04 сарын 25, Пүрэв

Б.Батхуяг: Мансууруулах бодис хэрэглэдэг эхээс төрсөн нярай донтох эмгэгт өртсөн тохиолдол Монголд бүртгэгдсэн

Нийгэм
2 жилийн өмнө
Б.Батхуяг: Мансууруулах бодис хэрэглэдэг эхээс төрсөн нярай донтох эмгэгт өртсөн тохиолдол Монголд бүртгэгдсэн

Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодист донтох хүмүүсийн нас жилээс жилд залуужиж буйг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн шалтгааныг тодруулж, сэрэмжлүүлэх үүднээс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.


-Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сүүлийн үеийн тоон мэдээллээр ярилцлагаа эхлүүлье?

 -Сүүлийн таван жилийн байдлаар хар тамхитай холбоотой 1000 орчим гэмт хэрэгт 1200 гаран хүн холбогдсон байна. Судалгаагаар 35 хүртэлх насны хүмүүс нийт гэмт этгээдүүдийн 92 хувийг эзэлсэн дүн  гарсан. Мөн 14-25 хүртэлх насны хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 55 хувийг эзэлдэг. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужих болсон. Учир нь 30-аас дээш насны иргэдийн амьдрал нь тогтворжсон байдаг тул шинээр хэрэглэгч болох нь маш бага. Харин хүүхэд залуус архи, утаат тамхи зэргээс татгалзаад хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх хандлагатай болж байна. Яагаад хүүхдүүд хэрэглээд байгаа талаар судлаад үзэхээр сониуч зангаар хор уршгийг нь мэдээгүйгээс үүдэлтэй болж таардаг.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй 10 хүүхэд тутмын долоо нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял өгдөг эсэхийг мэддэггүй байх жишээтэй. Мөн эрүүл мэнд, амь насанд учрах хор уршгийг нь ухаараагүйгээс болж өдөр тутмын хүнс шиг өргөн хэрэглэх болжээ. Эцэг эх, асран хамгаалагч нар энэ талаар мэдлэг мэдээлэлгүйгээс болж үр хүүхдэдээ хор уршгийг нь таниулж чадахгүй байгаа зүйл их бий. Мөн бусдыг даган дуурайх, найз нөхдийнхөө ятгалгад автаж, сониучирхан хэрэглэх тохиолдол гардаг. Өсвөр насныхны даган дуурайдаг зарим нэг уран бүтээлчид хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилсан дуу, уран бүтээл гаргаж байна. Улмаар тэрхүү уран бүтээлийг сонссон хүүхэд тэдний үйлдлийг даган дуурайх нь ихэссэн. Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газарт мэдэгдэл хүргүүлсэн. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх хуульд үүнийг ил болон далд байдлаар сурталчлахыг хориглосон байдаг.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 онд гаргасан зөвлөмжид соёл урлагийн салбарынхан уран бүтээлээрээ дамжуулж хар тамхины хор нөлөөг таниулах талаар тусгасан байдаг. Харамсалтай нь одоо болтол хар тамхины эсрэг цогц ажил хийгдэхгүй байна. Дараагийн нэг чухал асуудал бол буруу мэдээлэл авах явдал. Нэг удаа хэрэглэхэд донтолт үүсэхгүй, хүссэн үедээ хар тамхийг орхиж болно гэсэн ойлголт хүүхэд залуусын дунд бий.

Үүнээс болж хэрэглэгч болох тохиолдол гардаг. Үнэн хэрэгтээ хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэг удаа хэрэглэхэд хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, дахин давтаж хэрэглэх бие болон сэтгэцийн хараат байдлыг үүсгэдэг. Нэг хэрэглэсэн хүнд донтолт үүснэ гэсэн үг. Жишээлбэл,хар тамхи нэг удаа хэрэглэсэн хүний биед архины шарталтаас 68 дахин их хордлого үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Шарталтын тэр их зовуурийг дарахын тулд нөгөө эм, бодисоо дахин хэрэглэх шаардлага үүсдэг учир донтогч болж хувирдаг.

-Таны хувьд энэ төрлийн хэрэг дээр дагнан ажилладаг хүний хувьд донтогч болсон гэдгийг яаж мэддэг вэ?

-Хар тамхи болон сэтгэцэд нөлөөт бодисоос үүдсэн шарталтын талаар донтогч болсон хүмүүс “Шилбэний ясыг хөрөөдөж буй мэт мэдрэгддэг” гэж хэлдэг. Нэг ёсондоо хар тамхины хордлогод орсон хүнд өвдөхгүй эрхтэн байхгүй болж, хумсны толионоос үсний уг хүртэл өвчин мэдрэгддэг. Жишээ нь, өсвөр насны хүүхэд эцэг эхдээ гэрээслэл үлдээгээд амь насаа хохироосон тохиолдол хүртэл гарсан. Тухайн хүүхэд гэрээслэлдээ “Би энэ зүйлээс хэзээ ч гарч чадахгүй юм байна. Аав аа, ээж ээ намайг уучлаарай” гэж бичээд амиа хорлосон байсан. Мөн ташаа мэдээлэл авсан залуус бусдадаа буруу ойлголт түгээх болсон.

Тухайлбал, “Канад болон АНУ-д хар тамхины төрлийн ургамал хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн” гэж суртачилж байна. Гэтэл Канад улс хар тамхиныхаа хэрэглээг хяналтаас алдлаа, хэн нь хэрэглэгч гэдгээ ялгаж чадахаа байж үүнтэй тэмцэх тэмцэл мухардсан учраас 25 грамм каннабисыг биедээ авч явахыг зөвшөөрсөн байдаг. Ингэснээр хэн нь хэрэглэгч, худалдаалагч болохыг ялгаж гэмт хэргийн бүртгэлээ сайжруулсан байгаа юм. Хэдэн хэрэглэгч бүртгэгдсэн, үүнтэй яаж тэмцэх вэ гэсэн бодлого боловсруулахын тулд түр зуур хар тамхийг биедээ авч явахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.

-Өсвөр насныхан ихээр өртөж байна. Эцэг, эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж хэлэхэд өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн төрсөн өдөр болон тэмдэглэлт арга хэмжээний үеэр сонирхож үзэх хүсэлдээ автаж мансуурах болсон. Учир нь найзынхаа төрсөн өдрөөр архи уух юм бол гэртээ очоод аав ээждээ баригдана хэмээн айдаг. Тиймээс зарим тохиолдолд тэд найздаа бэлэг авах гэж цуглуулсан мөнгөө нийлүүлж мансууруулах төрлийн бодис худалдан авч цугтаа хэрэглэх тохиолдол гарч байна. Олуулаа цуглаж байгаа орчинд очсон хүүхдэдээ өгч буй мөнгөнийхөө хэмжээнд анхаарах хэрэгтэй.

Мөн нийллэгт яваад ирсэн хүүхдээ сайн анхаарч, архи үнэртэхгүй байсан ч мансуурсан шинж илэрч байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй. Гар хөлийнх нь арьсыг шалгаж, зүү тариурын ором бий эсэхийг нягтлахад гэмгүй. Түүнчлэн хуйлсан шинэ мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, асаагуур, соруул, гаанс мөн таньж мэдэхгүй эм бэлдмэл зэргийг эд зүйлс дундаас нь олсон бол яаралтай хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй байна. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ бусдад үгүй гэж хэлж, бусдын ятгалгад өртөхгүй байх чадварыг багаас нь суулгах нь чухал юм.

-Сүүлийн үед хар тамхины төрлийн ургамал, үйлдвэрийн аргаар гаргаж авсан синтетик бодисоос гадна эмийн санд жортой болон жоргүй олгогддог эмийг зориулалтын бусаар ашиглаж мансуурах тохиолдол гарах болсныг танай байгууллагаас мэдээлсэн. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай оронд үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн 70 орчим хувь нь Монгол Улсад тархацтай ургамлыг хууль бусаар түүж бэлтгэх байдлаар хэрэглэсэн тохиолдлууд гардаг. Харин үлдсэн 30 орчим хувь нь химийн аргаар гаргаж авсан буюу мансуурах нөлөөг нь ихэсгэсэн синтетик төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэх, зарж борлуулах, биедээ авч явах, хэрэглэх  гэмт хэрэг бүртгэгдэж буй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисыг сэтгэцэд үзүүлэх нөлөөгөөр нь дарангуйлагч буюу оюуны идэвхийг сааруулагч, тайвшруулах болон нойрсуулах үйлчилгээтэй бодисууд гэж ангилна. Мөн төв мэдрэлийн системийг сэргээгч буюу өдөөгч чанарын ба эдгээрийн хосолсон үйлчилгээтэй болон хий үзэгдэл, солиоролд оруулах бодис гэсэн ангиллаар ялгадаг. Байгалийн гаралтай түүж хэрэглэдэг бодис нь үнийн хувьд хүүхэд залуус авч хэрэглэх бололцоотой байгаа юм. Харин химийн аргаар хүчийг нь ихэсгэсэн мансууруулах бодис нь өндөр үнэтэй. Тиймээс мансууруулах бодисыг зөвхөн мөнгөтэй хүмүүс хэрэглэдэг, манай хүүхэд хэрэглэх боломжгүй гэж тайвшрах нь маш буруу. Үнэ багатайг нь хэрэглэх тохиолдол их байна.

Сүүлийн үед эмчийн жороор олгодог эмийг авч хэрэглэх, ямар нэгэн өвчинд тодорхой хугацаанд заасан тунгийн дагуу уух бус буруу хэрэглэх тохиолдол ихэссэн. Зарим эмийн сангууд жортой эмийг эмчийн бичиж өгсөн жор шаардахгүйгээр насанд хүрээгүй хүүхдэд зарах ч тохиолдол байна. Үүнээс болж жортой олгох эмийг урвуулан хэрэглэх тохиолдол их боллоо. Зориулалтын бус аргаар буюу ууж хэрэглэх ёстой эмийг судсаар шахах тохиолдол ч үүсч байгаа. Ингэж хэрэглэснээс болж судас хагарах, судас нарийсах болон судасгүй болох гэх мэт эрсдэл үүсдэг. Улмаар судас хагарснаар цусны эргэлтэд өөрчлөлт орж гарын арьс, мах нь үхжиж байна. Цаашлаад үүнээс болж гараа тайруулсан, амь насаа алдсан гэх мэт зүйл тохиолдох боллоо. Иймээс эмийн санч нар жортой эмийг заавал тухайн өвчтөний биеийн байцаалттай жор бичсэн цаасыг тулгаж өөрт нь өгөхөд анхаарах ёстой.

-Хар тамхины төрлийн ургамал, бодис хэрэглээгүй ч зарим төрлийн эмийг урвуулан ашигласан бол ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ?

-НҮБ-ын мансууруулах төрлийн үйлчилгээтэй эмийн болон сэтгэцэд нөлөөлөх эмийн конвенцод дөрвөн төрлийн заалт бий. Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг эмийн жагсаалтад орсон бодисыг урвуулан хэрэглэхийг хориглосон эмийг Монгол Улсад хууль бусаар хэрэглэхийг хориглосон. Энэ жагсаалтад орсон бодисыг илрүүлэх хамгийн энгийн багаж бол биологийн дээж авах юм.

Мөн Монгол Улсад энэ төрдийн эм бодисын жагсаалт гэж бий. Бид шинэ төрлийн мансууруулах үйлчилгээтэй бодис манай оронд орж ирсэн тохиолдолд Эрүүл мэндийн сайдад уламжилж танилцуулдаг. Улмаар шинэ төрлийн бодисыг илрүүлэх тестийг багаж төхөөрөмжид оруулж, таниулах ажлыг хийж байгаа. Хориглосон жагсаалтад орсон эмийг урвуулан хэрэглэсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 20 дугаар бүлгийн 7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Худалдаалах зорилгогүйгээр биедээ авч явсан, хадгалсан, түүж бэлтгэсэн тохиолдолд 1-5 жилийн хорих ял, худалдаалах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн бол 2-8 жилийн хорих ял оноодог. Мөн бүлэг зохион байгуулалттайгаар тус бодисыг худалдаалж амьжиргааныхаа эх үүсвэр болгосон бол 20 жил хүртэлх болон бүх насаар нь хорих ял оноох ялтай. Хорих ял шийтгэл хүлээх, эрүүгийн хариуцлага эдлэхийг залуус мэдэхгүйгээс болж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь их байна.

-Тэгвэл насанд хүрээгүй хүүхэд сэтгэцэд нөлөөлөх эмийг урвуулан ашигласан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үү?

-Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд гэмт хэргийн зүйл ангийг нарийвчлан заасан байдаг. 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн гэмт хэрэг үйлдсэн бол сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Мөн хүндрүүлэх бүлэгт орох гэмт хэрэг үйлдсэн бол 14 наснаас дээш иргэнд Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой.

Үүнээс гадна сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах төрлийн бодис биедээ авч явалгүйгээр хэрэглэсэн иргэн биологийн дээж өгөөд хэрэглэсэн нь тогтоогдсон бол Зөрчлийн тухай хуулиар баривчлах, торгох ял шийтгэл ногдуулдаг.

-Мөрийтэй тоглоом, сэтгэцэд нөлөөлөх эм бодис, хар тамхи зэрэг нь хоорондоо ямар уялдаа холбоотой байдаг вэ?

-Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийн тулд хүн өөрийн орлого, эд хөрөнгөө зарцуулж сүүлдээ байр, машин гээд бүх өмчөө зарж дуусгадаг. Ямар ч орлогогүй болсон хүн хулгайлах, дээрэмдэх, залилах, биеэ үнэлэх, хүний амь нас хөнөөх зэрэг гэмт хэрэг үйлддэг. Улмаар гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө мөрийтэй тоглох, түүгээрээ мансууруулах бодис олж авах хандлагатай байдаг.

Цаашлаад мансууруулах бодис нууцаар дамлан наймаалагчдын бүлэглэлд орж, өөрийн хэрэглээний хар тамхийг олж авах, улмаар олон гэмт хэрэгт уруу татагддаг. Мансууруулах бодис хэрэглэх явцад судас хагарснаар тархинд цус харвах, зүрх зогсох, элэг хорт бодисыг шүүх явцдаа элэгний хатуурал болон хорт хавдар болох, уушгины сүрьеэ үүсэх зэрэг олон өвчин тусч болно. Түүнчлэн, тухайн бодисыг тунг хэтрүүлэн хэрэглэж газар дээрээ нас барах эсвэл удаан хугацаанд бүх эд эрхтэнээ гэмтээж эрүүл мэнд амь насаараа хохирох болон хуулийн хариуцлага хүлээх гэх мэт олон хор уршгийг дагуулдаг.

Хар тамхи нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх том асуудал нь монгол хүний удмын сан, генд нөлөөлөх явдал юм. Жишээлбэл, нэгэн эмэгтэй хүүхэд төрүүлтэл нярай нь тасралтгүй уйлаад байж. Эмнэлгийн байгууллага шалтгааныг нь олж чадахгүй байтал ээж нь хар тамхи хэрэглэдэг байж таарсан. Хүүхэд нь хар тамхи хэрэглэхийг хүсэж, уйлж байсныг дараа нь мэдсэн хэрэг. Иймээс мансууруулах бодисын нөлөө удамшилд хүртэл нөлөөлдгийг тогтоосон байна.

Хар тамхи хэрэглэхэд түлхэц болж буй нийгмийн хүчин зүйлийн нэг нь гэр бүл салалт болсон. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл хайхрах хүчирхийлэл ч үүнд хамаарч байна. Тухайн хүүхдийн гэр бүлийн орчинд байнга архидалт болдог, хүчирхийлэлд өртсөн бол сэтгэл гутралд автсанаар буруу хүмүүст уруу татагдан мансууруулах бодис хэрэглэдэг. Үүн дээр жишээ авахад нэгэн ПС тоглоомын газар тоглож байсан 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй гэсэн дуудлагын дагуу бид очсон. 

Тэнд байсан 10 хүүхдээс биологийн дээж авч шинжлэхэд бүгдээрээ хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.  Энэ хүүхдүүдийн гэр бүлийн байдал, амьдралын нөхцөлийг судлаад үзэхэд эцэг эх нь салсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин, бага насандаа дам архидалт дунд өссөн хүүхдүүд байсан. Харин хэрэглээгүй үлдсэн хүүхдийн хувьд гэр бүл нь тогтвортой, хүчирхийлэлд өртөж байгаагүй, эрүүл орчинд өссөн байж таарсан.

-Сэтгэл гутрал, сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудлаас үүдэж мансууруулах бодист донтсон иргэдэд чиглэсэн үйлчилгээ бий юу. Шууд баривчилж, ял оноохоос гадна тухайн хүнд тохирсон эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөг хэр өгдөг вэ?

-Сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодис хэрэглэсний нэг хор уршиг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай болох явдал. Улмаар сэтгэцийн асуудлаасаа болж амиа хорлох сэдэл нь энгийн хүнээс дөрөв дахин ихэсдэг. Манай байгууллагад саяхан нэгэн хэрэг бүртгэгдсэн. Тухайлбал, нэгэн иргэн сэтгэл гутралаас болж хар тамхинд донтсон. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс сэтгэцийн тулгамдсан асуудалтай эсэхийг мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад хэрэг бүрд тухайлан авч үзэж илрүүлдэг.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран нарийн шинжилгээ авч шалгуулсны үндсэн дээр хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоодог. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн донтолтын тасагт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүст тусламж үзүүлэх мэргэжлийн эмч нар ажилладаг. Түүнчлэн манай хэлтэст ажилладаг сэтгэл зүйч бий. Хүүхэд залуус айж зовохгүйгээр манай сэтгэл зүйчээс мэргэжлийн зөвлөгөө авч болно. Манай хэлтсээс улсын хэмжээнд сэтгэл зүйн тусламж үзүүлдэг сэтгэл зүйчдийн судалгааг гаргасан.

Тиймээс энэ хүмүүсийн хаяг байршил, холбогдох утасны дугаар, зөвлөгөө өгөх төлбөрийн хэмжээг нь жагсаалт болгож гаргасан. Хэрэгт холбогдсон хүн өмгөөлөгч авах эрхтэй шиг сэтгэл зүйчдийн судалгаа гаргасан. Цаашлаад зөвлөгөө өгөх боломжтой сэтгэл зүйчдийн тоог улам нэмж, гэмт хэрэгт холбогдсон болон хэн нэгэнд тусламж үзүүлэх гэсэн иргэдэд зориулж мэдээллийг нь өгнө.

-Танай байгууллагын хувьд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх багаж, төхөөрөмж хэр зэрэг хангалттай байгаа вэ?

-Хамгийн түрүүнд биологийн дээж авч илрүүлэх тест ашигладаг. Энэ тест манайд хангалттай хэмжээгээр бий. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг илрүүлэгч багаж төхөөрөмж манай байгууллагад мөн байдаг.

-Сэтгэцэд нөлөөлөх эмийг урвуулан ашиглах явдал ихэссэн талаар  их ярилаа. Танай байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч болон багш нар хар тамхи хэрэглэсэн тохиолдолд илрэх шинж тэмдэг, учрах хор уршгийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мэдлэг мэдээлэлгүйгээс болж хүүхэд нь зургаан сар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэснийг цагдаад баригдсаных нь дараа мэдсэн жишээ бий. Гэрт нь үзлэг хийхэд мансуурахад хэрэглэдэг бодис, хэрэгсэл нь байсан.

Мөн гэрээс нь тухайн бодисын үнэр илт мэдрэгдэхээр үнэртэж байсныг мөрдлөгөөр илрүүлсэн. Хүүхдээ анзаарахгүй, удаан хугацаанд хэрэглүүлсний үр дагаварт тухайн хүүхэд  ойр орчмынхоо 20 гаруй хүүхдэд санал болгож, уруу татаж оруулсан байх жишээтэй.  Хэрвээ тухайн хүүхдийн эцэг эх хар тамхи, мансууруулах бодисын талаар мэдээлэлтэй байсан бол эрт үед нь таслан зогсоож, хүүхдийнхээ донтолтын зэргийг бага үед нь илрүүлж болох байсан. Цаашлаад олон хүүхдэд нөлөөлж, хэрэглэхийг санал болгохоос нь өмнө таслан зогсоох боломжтой байсан юм.

Тиймээс эцэг эх, багш нар баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, үр хүүхдэдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Манай байгууллагаас “Хар тамхигүй дүүрэг” аяныг энэ онд зохион байгуулж байна. Хамгийн түрүүнд Хан-Уул дүүрэгт зохион байгуулж байгаа. Арга хэмжээ хоёр сарын хугацаанд үргэлжилж, энэ сарын 21-ний өдөр дуусна. Үргэлжлүүлээд Сонгинохайрхан дүүрэгт “Мэдээллээ сайжруулъя, анхаарлаа хандуулъя” уриан дор “Анзааръя” нэг сарын аяныг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд тус дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, бүх аж ахуй нэгжийн ажилчин болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, эцэг эх болон багш нийгмийн ажилчин зэрэг  хүмүүст хор уршгийн талаар сургалт орсон. Мөн хар тамхитай холбоотой хэрэг их бүртгэгддэг Дархан, Эрдэнэт, Сэлэнгэд үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Төгсгөлд нь анхааруулахад, эцэг эх, асран хамгаалагчдын гаргадаг том алдаа нь жороор олгодог эмийг худалдан авахдаа эмийн сан руу хүүхдээ явуулдаг байдал. Эмийн санч нь хүүхдийг ойролцоо амьдардагыг нь мэддэг тул анзаарахгүй тухайн эмийг өгөөд явуулдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид эмийн сан руу хүүхдээ явуулж эм авахуулахаа болих хэрэгтэй. Угтаа бол эм гэдэг зүйл хүүхдээс хол байлгаж хадгалах зориулалттай бодис шүү дээ. Хэрэв хүүхэд эмийн сангаас сэтгэцэд нөлөө үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг эм авсан бол гэртээ харих замдаа талыг нь хэрэглээд авчрах боломжтой. Иймээс эцэг эхчүүдэд эмчийн жороо аваад өөрийн биеэр эмийн санд очиж эмээ авахыг уриалж байна. Мөн эмийн санч нар хүүхдэд эм жоргүйгээр олгохгүй байхыг анхааруулъя.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ