04 сарын 25, Пүрэв

Б.Энхбайгаль: Хөрөнгө оруулалтын шалгуур 50 мянган доллар байж болохгүй

Эдийн засаг
2 жилийн өмнө
Б.Энхбайгаль: Хөрөнгө оруулалтын шалгуур 50 мянган доллар байж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Доктор, дэд профессор Б.Энхбайгальтай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн саяхан өргөн баригдсан нэмэлт өөрчлөлтийн тухай ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар бас ажиллаж байсан юм.

УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцэх эсэх саналтай оруулж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын босгыг бууруулах асуудал олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-2013 оны Хөрөнгө оруулалтын хуулиар тогтворжуулалтын гэрээтэй томоохон хөрөнгө оруулалтаас авах татварын хувь хэмжээг өөрчлөх боломжийг хязгаарласан. Үүний үр дүнд хямралын үед ч УИХ, Засгийн газар ард иргэдийнхээ, улсынхаа эдийн засгийг өөд татах шийдвэрийг гаргаж чадахгүй байна.

Уг нь Монголын төр эдийн засгийн хямрал хүндрэлийн үед эдийн засагтаа зохицуулалт хийх, маневр хийх эрхтэй байх ёстой. Гэтэл Оюутолгойн орлогыг Монголын банкуудаар дамжуулах шийдвэр гаргаад УИХ гурав ч хонолгүй хуулиа цуцалсан шүү дээ.

Одоо хөрөнгө оруулагч гэж үзэх босгыг дөнгөж 50 мянган доллар болгож байгаа нь байдлыг бүр л дордуулж байгаа хэрэг.

Эхлээд хөрөнгө оруулагч гэсэн статус олгоно, Хөрөнгө оруулалтын хуулинд заасны дагуу газрыг 60 хүртэл жилээр эзэмшүүлж, ашиглуулна, 4О хүртэл жилээр эрхийг нь сунгана (дотоодынхоо иргэнд 15-аас дээш жилээр өгдөг бол гадны иргэнд нийт 100 жилээр өгнө).

Дараа нь газар дээрээ хийсэн хөрөнгө оруулалт, байшин барилга нь хувийн өмч учраас яах ч аргагүй болно. Яг үнэндээ бол цагаачлалын асуудлыг л хөрөнгө оруулалт нэрээр халхавчилж оруулж ирж байгаагаас ялгаагүй.

-Энэ яригдаад байгаа Европын холбоонд 500 мянган евро, АНУ-д 900 мянган доллар гээд байгаа нь цагаачлах эрх авах тухай хэрэг үү?

-Яг тийм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, цагаачлал хоёр огт тусдаа асуудал.

Монгол Улсын харьяат болгох, орогнох эрх олгох нь Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг. Иргэншил өгөх асуудал их төвөгтэй, нарийн асуудал байдаг. Үүнийг дагаж, гэмт хэрэг, мөнгө угаалт, терроризм орж ирэх эрсдэл ч бий.

Хүн ам олонтой зарим улс орнууд нэгэнт удмын сан, үндэсний соёлд нь нөлөөлөхгүй гэж үзвэл хөрөнгөө шилжүүлж авчрах нөхцлөөр иргэншил өгдөг. Гэхдээ үүнд бас нэмэлт шаардлагууд бий. Тухайн улс зөвшөөрөхгүй байлаа гэхэд тэр шийдвэрийг эсэргүүцэж маргах эрх хэнд ч байдаггүй.

Хүн ам цөөнтэй Монгол Улсын хувьд гадны иргэдэд иргэншил өгөх боломж маш бага. Шууд бусаар ч гэсэн Ерөнхийлөгчийнхөө эрх рүү бас ингэж халдаж болохгүй юм л даа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗӨВХӨН  50 МЯНГАН ДОЛЛАР ГЭЖ ОЙЛГУУЛЖ, ИРГЭДЭЭ ХУУРАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА 

Монгол Улсын иргэн болох асуудлыг хөрөнгө оруулалттай хольж хутгаад байгаа юм байна. Хууль санаачлагчид ямар учраас ийм хуулийн төсөл оруулж ирэв? Таны бодол…

-Асуудлаа мэдэхгүйдээ биш, харин маш сайн мэдэж, зориуд оруулж ирж байгаа болов уу даа. Хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгөөсөө ашиг олох сонирхолтой болохоос оршин суух эрх, иргэн болох асуудлыг сонирхохгүйЭнэ бол тусдаа асуудал.

Одоо XXI зуунд хөрөнгө оруулалт”-ыг зөвхөн “50 мянган доллар” гэж ойлгуулж, ийм гэнэн төсөөллөөр иргэдээ хуурах гэж оролдох нь доромжилж байгаа хэрэг. Энэ бол дайн хийхгүйгээр, чимээгүйгээр эзлэх орчин үеийн арга. Газраа, иргэншлээ, өөрөөр хэлбэл эх орноо дөнгөж 50 мянган доллараар зарчихаж байгаагаас ялгаагүй. Гуравхан сая монгол дээр нэмэгдээд хэдэн сая гадныхан орж ирвэл юу болох нь тодорхой.

Хөрөнгө оруулагч нэрээр цагаачлах зорилгоор ирэгсэд буцаад гарна гэж байхгүй. Нэг л ирсэн бол тэр чигээрээ л зууралдана. Европ, Америк, энүүхэн хажууд Сибирьт цагаачдын асуудал ямар байгааг хар л даа. Хэл, сэтгэлгээ, соёл уламжлал, шашны ялгаа, терроризм, мөнгө угаалтын асуудал нэмэгдвэл бүр ч хэцүү.

-Тэгвэл гадны  хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн шалтгаан юу вэ? Манай эрх зүйн орчин хэр бүрдсэн гэж та үзэж байна вэ?

-Ковидоос болж дэлхий даяар гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) 38 хувиар буурлаа, цаашид ч бас хумигдах биз. Ер нь бол шударга, чанартай, сайн хөрөнгө оруулалт татья гэж байгаа бол төр нь ядаж эхлээд авилгаа цэгцлэх, хөрөнгө оруулалтад тавих шаардлагаа тодорхой болгох хэрэгтэй юм л даа. Хамгийн хуучин хоцрогдсон технологи, тоног төхөөрөмжийг хөрөнгө оруулалт гэж үзэхийг зөвшөөрөөд байж болохгүй. Азид байхгүй хамгийн таатай нөхцлийг олгоод ч орж ирэхгүй байгааг олон жил харлаа шүү дээ.

Ер нь гадаадын хөрөнгө оруулалтаар эдийн засгаа өөд татсан түүх ховор. Гадны хөрөнгө оруулагч ашгаа л бодохоос өөрийг бодохгүй. Харин дотоодын хөрөнгө оруулагчид бол өөр хэрэг.

Хятадад бол гадаадад байгаа хятад гаралтай иргэд нь, Хонг-Конг, Тайвань, Сингапур, бусад улсаас хөрөнгө оруулсан учраас технологи дагаж орж ирсэн. Хятад иргэд хятад руугаа хөрөнгө оруулах нь бол гадаадын хөрөнгө оруулалтаас огт өөр, тусдаа зүйл юм шүү.

Солонгос бол далайн тээврийн давуу талаа гол болгож, анхнаасаа хөрөнгө оруулалтад маш хатуу шалгуур тавьж, орчин үеийн технологи, дотоодын худалдан авалт, санхүүгийн ил тод байдал, дотоодын банкаар дамжихыг шаардсан.

АНУ ч хүртэл зарим салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарладаг хуультай. Австрали үндэсний эрх ашигт харшилсан тохиолдолд хөрөнгө оруулахыг зөвшөөрдөггүй.

Харин манайд л ганцхан хөрөнгө оруулалт гэдгийг зөвхөн цаасан дээр бичсэн мөнгөн дүн гэж өнгөц ойлгосон хэвээрээ, мөнгөний хэмжээнээс өөр шалгуургүй байна.

Монголд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад ашиг олох нь л гол зорилго болохоос Монголыг хөгжүүлэх нь гол зорилго биш.

Төр шаардлагаа тодорхой болгох хэрэгтэй. Манай хөрөнгө оруулалтын орчин дэндүү ерөнхий, дэндүү бүрхэг байна. Гадны хөрөнгө оруулагчидтай харилцах, гэрээ байгуулах чадавхи сул байна. Авилгатай, хүнд сурталтай, эдийн засаг дорой, эрх зүйн орчин бүрхэг нөхцөлд сайн хөрөнгө оруулагч орж ирэхгүй.

ҮАБЗ АНХААРАЛДАА АВНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА 

-Та нүүр номын хуудастаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална” гэж заасан нь зүгээр ч нэг заалт биш гэж дурдсан байсан. Энэ талаар тодруулна уу?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ийм заалт бий. Бие даасан тусгаар улс эдийн засгийн хувьд аль нэг улсаас шууд хараат байж болохгүй. Тусгаар тогтнол эдийн засгийн бие даасан байдлаа аль болох хадгалж байх нөхцөлд л баталгаатай.

Монголын төр дотоодынхоо, улсын эдийн засгийнхаа, үндэснийхээ эрх ашгаар баримжаалж гаднаас хараат бусаар шийдвэр гаргах учиртай. Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсын хууль тогтоомжид нийцэх нөхцлийг хүлээн зөвшөөрч орж ирэх болохоос дотоодын иргэд, хөрөнгө оруулагчдаас давуу нөхцөл өгсөнгүй гэж гомдоллох үндэс байхгүй. Аль ч улс оронд үүнийг зөвшөөрөхгүй. Олон улсын эрх зүй, конвенциуд ч ийм.

-Хуулийн төслийг засч сайжруулах ёстой юу, шууд буцаан татах ёстой юу?

-Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авна гэж найдаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ivoice.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ