04 сарын 23, Мягмар

Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэгт төсөвлөсөн 60.8 тэрбум төгрөгийг үхэлд хүргэж байгаа өвчлөлүүдийг илрүүлэхэд л зарцуулах ёстой

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэгт төсөвлөсөн 60.8 тэрбум төгрөгийг үхэлд хүргэж байгаа өвчлөлүүдийг илрүүлэхэд л зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй бүх нийтийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний талаар болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Монгол Улс нийт иргэдээсээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ авах ажлыг эхлүүллээ. Үзлэг, шинжилгээний ач холбогдлыг эмч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Би эрүүл мэндийн салбарт 24 жил эмчээр, үүнээс сүүлийн гурван жилд нь Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилласан. Энэ олон жил монголчуудын амь насыг авч одож байгаа хоёр том өвчин эмгэг байна гэж харж дүгнэсэн. Зүрх судасны өвчлөл болон хорт хавдраар иргэдээ алдаж байна. Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны гол ач холбогдол бол өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар эдгэрэх боломжийг нэмэгдүүлдэг. Харин хожуу үед нь оношилж, эмчлэхэд асар их зардал гардаг атлаа бүрэн эдгэрэх боломж багасдаг. Эрт илрүүлснээрээ зардал бага гарч, эдгэрэлт бүрэн гүйцэд явагдана. Ер нь эрт илрүүлэг тал талын л ач холбогдолтой л доо.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, учир шалтгааныг нь устгах. Үүнд өвчин үүсгэгч, орчны эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг багтана л даа. Үүнийг төлөвшүүлэхэд урт хугацааны бодлого шаардлагатай. Хоёрдугаарт, нэгэнт өвдсөн бол эрт илрүүлж, эмчлэх ёстой юм. Танд зарим нэг айдас хүргэм, гэхдээ анхаарууштай тоо баримт хэлье. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 1990 оноос 2021 он хүртэл хугацаанд Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн дүнгээр нийтдээ зүрх судасны тогтолцооны өвчнөөр 170.831 хүн, хавдраар 108.781 хүнээ алдсан байна. Зөвхөн энэ хоёр өвчнөөр гэхэд гурван аймгийн иргэдтэй тэнцэх хэмжээний хүнээ алдсан гэсэн үг. Жил бүр 9-10 мянга гаруй хүнээ дээрх хоёр өвчнөөр алдаж байна. Маш харамсмаар байгаа биз. Бүр тодорхой хэлбэл, энэ хоёр өвчнөөр дунджаар өдөрт 24 орчим хүнээ алддаг. 24 гэр бүл хайртай дотны хүнээ алдаж байна гэсэн үг. Дэлхийн улс орнууд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар болон бусад халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг олон жилийн өмнөөс хэрэгжүүлээд хүн ам нь өнөөдөр өндөр насалж байна. Гэтэл манайд халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралт гамшгийн хэмжээнд хүрсэн нь харамсалтай. Хэрвээ бид эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлж чадвал олон хүний амь насыг аварч, олон хүний амьдрах хугацааг уртасгаж, олон айл, гэр бүлийг аавтайгаа, ээжтэйгээ, ах дүүтэйгээ элэг бүтэн байх боломжийг олгож чадна. Нэг ч гэсэн айл өрх элэг бүтэн, аз жаргалтай байх нь хамгийн чухал үр дүн юм.

Тийм учраас миний бие 2020 онд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд “Бүх Монголоо эмчилнэ” гэсэн том амлалт өгсөн. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хорт хавдрын эрт илрүүлгийг 70 хувьд хүргэх саналыг оруулж батлуулсан. Харин артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлгийн хамралт 87 хувьд хүргэхээр батлагдсан. Энэ бол маш том бодлого гэж хувьдаа дүгнэдэг.

Мөн заавал анхаарах ёстой, орхигдуулж болохгүй нэг зүйл бол эрүүл мэндийн салбарт ажиллагсдаа, эмч, сувилагч, ажилтнуудаа эрт илрүүлэгт хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах. Загасчны морь усгүй гэдэгчлэн эмч, сувилагч, ажилтнууд маань өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байгаад, өөрийнхөө биеийг хаядаг. Ажлын ачаалал маш ихтэйгээс болоод мэргэжлээс халшрах, шантрах, мэргэжлээрээ ажиллахгүй орхих тохиолдол ч их байна. Мөн энэ мэргэжил маань эрсдэл өндөртэй. Жишээ нь, мэс заслын эмч, сувилагч мэс заслын явцад үсэрсэн цусны дусал нүдний салст руу нь үсрэх, мэс заслын багажинд хатгагдах зэрэг шалтгаануудын улмаас элэгний В, С вирус авах тохиолдол их байдаг. Энэ нь элэгний хавдар, хатуурал болох эрсдэлтэй. Ийм л учраас эмч, сувилагч, ажилтнуудаа албан байгууллагууд байнга эрт илрүүлэх үзлэгт оруулж байх ёстой.

-Улсын хэмжээнд хэрэгжих энэхүү эрт илрүүлэг үзлэгт хичнээн төгрөг төсөвлөгдсөн бэ?

-Энэхүү хөтөлбөрт 2022 онд 60.8 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Үүний дагуу гүйцэтгэх засаглал эрт илрүүлгийн үзлэгийг хийж эхэллээ. Хамгийн чухал нь үр дүн сайн гарах ёстой, чанартай, оновчтой байх ёстой. Олон хүн өвчин эмгэгээ эрт илрүүлж, эрт эмчилж, монгол айл, гэр бүл бүр аз жаргалтай байх ёстой. Монголчууд бидний хамгийн тулгамдсан асуудлыг эмч хүний хувьд эрүүл мэнд гэж үздэг. Өнөөдөр монголчууд бүгд эрүүл байж улс орноо хөгжүүлнэ, гэр бүл, үр хүүхдээ асран хүмүүжүүлнэ, хойч үедээ сайхан ирээдүйг үлдээнэ шүү дээ. Хавдрын мэс заслын эмчээр ажиллаж байхад харамсмаар зүйлс олон тохиолдсон. Харьцангуй залуу ээж, аав хүүхдүүдээ амьдралд нь хүргэж чадалгүй хорт хавдар нь хожуу оношлогдоод, доголон нулимстай бяцхан үрсээ үлдээгээд одохыг харахад аав хүний хувьд харамсаад барахгүй. Бид чинь үр хүүхдийнхээ төлөө үхэх эрхгүй тангараг өргөсөн, үр хүүхэд маань хөлөө олтол өвдөж байна гэж хэлж зүрхэлдэггүй ард түмэн шүү дээ. Тиймээс одоо би уриалмаар байгаа юм. Үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ элэг бүтэн амьдралын төлөө эрт илрүүлэг үзлэгтээ идэвхтэй хамрагдаарай гэж энэ ярилцлагыг уншиж буй хүмүүсээс хүсье.

Харин эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Улсын Их Хуралд сонгогдсон эмч хүний хувьд би энэ үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажиллах болно. Яагаад ийм өндөр хүлээлт байгааг товчхон хэлэхэд, өнгөрсөн оны сүүлээр өөрийнхөө сонгогдсон тойргийн 65-аас дээш насны 2500 гаруй иргэдийг эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрууллаа. Эдгээр ахмадуудад нийт долоон төрлийн үзлэг, оношилгоо хийхэд 61 иргэнд хорт хавдар илэрлээ. Үүнээс 56 иргэнийг эрт үед нь оношиллоо. Энэ утгаараа эрт илрүүлгийн үзлэг өөрөө оновчтой, нас, бүлэг, авах шинжилгээгээ зөв зохион байгуулж явуулбал маш ач холбогдолтой юм.

-Энэ үйл ажиллагаанд зарцуулах 60.8 тэрбум төгрөг нь зөвхөн үзлэг хийхэд зарцуулагдах уу. Үүнээс зарим орон нутагт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг авах уу?

-Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог бүхэлд нь шинэчилж, гүйцэтгэлээр санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үндсэндээ эрүүл мэндийн даатгалын сан үйлчилгээ худалдаж авдаг тогтолцоо руу шилжсэн. Энэ утгаараа 60.8 тэрбум төгрөгөөр улсаас ямар нэгэн тоног төхөөрөмж худалдаж авч өгөхгүй. Зөвхөн иргэн хүнийг эрт илрүүлэгт оруулж, багц үзлэг, шинжилгээ хийсний төлөө зарцуулагдах ёстой.

-Өмнө нь иргэдээ бүх нийтээр нь үзлэг, шинжилгээнд хамруулсан ийм том хөдөлгөөн өрнөж байсан билүү?

-Эрт илрүүлгийн шинжилгээг бид өмнө хийж л байсан. 2017 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын сангаар эрт илрүүлгийн үзлэг гээд зургаан багц шинжилгээг 18-аас дээш насны иргэдээсээ авч байсан. Тухайн үед 18-аас дээш насны 150 мянга гаруй иргэдийг эрт илрүүлэгт хамруулсан байдаг. Энэ бол нийт хамрагдах ёстой иргэдийн 7.2-хон хувь. Үүнд иргэд идэвхтэй хамрагдаж чадаагүй. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн байгууллагууд үүнийг яагаад хийх сонирхолгүй байв. Өмнөх энэ туршлагаасаа бид суралцах хэрэгтэй. Хамгийн гол суралцах зүйл бол нэгдүгээрт, иргэн төвтэй тусламж үйлчилгээ байх ёстой. Орон нутагт нь суурилагдаагүй оношилгооны программ явуулахаар хаа байсан Ховдын хүн Улаанбаатарт ирэхгүй шүү дээ. Тиймээс аль болох тухайн бүс нутагт нь суурилсан бодлого явуулах хэрэгтэй. Хоёрт, завгүй, ачаалал ихтэй байгаа эмнэлгүүд эрт илрүүлэг хийх сонирхолгүй байна. Тэртэй тэргүй өнөөдрийн өвчтэй хүмүүсээ яая даа гэж байхад юун тэр эрүүл хүнийг дуудаж үзэх вэ. Гуравдугаарт, яагаад 7.2 хувь нь хамрагдсан бэ гэхээр хувийн хэвшлүүд үүнийг хийх сонирхолгүй, эдийн засгийн хувьд ашиггүй байсан. Тиймээс эдгээр туршлагуудаа үндэслээд одоо явагдаж байгаа эрт илрүүлгийн хөтөлбөрөө улам бүр чамбайруулах шаардлагатай. Тэгж байж бид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна зардал, цаг хугацаа, үүсэх эрсдэлийг бууруулж чадна. Эцэстээ үр дүн, ач холбогдол нь улам бүр өснө.

-Нийт иргэдээ шинжилгээнд хамруулна гэхээр төв суурин газраас хол, алслагдсан аймаг сумдын хөдөө ууланд амьдарч буй малчин хүнийг яаж шинжилгээнд хамруулах вэ?

-Миний бие Хавдар судлалын үндэсний төвд ажиллах хугацаандаа “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг авч хэрэгжүүлж байсан. Тухайн үед иргэдийг сум сумаар нь дуудаж байгаад аймаг руу нь ирүүлэх зарчмаар долоо хоногт 2-3 мянган иргэдийг хавдрын хамт олон минь үзэж байлаа. Яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол бид энэхүү шинжилгээ, үзлэгийн заримыг нь сумын эмнэлэгт, үлдсэнийг нь аймгийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Орон нутагт суурилсан үзлэг байх ёстой шүү гэж Эрүүл мэндийн яаманд хэлж байгаа. Манай иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Тавдугаар сарын 1-нд бүх иргэдийг нэг дор үзэхгүй. Энэ бол бүтэн жилийн ажил. Нөгөөтэйгүүр бид иргэддээ цаг авах боломжийг нээх хэрэгтэй. Аль болох иргэд өөрсдийнхөө завыг харж байгаад очиж болох боломжтой газартаа очиж үзүүлэх эрхтэй. Энэ боломжийг л Эрүүл мэндийн яам бүрдүүлэх үүрэгтэй. Мөн энэхүү үйл ажиллагааг анхан шатны эрүүл мэндийн тусламжийн төвүүдээр дамжуулан хийнэ. Сум, өрхийн эмнэлэгт иргэдийнх нь бүртгэл бий. Үүгээр дамжуулан мэдээлэл өгөх, иргэдийг эрт илрүүлэгтээ ирэхийг уриалах хэрэгтэй. Мэдээллээс хол хөдөө мал дээр байгаа ээж, аав, ах, эгч хамаатан садандаа эдгээр мэдээллийг түгээж, хэлж, цаашлаад эмнэлэгт очиж үзүүлэх цагийг нь авч өгөхийг, боломж гаргаж өгөхийг залуучуудаасаа уриалж байна. Үндсэн бодлого бол бүх талын мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх. Яаж зохион байгуулах нь Засгийн газрын болон холбогдох яамны бодлого, зохицуулалт байх. Юутай ч аль болох олон иргэдийг хамруулах, түүнээсээ үр дүн гаргах нь хамгийн чухал байна. Хорт хавдрын илрүүлгийг үндэсний хэмжээнд хийх мэдээллийг иргэдэд өгөхөд хэчнээн хэмжээний зардал мөнгө гарах вэ гэдэг судалгааг Хавдар судлалын үндэсний төвийн захирал байхдаа гаргаж байсан.

-Зөвхөн мэдээлэл хүргэх зардал гэсэн үг үү?

-Тийм. Монгол шуудангаар захидал илгээх, гар утсаар мессэж явуулах, апп-аар дамжуулан урилга очих, дуудахад нэг иргэнд гаргах зардал бол таван мянган төгрөг болж байсан. Ингээд давхардсан тоогоор нэг сая хоёр зуун мянган иргэнийг хорт хавдрын үзлэгт хамруулахад зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулагдах тооцоо гаргаж байлаа. Энэ утгаараа уг үйл ажиллагааны хүрээнд иргэдийг дуудах ажилд Эрүүл мэндийн яам хэдэн төгрөг төсөвлөж байгааг Байнгын хорооны хуралдааны үеэр асуусан. Гэвч надад тодорхой хариулт өгөөгүй. Тэгэхээр тооцоо, мэдээлэлгүй, хамгийн гол нь хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй ажил болчих вий дээ гэсэн болгоомжлол байгаа юм.

-Иргэдээсээ шинжилгээ аваад, үзлэгт оруулаад эхэллээ. Ер нь аймгийн төвүүдэд тус шинжилгээг авах зориулалтын тоног төхөөрөмжийн болон ажиллах хүчний нөөц бүрдэж чадсан уу?

-Энэ ажлыг аль болох эмнэлгийн ачааллыг ихэсгэхгүйгээр явуулах учиртай. Уг хөтөлбөрийн бэлтгэл ажил болгож, тоног төхөөрөмж худалдан авах тусдаа төсөв тавьж өгсөн. Тиймээс бэлтгэл ажлыг хоёр жилийн хугацаанд хангалттай хийсэн гэж үзэж байгаа.

-Танаас эмч хүний тань хувьд нэг зүйл асууя. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэнээс яг ямар ямар төрлийн шинжилгээ авахаар байна вэ. Тэр бүх шинжилгээ, үзлэг нь үнэхээр оновчтой, зөв байж чадаж байна уу?

-Насны ангиллаар нь багцууд гаргасан байна билээ. Тухайлбал, бага насны хүүхдийн эмчийн үзлэг, өсөлтийн үнэлгээ, зан төрхийн үнэлгээ, шүдний үзлэг, шүд арчлалт, эрүүл ахуйн зөвлөгөө зэргийг өрхийн эмнэлгээр дамжуулаад хийчих юм билээ. 6-15 насны хүүхдүүдийн шүд, өсөлт, сүрьеэ зэргийг үзнэ. Үүнд бол айхавтар багаж тоног төхөөрөмж шаардлагагүй. Харин залуучуудаас буюу 18-30 насныханд сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэнд, биеийн жин, өсөлт, цусны даралт ихсэх, цус, шээсний шинжилгээ, элэгний B, C вирус, тэмбүү, ДОХ, зүрхний бичлэг, уушги цээж гэрэлд харах зэрэг үйлчилгээ үзүүлэхээр байгаа юм байна. Ер нь эрт илрүүлэх үзлэг өөрөө эдийн засгийн хувьд өгөөжтэй, оновчтой байх ёстой. Эсрэгээрээ дэмий мөнгө зарлагадаад ач холбогдолгүй олон шинжилгээ авах нь үр дүнд хүрэхгүй. Энэ утгаараа залуучуудаас авах цус, биохими, шээсний шинжилгээ яг ямар ач холбогдолтойг ойлгохгүй л байгаа. Идэр насныханд буюу 46-60-тай иргэдийн цусны даралт, эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ, өтгөнд далд цус илрүүлэх зэрэг шинжилгээг авахаар байгаа юм байна. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээний арга нь ихэвчлэн бүдүүн гэдэсний хорт хавдрыг илрүүлэхэд ашигладаг. Бүдүүн гэдэсний хорт хавдраар хамгийн их өвчлөх эрсдэлтэй нас бол 60-аас дээш насныхан байдаг. Тэр утгаараа авч үзвэл уг шинжилгээг 60-аас доош насныхнаас авах нь хэр оновчтой бол, мөн ач холбогдолгүй санагдаж байгаа юм. Харин ахмад буюу 60-аас дээш насныханд сахарын шинжилгээ, эмчийн үзлэг, өлөн үеийн сахарын шинжилгээ, цус, шээсний ерөнхий шинжилгээ, В, С вирус илрүүлэх зэрэг шинжилгээ, үзлэгүүдийг хийхээр байна. Зарим шинжилгээнүүдийг харахад зорилтот насны бүлэгтээ тохирохгүй, дэмий зардал гаргасан, цаг гарзадсан зүйл харагдаж байна.

-Та түрүүн хэлсэн, өдөрт хорт хавдраар 12-13 хүн нас барж байдаг гэж. Тэгвэл энэ аюул болж байгаа өвчнийг эрт илрүүлэх шинжилгээ энэ хөтөлбөрт тусгагдсан уу?

-Миний хувьд эдгээр багц шинжилгээ дунд элэгний хавдрын маркер, түрүү булчирхайн хорт хавдрын шинжилгээ байх шаардлагатай гэж харж байна. Таван насны ангилалд хуваасан багц шинжилгээнүүдийг харахад хэр оновчтой вэ гэдэг асуултыг Эрүүл мэндийн яамнаас асуумаар л санагдаж сууна. Тэр утгаараа төсөвлөгдсөн 60.8 тэрбум төгрөгийг илүү оновчтойгоор, монголчуудыг үхэлд хүргээд буй өвчнүүдийг оношилж, илрүүлэх үзлэг, шинжилгээнд зарцуулах ёстой.

-Та энэ хаврын чуулганаар ямар хуулийн төслийг өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн баталгаа, аюулгүй байдал зэрэг асуудлыг энэ УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд заавал шийдэх ёстой. Энэ хаврын чуулганаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Мөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох хүмүүстэй хамтраад ажиллаж байна. Мөн Улсын Их Хурлын даргын 2020 оны 08 дугаар захирамжаар эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан, миний бие ахлан ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд Н.Учрал, Д.Сарангэрэл, Ц.Туваан, Б.Энхбаяр бид Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай, Цусны донорын тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна.

-2022 оны төсвийн тодотгол чуулганаар батлагдлаа. Үүнтэй уялдаж Төрийн хэмнэлтийн тухай хууль бас батлагдлаа. Эдгээр хуулиуд цаг үеэ олсон гэж харж байгаа юу?

-Төсвийн тодотголын хажуугаар төсвийн хэмнэлтийн асуудал орж ирсэн. Үүнийг би том зарчмын өөрчлөлт болов уу гэж харж байгаа. Учир нь төр данхар бүтцээ багасгах, тансаг хэрэглээнээсээ татгалзах асуудал чухал. Өөрөөр хэлбэл, төр өөрөө илүү хэрэглээ багатай, гүйцэтгэл өндөр тогтолцоо руу шилжих хууль эрх зүйн орчинтой болж эхлэв үү гэж харсан. Хэмнэлтийн хуультай болсноороо цаашид төр ер нь үргэлж хэмнэлтийн горимоор ажилладаг болно. Мөн уг хуулиар давхардсан орон тоонуудыг болон орлогч дарга, дэд дарга нарыг цөөлж байна. Үүнтэй холбоотойгоор төрд ашиглагддаг байсан туулах чадвар сайтай автомашинуудыг суллалаа. Үүний цаана тухайн автомашин бүрд зарцуулагдах шатахуун, түлшний болон жолоочийн цалинг хэмнэчихэж байгаа юм. Эдгээр хотод ашиглагдахгүй, туулах чадвар сайтай автомашинуудыг хөдөө орон нутагт, сумын төвийн түргэн тусламжийн эмнэлгүүдэд хуваарилаад өгчихвөл их зүгээр.

-Сүүлийн үед гишүүд хот, хөдөөгөөрөө маргалдах боллоо. Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг хэрэгжүүлэх асуудал яригдсан. Энэ асуудалд та хотын тойргоос сонгогдсон гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотод зайлшгүй шийдэх ёстой асуудлын нэг бол замын түгжрэл. Түгжрэлээ шийдэж байж хөгжлийн тухай ярина. Энэ хэвээрээ байгаад байвал 2025 он гэхэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолтод орно гэж байгаа шүү дээ. Тэр утгаараа энэ асуудлыг зохих түвшний хариуцсан этгээдүүд, нийслэлээс сонгогдсон гишүүд онцгой анхаарах ёстой. Улсын Их Хурлаас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, нийслэл өөрөө тодорхой асуудлаа шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хотын түгжрэлийг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлд өөрт нь 420 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргалаа. Эрх зүйн орчин бүрдчихсэн, хөрөнгө мөнгө боломжтой байгаа энэ үед нийслэлийн удирдлагууд өөрсдөө зоригтойгоор энэ асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Яг ямар аргаар шийдэх тал дээрээ тооцоо судалгаануудыг маш сайн гаргах ёстой. Улсын Их Хуралд түгжрэлийг бууруулах LRT төслийг судлах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарах байх. Нөгөөтэйгүүр Улсын Их Хурал анх удаагаа түгжрэлийн асуудлыг хэлэлцэж, анхаарал хандуулж тодорхой ажил хэрэгч шийдвэрүүдийг гаргаж байна. Үүнд хот, хөдөөгөөрөө хуваагдаад байх шаардлагагүй. Хөдөө, орон нутгаас хотод ирдэггүй хүн гэж байхгүй. Хөдөө явдаггүй хотынхон ч гэж байхгүй. Энэ бол бидний нийслэл. Тиймээс асуудал байвал бүгдээрээ нийлж л ярих ёстой, шийдвэрлэх хэрэгтэй гэж боддог доо.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ