барин золголоо. Монголчууд бид өнөөх л шүүмжлэлт сэтгэхүйгээрээ “Ковидтой үед яах гэж яваад байгаа юм, хэнд хэрэгтэй юм, худлаа шоудлаа, өвчин чирч ирэх гэлээ...” гэж шүлсээ үсчүүлж байсан нь цөөнгүй. 30 мянган хонь бэлэглэсэн. 30 мянган хонь монголчуудад нэг их юм биш. Би ч нэг их тоосонгүй. Гэтэл энэ айлчлалын дараахан гэнэт Хятадаас утсанд дуудлага ирж байна. Нөгөө даавууны наймаачин эмэгтэй маань орчуулагчаар дамжуулаад бүр сэтгэл нь хөдөлчихсөн ярьж байна аа, гэсэн. Зүгээр л нэг даавууны наймаачин шүү дээ! Би бүр итгэж ядлаа. Ингэхэд л би Ерөнхийлөгчийн айлчлал чухам ямар утга учиртай болохыг би сая ухаарч ойлгосон доо.
EXCLUSIVE дэлхийд бэлэн!
Ингээд 30 мянган метр даавуу маань ирлээ. Хамгаалалтын цагаан хувцсаа үйлдвэрлэж эхлэв. Үйлдвэр даяараа бөөн баяр болж зургаа авахуулж “Гадаадад хийдэг юмыг Монголдоо хийчихлээ” гэж пост хийгээд л бөөн лайк шэйр. Гэтэл худалдаж авдаг газар байдаггүй. Авах нь УОК, ЭМЯ, БХЯ зэрэг төрийн албад. Дэлгүүр дээр тавина гэж байхгүй, тавьсан ч хүн авахгүй. Дамжлагаар массын үйлдвэрлэл явж байгаа учир бэлэн бүтээгдэхүүн өдрөөс өдөрт нэмэгдсээр. Сүүлдээ үйлдвэрээр орохоос айдаг болов. Бөөн цагаан юманд дунд л оёдлын машин тачигнаж, савлаж, зогсоо зайгүй ажиллах ажилчдаа харахаар тэнд тогтож суухын аргагүй. Эхний хийснийг нь зарж борлуулж байж ажлын хөлсөө өгч дараагийн үйлдвэрлэлд орох хэрэгтэй. Гэтэл нэг ч зарагдаагүй, үйлдвэрлээд л үйлдвэрлээд л байдаг...
Талийгаач нөхөр маань бухимдаж, “Чи дахиад юу хийчихэв ээ, юу хийлгэчихэв дээ...” гээд байдаг. Айж балмагдаж, сандарч мэгдэн, бүр цөхрөөд ганцаараа уйлж ч байлаа. Гэтэл нэг өдөр УИХ-ын гишүүн байсан найз Г.Уянга маань залгаад “Хамгаалалтын хувцас Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн найздаа баяр хүргэе! Нөхөр бид хоёр анхны номынхоо орлогоос хоёр найзынхаа хийсэн хувцаснаас нэг сая төгрөгөнд авч УОК-т хандивлая” гэлээ. Сэтгэл хямралтай хүнд үед гэгээ татуулж найз Уянгаа маань ярьсанд би маш их баярласан. Харин ичгүүртэй нь, тэр үед санхүү маш хүнд байсан тул Уянгаагаа ярьснаас хойш цагийн дараа буцааж залгаад “Найз аа, сая төгрөгөө одоо найз руугаа шилжүүлчихэж болох уу?” гэж хэлсэндээ би маш их ичиж билээ. Тэгээд
Түүнээс хойш нэг их удалгүй 26...-аар эхэлсэн утаснаас залгав. “Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна, Түвшин байна. гэсэн. Тэгээд дороо нэг машин ирээд аваад явсан. Бид туузтай, туузгүй хоёрыг хийснээ өгөөд явуулсан. Өгч явуулангуутаа Баясаа руугаа ярьж бөөн баяр хөөртэйгээр болсон явдлыг хэлсэн. Манай хүн ч “Хөөх, тийм үү...?!” гээд бүр итгэж ядаж байлаа.
Ерөнхийлөгч авах авахгүйг нь мэдэхгүй, ямар ч байсан ирээд сонирхоод үзэж байна гэдэг чинь л маш их урам өгч байгаа байхгүй юу. Энэ бүхэн баасан гарагт болсон. Маргааш нь бямба гараг байсан. Дэлгүүр дээрээ байж байтал ажил тарахаас өмнө дахиад нөгөө утаснаас Түвшин гэдэг хүн яриад “Дарга хэдэн ширхэг байгаа юм гэж асууж байна” гэв. 5000 ширхэг гэж хариултал үнийг нь ч асуулгүй “Ерөнхийлөгч бүгдийг нь авъя гэж байна” гэсэн. Би бүр балмагдаж орхиод “Аан за...” гэхээс өөр юм хэлж чадаагүй. Тэгээд утсаа тавиад яахаа мэдэхгүй хэсэг байж байснаа өөрийн эрхгүй л уйлчихсан. Худалдагч охин маань бүр гайхаад “Яасан бэ Маяа эгчээ...” гээд сандраад байв. Бодвол муу л юм төсөөлсөн байж таарна. Би эхэр татан байж “Авъя гэнээ...” гэж хариулсан. “Юуг тэр вэ?” “Цагаан хувцсыг бүгдийг нь авъя гэнээ” гэсэн. Худалдагч маань ч бүр баярлаж орхисон. Арайхийн тайвшраад, энэ баярт мэдээг нөхөртөө яаж дуулгах талаар бодлоо. Баясаа руугаа ярилаа. Хэлэх гэхээр баяр хүрээд хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байсан.
-Хөөш...., Ерөнхийлөгч бүгдийг нь авъя гэнээ... гэсэн чинь манай хүн
-Ааан... ааан...? Үнэн үү...?! гээд бас юу хэлэхээ мэдэхээ байчихсан.
-Бүгдийг нь авъя гэнээ... гэж дахин хэлсэн. Манай хүн бас үүнийг сонсоод даралт нь ихэсчихсэн байсан. Даралтныхаа эмийг уугаад тайвширсныхаа дараа үйлдвэр даяараа “Ерөнхийлөгч манай хувцсыг бүгдийг авъя гэсэн гэнээ” гэж зарласан байсан. Тэгсэн чинь үйлдвэр даяараа баярлаад, бүр тэврэлдэж уйлцгаагаад... хөлгүй л юм болцгоосон байсан. Тэгж тэгж нэг ухаан орцгоогоод манай хүн дахин утастаж “Ингэхэд чи хэдэн төгрөг гэж хэлсэн бэ?” гэж асуухад нь л сая үнэ хөлс яриагүйг санасан. Тэр хувцас зуун хорин хэдэн сая төгрөг болсон. Түүгээр 30 мянган метр материалынхаа үнийг төлсөн, бас халдварын А бүсэд ажилладаг хүмүүст зориулсан цэнхэр туузтай хувцас хийхэд шаардлагатай тусгай төхөөрөмж зэрэг хэрэгтэй тоног төхөөрөмжүүдээ шууд худалдаж авсан. Хожим л Ерөнхийлөгч хувийнхаа хөрөнгөөр бидний үйлдвэрлэсэн хувцсыг худалдаж авсныг мэдсэн. Тэр мөнгийг дэлхийн зах зээл дээр хамгаалалтын хувцас хийхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмжид зориулсан. Ингээд манай үйлдвэр дэлхийн зах зээлд хамгаалалтын хувцас гаргахад бэлэн болсон доо.
Ингээд бид ямар ч байсан УОК ЭМЯ-нд найдах хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон, мэдэрсэн. Гэсэн ч бид хийнэ, хийгээд гадагшаа гаргана гэж бэлдсэн. Бид Ерөнхийлөгчийнхөө дэмжлэгээр бүх бэлтгэлээ хангачихсан учраас.
Уучлаарай, Маяа!
Гэтэл Ерөнхийлөгчийн оролцоо үүгээр дуусаагүй байсан юм. АНУ руу 10 мянган ширхэг хамгаалалтын хувцас гаргав. БНХАУ-ын “Зунхуа” нийгэмлэг Монголд тусламж үзүүлэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга танай хувцсыг худалдаж авсан” гэж манай хувцсыг сонгож аваад УОК-д хандивлав. Дэлхийн үйлдвэрлэгч Хятад өөрсдийнхөө хийсэн хувцсыг хандивлаж болноо доо, гэтэл тэгээгүй манайхаас худалдаж авсан. Үүгээр ч бас зогсоогүй, Польш нэг жилийн гэрээ санал болгов, ОХУ-ын БХЯ 7 сая ширхэг хамгаалалтын хувцасны тендерт орохыг зөвшөөрөв. Тэдний манай үйлдвэртэй гэрээ хийсэн шалтгаан, баталгаа нь гагцхүү Ерөнхийлөгчийн худалдан авалт л байлаа. Хэрэв энэ үлгэр энэ хэвээр үргэлжилсэн бол зөвхөн EXCLUSIVE төдийгүй маш олон үйлдвэрт экспортын хаалга нээгдэж, хөнгөн үйлдвэр-оёдлын үйлдвэрүүд хөл дээрээ босох томоохон үүд хаалга нээгдэх байлаа. Польшууд:
-Маяа, бид танайхтай гэрээ хийхээр шийдсэн. Бидэнд долоо хоног тутам 200 мянган ширхэг хэрэгтэй, танай үйлдвэр хэдийг нь нийлүүлж чадахаа гаргаж өгөөрэй. Гагцхүү европ стандарттай дүйцэхүйц стандартаа наашаа явуулаарай, тэгээд л болчихно гэв. Тэр стандарт гээч нь манайд байсангүй. Түүнийг нь хөөцөлдөж явтал эхлээд экспортын тусгай зөвшөөрөл байснаа сүүлдээ эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл болж хувираад Маяа бүсгүй өөрийгөө оёдолчин бил үү, эмнэлгийн ажилтан бил үү гэдгээ ялгахаа байж эхлэв. Маяа өөрөө төрийн яам, тамгын газраар хөөцөлдөж гүйсээр хагас жилийн дараа өнөөх стандартыг нь арайхийн батлуулаад польшууд руу холбогдов. Тэд:
-Гайхалтай Маяа! Чи яаж ийм хурдан стандарт батлуулж чадав аа! Манайд бол бүтэн хагас жилээс наашгүй шүү! Чи маш шуурхай байна шүү!
Магтаалын үг урсгахад нь баярласан Майцэцэг бүсгүй хөлсөө арчин баярлаж “Одоо л нэг мөрөөдөл биелэх нь дээ” гэж дотроо бодож байтал:
-Гэхдээ Маяа уучлаарай! Чи ойлгож байгаа биз дээ? Бид хагас жил хүлээх боломжгүй шүү дээ. Тиймээс өөр нийлүүлэгч сонгосон. Чи их хөдөлмөрч, гайхалтай шаргуу бүсгүй тул чамд дахин боломж олдоно гэдэгт бид итгэж байна. Чамд амжилт хүсье!...
ОХУ-ын БХЯ ч бас хагас жил хүлээх ямар ч боломжгүй шүү дээ. Бүсгүй дахиад л өөрийнхөө хувь заяаг нэг зүхэж, төр засагтаа нэг гомдож үлдэв.
Гэхдээ бас л цөхрөөгүй. АНУ-ын конгресс энэ хуулиа эцэслэн батлах байх гэж Монголын үйлдвэрлэгчид горьдон харж байгаа. Тэд амласандаа хүрэх байх. Том гүрэн бол том гүрэн. Харин бид үүнд бэлтгэлтэй байх ёстой гэж бодож байна. Маш олон жил амралтын өдөр гэдгийг мэдэлгүй ажиллахдаа зөвхөн амь амьжиргааныхаа төлөө биш, харин олон хүнийг ажлын дөртэй болгож, амьдралыг нь залгуулж, Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжихийг харах гэж тэмцэн зүтгэсээр цагаасаа эрт явчихсан ханиа бодож би энэ өдрийг хүлээнэ.
Чин зүрхнээсээ хайрлахуй
Хүмүүс, ялангуяа манай оёдлын салбарынхан яагаад “Женко”-д хайртай байдаг вэ гэвэл тэр өөрөө оёдол хийж байсан болохоор хүндэтгэдэг байх, хамгийн гол нь тэр бизнесийнхний зовлонг ойлгодог. Юм бүтээж, хийж үзсэн хүн гэж шал өөр. Бас дээр нь спортын мэдрэмж гэж аймаар юм байдаг байх. Бөх хүн гэж басаж болдоггүй юм байна, тэр бол асар гүнзгий ухаан байдаг юм байна. Бидний хараагүйг хардаг. Мэх гэж ийм л байдаг юм байна гэж бодогдож байлаа, 30хан мянган хониор яаж хятадуудын зүрх сэтгэлийг хөдөлгөв. 2020 онжингоо Хятадад монголчуудыг ярилаа. Бид л муусайн хужаа гээд байгаа болохоос үнэндээ Хятадын томчууд Монгол гэж бараг мэдэхгүй шүү дээ. Гэтэл Монголчуудын талаар хятадууд сая л маш сайн мэдээлэлтэй болсон. 30 мянган хонь бидэнд бол юу ч биш шүү дээ, үнэндээ. Хятадууд хүнээс мөнгө горьдох хүмүс биш. Дэлхий нүүрээ буруулсан байхад монголчууд бидэнд хамгийн түрүүнд хандсан гээд бөөн баяр.
Муу талийгаач нөхөр маань маш их баярласан даа гэж ярьдаг байсан. Зөвхөн Баясаа ч биш, энэ хувцсыг үйлдвэрлэдэг 100 гаруй эмэгтэйчүүд төрийн дэмжлэг гэж чухам юуг хэлдэг юм бэ гэдгийг ойлгосон.
Хүмүүс намайг “Маяа чи азтай” гэдэг. Үгүй, би боломжийг л ашигласан үйлдвэрлэгч. Ерөнхийлөгч өөрөө хөдөлмөр хийж үзсэн хүн учраас хөдөлмөрч хүнийг л үнэлдэг хүн.
Олон хүн гэдэг. Үйлдвэрлэж, бүтээж, хөдөлмөрлөж үзээгүй хүмүүс энэ бүхний нарийн учрыг ойлгохгүй, тэдэнд ойлгуулах гээд би чаддаггүй.
Би хүн бүхэнд үүнийг ойлготол тайлбарлах боломжгүйдээ, хүн бүхэн үүнийг үндсээр нь ойлгох боломжгүйд, хөдөлмөрч, бүтээх амбицтай хүнээ хөсөр хаяад, оронд нь огт хөдөлмөр хийгээгүй байж тэрбум тэрбумын хадгаламжтай хүмүүс Ерөнхийлөгчид өрсөлдөхийг хараад бухимдан бас гансардаг.
“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, “EXCLUSIVE” брэндийн үүсгэн байгуулагч Гансүхийн МАЙЦЭЦЭГ-ийн яриаг найруулан буулгаж өөрийн нь зөвшөөрлөөр нийтэлсэн Гантөмөрийн УЯНГА
 
Ханийн нь, Баясаагийнхаа ажил явдалд оролцохоор очиход Маяа маань энэ түүхийг ярьсан юм. Найзын маань ажил явдалд ирэгсэд гуниглаж биш адал явдалтай, тэмцэлтэй амьдралын нь түүхийг хүүрнэн дурсаж, сонсож, заримдаа инээлдэн, заримдаа нулимс унаган догдлон байлаа.
Өчигдөрхөн Маяа маань залгаад "Гэртээ байгаад байх эвгүй юмаа, найз нь ажил дээр нь очъё" гээд охинтойгоо ирж өдөржин яриа дэлгэж суулаа. "Өдөр бүрийг хамтдаа байж, байнга утсаар ярьдаг байсан болохоор хүнд юмаа. Алхам тутамд л санагдуулах нь зовлонтой юм. Ядаж өөр өөр газар ажилладаг байсан бол арай дээр байхгүй юу. Заримдаа ийм эрт орхиод явчихсанд нь уур хүрч гомдох ч шиг. Тэгж байгаад нэг гайгүй болох цаг ирэх л байх даа... Хамгаалалтын хувцас ч яахав конвероор яваад байна байх. Харин Exclusive брэнд маань л сайн дизайнераар дутах нь дээ, байнга л загвараа шинэчилдэг байсан юм шүү дээ манай хүн..." гээд хоолой нь зангирч байна.
Үндэсний ганц брэндээ аваад явчих авьяаслаг сайн дизайнер олдоно доо, олдоно. Би олон"брэнд" мэднэ. Хятадад хямд үйлдвэрлүүлээд шошго наадаг "үндэсний брэнд" олныг мэднэ. Маяа Баясаа хоёр шиг шар махтайгаа хатаж, ашгийг урьтал болгодоггүй үйлдвэрлэдэг жинхэнэ үндэсний үйлдвэрлэгч, үндэсний брэнд бас цөөхнийг ч мэднэ. Монголд хамгаалалтын хувцасны хэрэгцээ улам бүр өсөж байхад ганц үйлдвэрлэгч нь борлуулалтгүй сандарч байгаа Монгол эмгэнэлтэй!
Бид EXCLUSIVE-ээ Маяатайгаа унтраалгүй, нураалгүй авч явах ёстой, энэ л Баясаадаа босгох хамгийн том суварга юм даа...
4
2
2
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Ха ха
[172.69.45.132]
2 жилийн өмнө
Домог зохиодог шаасан.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ