07 сарын 07, Пүрэв

Г.Занданшатар: Парламент анх удаа төсвийн хэмнэлт, төвлөрлийг сааруулах бодлого баталлаа

Улс төр
16 өдрийн өмнө
Г.Занданшатар: Парламент анх удаа төсвийн хэмнэлт, төвлөрлийг сааруулах бодлого баталлаа

Сэтгүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг "Ардын эрх" нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор УИХ-ын дарга Г.Занданшатар оролцсон. Тус ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


-“Ардын эрх” нэвтрүүлгийн анхны дугаарын зочин болж оролцож байгаа танд баярлалаа. D-parliament аппликейшн хэрэглээнд нэвтрээд сар гаруй болж байна. Иргэдэд очиж байгаа давуу тал, үнэлэмжийг нь юу гэж тодорхойлох вэ?

-Юуны өмнө "Ардын эрх" нэвтрүүлгийн анхны зочин болж байгаадаа баяртай байна. Ардын эрх, D-parliament хоёр бол ардчиллын хоёр тал. Ардын эрх гэдэг бол ардчилал гэсэн үг. Ардчилал гэдэг үгийн жинхэнэ утга нь ардын засаг гэсэн үг. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байна. Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, мөн төлөөллийн байгууллагаараа дамжуулж энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан.

Үүнийг л "Ардын эрх" гэж нэрлэж байгаа юм.  Демоскрат, демократия гэдэг үг чинь ардын эрх, ардын засаг гэсэн утгатай юм билээ. Социализмын үед 1940 онд ардчилал, нийгэмчлэл гэдэг шуурган дунд энэ үгийг засаад өөрчилчихсөн.  Нэгдүгээрт төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байна. Хууль тогтоох үйл ажиллагаандаа ард түмний саналыг тусгадаг, түүнийгээ тайлбарладаг талбарыг Ардын эрх нэвтрүүлэг тодотгож байгаад баяртай байна. Хоёрдугаарт  D-parliament бол зөвлөлдөх ардчиллын цахим талбар юм. Ийм учраас D-parliament гэж нэрлэсэн. D гэдэг нь дижитал буюу цахим, deliberative буюу зөвлөлдөх, democrative буюу ардчилсан. Үүнийг л D парламент гэж нэрлэж байгаа юм. Зөвлөлдөх ардчиллын цахим талбар гэж нэрлэж болно. 

Гол зорилго нь ард түмнийхээ санал бодлыг сонсох, хууль тогтоох үйл ажиллагаанд тусгах юм. Парламент гэдэг үг Parlia гэдэг Франц үгнээс гаралтай. Энэ бол ярих гэсэн үг. Дэлхийн парламентын түүхэнд хөгжлийн анхан шатанд популист буюу хэт таалагдах байдлаар ярих хандлага байсан учраас зөвлөлдөх, мэтгэлцэх механизм болгож төгөлдөржүүлэн хөгжүүлсэн түүхтэй. Тиймээс Монголын парламентын хөгжлийг дараагийн шинэ шатанд гаргаж, ард түмнийхээ санал бодлыг тусгадаг цахим платформыг үүсгэж байгаа нь D-parliament байгаа юм.  D-parliament аппликейшн, сайтаар  ард түмнийхээ саналыг сонсоно. Мэдээлэл хүргэнэ. Ард иргэд, сонгогчдынхоо саналыг хуулийн зүйл заалт бүр дээр тусгаж, хэлэлцэх бололцоотой болж байна гэсэн үг. Цаашид улам хөгжүүлж, цахим хэлэлцүүлэг өрнүүлдэг, эсрэг тэсрэг байр суурийг сонсдог болсноор Монголын ардчиллын төгөлдөршлийн шинэ хувилбар гарна.

Монгол улсын нийт иргэдийн 86,7 хувь нь ухаалаг гар утастай. Хоёр сая 600 мянган хүн интернэтэд холбогдсон байна.  Энэ давуу талаа ашиглаад ардчиллыг шинэ шатанд гаргая. Сэтгэл хөдлөлөөр асуудалд ханддаг байж болохгүй. Ер нь язгуур үндсийг олж, зөвлөлдөж, мэтгэлцэж байж учрыг нь олдог байх хэрэгтэй.

Я.Цэвэл гуайн толинд зөвлөлдөх гэдэг үгийг зөвийг олохын тулд ярилцаж, хэлэлцэх гэсэн агуулгаар тодорхойлсон байдаг. Зөвийн учрыг ухаж ойлгохгүй бол, ярилцаж хэлэлцэхгүй бол ойлгохгүй шүү дээ. Нийгмийн шинжлэх ухаанаар хүн ярьж байгаа үедээ ухаарч ойлгодог юм байна. Бүх зүйлийг ард түмэн мэддэг байх боломжгүй. Бас гурван сая 600 мянган хүнийг нэг дор цуглуулаад, бүгдээрээ хэлэлцээд шийдвэр гаргах боломжгүй. Яагаад гэвэл техник, цаг хугацаа, орон зайн хувьд боломжгүй. Ийм учраас төлөөллийн ардчилал гэж байдаг.

Гэвч энэ нь дандаа төгс төгөлдөр байж чаддаггүй. Уинстон Черчиллийн хэлсэн нэг алдартай үг бий. Ер нь ардчилал гэдэг зүйл олигтой зүйл биш. Гэхдээ хүн төрөлхтөн одоохондоо үүнээс өөр засаглалын хэлбэрийг бодож олж чадаагүй байна гэсэн байдаг. Тийм учраас төлөөллийн ардчиллаа улам боловсронгуй болгохын тулд ард түмэн, мэргэжилтнүүдийнхээ санал бодлыг сонсдог, олон түмний санал бодол дээр суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах явдлыг л  зөвлөлдөх ардчилал буюу манай энэ D-parliament платформ бий болгоно гэж бид итгэж байна. Үүнийг л хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Одоогоор дөнгөж эхэлж байна. Хүмүүст ойлгуулж сурталчлах шаардлага бидэнд байна.

-D-parliament төсөл хэрэглэгчдийн хүртээл болоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Аппликейшн, сайтаар дамжуулаад иргэдийн идэвх, оролцоо тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. Саналаа ирүүлж байгаа иргэдийн олонх нь 2022 оны төсвийн тодотголтой холбоотойгоор санал, бодлоо илэрхийлжээ. Ямар дүгнэлт өгч болохоор байна. Төсвийн тодотгол үр дүнтэй болж чадсан уу?

-Төсвийн тодотгол, төсвийн төсөөллийн хувьд өнгөрсөн хугацаанд төсвийн зардлыг байнга нэмэгдүүлж ирсэн. Энэ удаад төсвийн хэмнэлт, үр ашигтай зарцуулалтыг сайжруулж, төвлөрлийг сааруулах бодлогыг Засгийн газар анх удаа томьёолж УИХ баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Ер нь ямар ч зүйлийг мушгин гуйвуулж болдог нийгмийн сүлжээний эрин үед бид амьдарч байна л даа.

-Өмнө нь төсөв тодотгоход хэмнэсэн төсөв нэг ч хийгдэж байгаагүй юм уу?

-Ерөөсөө тодотголоор төсвийн зардал байнга л нэмэгдсэн байдаг. Энэ удаагийнх төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээний тайлал буюу төрийн хэмнэлтийг хуульчилсан төсвийн тодотгол боллоо гэж хэлж болно. Үүгээрээ өндөр ач холбогдолтой.

-Төрийн хэмнэлтийг хуульчилж байна. Төсвийн тодотголыг батлахдаа анх удаа төсөв хэмнэх агуулгатай баталлаа гэж та хэллээ. Энэ хэмнэлтийн яг бодит үр дүн нь юу байна. Төсвөө тодотгоод гарт баригдаж, нүдэнд харагдах хэдэн төгрөг хэмнэв. Тоогоор хэлж өгөөч?

-Үндсэндээ  зөвхөн хөрөнгө оруулалтаас 500 тэрбум төгрөг хэмнэсэн. Урсгал зардлыг танах замаар 245 тэрбум төгрөг хэмнэсэн. Гэтэл төсвийн алдагдал яагаад буурсангүй вэ гэж зарим гишүүд шүүмжлээд байна.  Өнөөгийн хүнд үед зайлшгүй зарцуулах зардал бас байна.

Жишээлбэл нэгдүгээрт хэмнээд 800 гаруй мянган иргэддээ нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг өгсөн. Үүний шалтгаан нь халамжийг хавтгайрууллаа, 5,7 их наядын халамжийг өнгөрсөн жилүүдэд тараасан байна гэж шүүмжлээд байдаг. Гэтэл тэр нь халамж гэхээсээ ажил хийж байгаа хүмүүсийнхээ орлогыг бага боловч нэмэгдүүлье гэсэн чиглэл, хандлага гэж ойлгож болно. Ажил хийж байгаа хүн нийгмийн даатгал төлж байна. Нийгмийн даатгал төлж байгаа хүндээ буцаан олголт хийж байна гэсэн үг юм. Үүнд 150,8  тэрбум төгрөг зарцуулж байна.

Залуу гэр бүлүүд хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруулж байна. Ажил хийх бололцоогүй байна. Олон асуудал хэл ам дагуулдаг. Тэгвэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хангамжийг сайжруулж, ирэх есдүгээр сараас сугалаагаар биш хүүхэд бүр цэцэрлэгт хамрагддаг байх бодлогыг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Татварын орлогыг бууруулах, зах зээлд эрх чөлөөг нь олгох зэрэг боломжийг бий болгоно.  Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн хангамж, хүрэлцээ муутай газар хувийн цэцэрлэг байгуулаад, ажиллуулж болно. Урсгал зардлыг нь олгоё. Хүүхэд харах үйлчилгээг дэмжье. Стандартыг нь бий болгоод зөвшөөрөл гэхгүй чөлөөтэй болгох хэрэгтэй байгаа юм. Ийм бодлогуудын үр дүнд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах УИХ-ын тогтоол баталсан. Бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Урсгал зардлыг нь өгье. Хувийн хэвшлээ дэмжье. Цэцэрлэгийн хангамжийг сайжруулъя. Үүнээс гадна төрийн үйлчилгээг нэг шатлалтай болгож, 34 тэрбум төгрөг зарцуулна.

Үйлчилгээний ажил хийж байгаа хүмүүсийн цалингийн шатлал маш доогуур байна. Төрийн албанаас хасчихлаа зэрэг маш их хэл ам байсан. Нэн ялангуяа аймаг, сумдад хүчтэй шүүмжлэл өрнөсөн. Үйлдвэрчний эвлэл ч ярьсан. Энэ асуудлыг төрийн үйлчилгээний албыг нэг шатлалтай болгож, 34 тэрбум төгрөг төсөвлөх замаар шийдсэн. Мөн дотоодын үйлдвэрлэл, хүнсний хангамжийг сайжруулах шаардлагатай. Дэлхий нийтийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүнсний хангамж, үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл  буурч байна.

Тиймээс дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хүүгийн зөрүүг олгож байна.  Бага хүүтэй зээлийг арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд олгоно. Үүнд 60,3 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөсөн. Дараагийн асуудал төвлөрлийг сааруулъя. Хотоос хөдөөд очиж амьдарвал нөхцөлийг нь сайжруулж, бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Нийслэлдээ бүгд шаваад хөдөө орон нутаг эзэнгүй Улаанбаатар улс болж болохгүй. Ийм учраас хөдөө орон нутагт орон сууцны зээлийг дэмжих хүүгийн татаасанд 30,1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Урьдчилгааг хөнгөвчлөх зэргээр орон сууцжуулах бодлогыг хөдөө орон нутагт түлхүү дэмжье.  Энэ мэтчилэн хэмнэсэн мөнгөнөөсөө 375,2 тэрбумыг энэ зардлуудад нэмж төсөвлөсөн.

-Хэмнэсэн төсвөөрөө маш олон зүйлийг хийхээр болжээ. Эндээс миний асуух зүйл бол ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд  иргэд хүүхдээ сугалаагүйгээр цэцэрлэгт оруулж чадах уу. Бодитой тооцоон дээр түшиглэж тооцоолол хийж чадсан уу?

-Нийт 745 тэрбум төгрөг хэмнэгдсэнээс  370 тэрбум төгрөгийг татварын орлого талаас буюу татвараа бууруулж байна, хөнгөлж байна, татварын төсөөлөл бага байна. 100 тэрбум төгрөг бүх асуудлыг шийдэхгүй байж болно. Гэхдээ бид шийдэхийг зорьж байгаа юм. Болохгүй, хэцүү гээд суугаад байвал энэ хэзээ ч хэрэгжихгүй. Тийм учраас цэцэрлэгийн хангамж сайжруулах бодлого хэрэгжих ёстой. Хувийн хэвшилд боломжийг нь олгож байна.  Жишээлбэл  Би Америк, Европд харж байсан. Иргэн гэртээ цэцэрлэгийн үйлчилгээ үзүүлдэг. Англи, Орос, Хятад хэл заадаг ч юм уу эсвэл өөр шинэ боломж олгодог. Тэр ажлыг хоёр хүн гэрээгээр хүлээн зөвшөөрч байвал чөлөөтэй явуулдаг. Тухайн үйлчилгээнд тавигдах стандартын шаардлага хангагдаж л байвал чөлөөтэй болго л доо. Ингэвэл болохгүй зүйл байхгүй.  Хамгийн гол нь нийслэл, дүүрэг бүх шатанд зоригтой хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

-Төсвийн хүрээний хэмнэлтийг том дүнгээр нь та хэлж байна. Үүнд дэд дарга нарыг чөлөөлөх, том оврын авто машиныг халах зэрэг багтаж байна уу, тусдаа байна уу?

-Тэр тусдаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар гарах хэмнэлтийг төсөвт тусгах боломжгүй. Яагаад гэвэл одоо хэрэгжиж эхэлж байна. Жишээлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5-1-д зааснаар орлогч нар байхгүй болно. Тэргүүн, тэргүүн дэд, орлогч дарга нарыг хязгаарласан. Агентлагийн дарга нар, төрийн өмчийн компаниуд бүгд орлогч дарга нарынхаа тоог хязгаарлах ёстой. Ингэснээр улсын хэмжээнд зөвхөн агентлагуудын хувьд 37 орлогч захирал цомхотголд орж байна. Зөвхөн үүнээс 770 сая төгрөгийн хэмнэлт гарна. Төрийн өмчийн компаниудыг оролцуулаад тооцвол эндээс 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарна.

Мөн нийслэл, аймгуудын орлогч нар даргыг хязгаарлаж байгаагаас цалингийн хэмнэлтийн хүрээнд 512 сая төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцож байна.  Дээр нь  орон нутгийн хэмжээнд дэд дарга нарыг цомхотгоход УБ хотын хэмжээнд  агентлагийн 360 гаруй дэд дарга нараас гадна төрийн өмчийн компаниуд болон орон нутгийн оруулаад тооцвол 600 гаруй дэд дарга цомхотголд орж байна гэж ойлгож болно. Эндээс багадаа 10 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэнэ. Гэхдээ үр ашиг сайжрах ёстой. Жишээлбэл урьдчилсан тооцооллоор 5500 машины улсад ашиглагдах зориулалтыг өөрчилж байна. Үүнийг онцгой байдал, эмнэлэг, цагдаа, тусгай албадын хэрэгцээнд ашиглах бололцоотой болно.

Г.ЗАНДАНШАТАР: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ СЭРГЭЭХИЙН ТУЛД ТАТВАРЫН БОДЛОГОО ӨӨРЧЛӨХ  ХЭРЭГТЭЙ

-Төсөв бол тодорхой хэмжээнд хэмнэгдээд, хууль батлагдаад явж байна. Нөгөө талд хамт яригдаж байгаа сэдэв бол халамжийн бодлого. Төрийн халамж гарцаагүй хэрэгтэй нийгмийн хэсэг байна. Гэхдээ хэт их халамж хөдөлмөрийн бүтээмжийг байхгүй болголоо гэдэг шүүмжлэл байдаг. Та энэ халамжийн бодлогын талаар  ямар байр суурьтай байдаг бэ? 

-Өнөөдрийн ажилгүйдэл, ядуурал бол халамжийн үндсэн шалтгаан. Жишээлбэл хүүхдийн мөнгөнд гэхэд нэг их наяд 462 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ бол мэдээж хүүхдээ дэмжсэн, төрөлтийг дэмжсэн бодлого мөн үү, мөн. Нөгөө талаас нь бодож үзвэл өнгөрсөн жилүүдэд зөвхөн халамжид 5,7 их наяд төгрөг зарцууллаа, халамжийн улс боллоо, халамж хавтгайрахаар ажил хийх хүн олдохоо болилоо гэсэн шүүмжлэлийг хэлдэг. Гэтэл энэ бүхний уг үндэс шалтгаан нь өнгөрсөн 30 жил хугацаанд бид аж үйлдвэрийг нураасан, баялаг бүтээгчдийг дэмжихгүй байх бодлогыг санаатай, санамсаргүй аль нь боловч хэрэгжүүлж ирсэн нь энэ бүх хямралын учир шалтгаан юм. Гутал хийдэг байсан, арьс шир, ноос, ноолуураа  бүрэн боловсруулдаг байсан.

1990 онд манай улсын экспортын бүтээгдэхүүний 78 хувь нь ЗХУ-д, үлдсэн хувь нь бусад социалист, капиталист орнуудад тэрчлэн Швейцар улс руу хүртэл ноос, ноолуур, арьс, шир, хүнс зэрэг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ экспортолдог байжээ. Тийм учраас 1940 оны Үндсэн хуульд зааснаар Төрийн сүлдэнд  таван хошуу мал байснаа хүрд ордог явдал бол аж үйлдвэрийн орон боллоо гэж бэлгэдсэн хэрэг. Энэтхэг улс төрийн сүлдэндээ хүрдтэй байдаг шүү дээ. Гэтэл аж үйлдвэрээ дэмжих бодлого алдагдсанаас болоод одоо ч баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байх татварын, мөнгө зээлийн, санхүү, төсвийн бодлого явуулж байгаа учраас үйлдвэрлэл хөгжихгүй байна. Үйлдвэрлэл хөгжихгүй болохоор ажлын байх байхгүй, ажлын байр байхгүй болохоор ажилгүйдэл их, ажилгүйдэл их байхаар ядуурал их. Энэ хүмүүс чинь халамж нэхэх нь аргагүй болж байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж чадахгүй байгаа учраас ийм чөтгөрийн тойрогт байгаад байна. Эдийн засгийн хөгжлөөс гадна валютын ханш, төгрөгийн тогтвортой байдал гээд бүх зүйл нөлөөлж байна.

Олон улсын валютын сан, Дэлхийн банкны судалгаагаар  энэ дайны болон цар тахлын нөлөөнд аж үйлдвэржсэн орнууд илүү тэсэж, хоёр дахин хожиж гарна. Харин аж үйлдвэржээгүй, үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй  улс орнууд хохирно, хүнд тусна, уналтад орно, дампуурна гэсэн тооцоо, судалгаатай мэдээлэл танилцуулсан. Хөгжлийн ялгаа улам бүр ихэснэ гэж тайлбарлаж байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн тойм, чиг хандлага. Гэтэл өнөөдөр Япон, Солонгос зэрэг улс орнууд дотооддоо баялаг байхгүй мөртлөө яаж хөгжив. Ерөөсөө л үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөгжсөн. Төмрийн хаан гэдэг кино UBS телевизээр гарсан. Төмрийн хүдэргүй мөртлөө яаж ган үйлдвэрлэгч улс болов. Хөгжлийн гүүр гэж томьёолоод ган үйлдвэрлэгч улс болж, нэмүү өртөг шингээж, машин үйлдвэрлэж байх жишээтэй.

Ингэж бизнес, хувийн хэвшил цэцэглээд эхлэхээр цаашаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж машин үйлдвэрлэгчээс компьютер, гар утас үйлдвэрлэгч болж, шат, шат ахисан төлөвлөгөөтэй бодлоготойгоор хөгжжээ. Ингэж байж л дайны нуранги дороос босож ирсэн байдаг. Гэтэл манай улсад бүх баялаг нь байгаа боловч өнгөрсөн 30 жилд дандаа үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ  хэтрүүлж хэлбэл татвар, зээл, санхүүгийн  бодлогоор хахин хавчиж ирсэн учраас өнөөдрийн ийм байдалд орчхоод байна. Харин өнөө цагт УИХ, Засгийн газраас өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засаж, үндэсний үйлдвэрлэлээ мөнгө  зээлийн бодлогоор дэмжье гэсэн чиглэл гаргаж энэ төсвийн тодотголд хүүгийн татаасыг суулгасан. Цаашдаа татварын бодлогодоо өөрчлөлт хийх хэрэгтэй. 

-Энэ бүхэн төрийн урт хугацааны бодлого болоод явахаар харагдаж байна л даа. Би болохоор танаас яг өнөөд­рийн нөхцөл байдлыг яах юм бэ гэж л асуугаад байгаа юм. Хойд хөршид дайн болохыг мэдээгүй байсан шигээ хэзээ дуу­сахыг мэдэхгүй байна. Тодор­хойгүй олон асуудал байна.

-Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэдэг байхаа. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлээ өнөөдрөөс дэмжиж эхлэх хэрэгтэй. Магадгүй урт хугацаанд үр бас гарна. Бас богино хугацаанд үр дүн гардаг салбар байна. Энэ бол хүнсний салбар. Дэлхийн эдийн засаг, хөдөө аж ахуй, хүнсний нөхцөл байдал хүндэрнэ гэж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зарлачихсан. Улаан буудай үйлдвэрлэгч улс орнууд, Украйн, ОХУ-д болж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад улаан буудай, ургамлын тосны хомсдолд орж болзошгүй. Тэгэхээр эхний ээлжид хийх ажил бол хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээ дэмжье.

Одоо хаврын тариалалт ид өрнөж байна. Хүн болгон тарьцгаая, ургуулцгаая. Эрүүл хүнс хэрэглэцгээе.

Эх орондоо тарьж ургуулцгаая гэсэн санаачилгыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд Монгол улсын Ерөнхийлөгч санаачлаад УИХ-аар хэлэлцүүлж байна. Эндээс бодит санаачилга гарна. Хүнсээ өөрсдөө хангадаг болчихъё. Одоо бол мах, төмс, гурил гурваар л дотоодынхоо хэрэгцээг хангаж байна. Бусад бүтээгдэхүүний 50 хувийг гадаадаас импортоор авч байна. Үүнийг бид богино хугацаанд өөрчилж чадна. Ядаж хүнсний асуудлаа дотооддоо шийдчих юм бол хүнсний аюулгүй байдлаа шийднэ. Хүнсний аюулгүй байдлаа шийдэж байхад энэ хямралын үед нэг алхам урагшаа алхана. Дунд хугацаанд уул уурхайн үйлдвэрлэлийнхээ үр ашгийг сайжруулах, нэмүү өртөг шингээх, нүүрс угаах үйлдвэр , гангийн үйлдвэрээ явуулж байх хэрэгтэй. Одоо явж байгаагаа дэмжих хэрэгтэй. Хоёрдугаарт энэ бүх санхүүжилт хаанаас гарах вэ гэж асуулаа.

Халамжийг танаж, зорилтод бүлэгт нь чиглүүлэх хэрэгтэй. Үнэхээр ядарсан халамж хэрэгтэй хэсэгтээ дөмөгхөн өгье. Хавтгайруулахаа больцгооё гэсэн үг. Харин бусад иргэдээ ажлын байраар хангая. Бизнес хийх бололцоогоор хангая. Цахим гарын үсэг зураад таван минутын дотор цахимаар компани байгуулчихдаг болгоё.  Гадаадын хөрөнгө оруулагч ороод ирэхэд компани байгуулахад жижиг сажиг хүнд суртал тасардаггүй юм байна. Томоохон хөрөнгө оруулагч ороод ирэхэд маш их асуудал тулгардаг талаар ярьж байна. Энэ асуудлуудыг шийдье. Тийм учраас бидний эхний зорилго бол төр хувийн хэвшлийн тухай хууль, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тухай хууль, бизнесийг, баялаг бүтээгчдийг дэмжсэн хууль, бүх бүтээлтийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлье.

-Ардын эрх нэвтрүүлгийн эхний зочинтойгоо ярилцаж байна. Нэгэнт зочинтойгоо ярилцаж байгаагийнх албан ажлынх нь талаар асуухын зэрэгцээгээр нийгмийн сүлжээгээр яригдаж байгаа асуудлуудыг тодруулж мухарлаад гаргачихаж байвал амар юм даа гэсэн бодол байна. Тиймээс би албан бус асуулт асууна. Хүсвэл та хариулаарай. Та ард түмэн бүсээ чангал гэж хэлсэн юм байна. Яагаад тэгж хэлэв. Ард түмэнд чангалах зүйл үлдсэн үү. Үнэхээр танд ард түмэн хэмнэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрсөн юм уу?

-Яг хэлсэн үзэл санаа ийм байгаа юм. Тухайн үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэлэлцээд, зарим гишүүд санал шүүмжлэл өрнүүлээд Засгийн газар тэг ингэ, ард түмэн тэг ингэ гээд нэр бүхий гишүүд олон асуудал тавьсан л даа. Би тэдэнд тэгж хэлсэн. Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Ард түмэндээ үнэн бодит байдлыг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт гадаад, дотоод нөхцөл байдал маш хүнд байна. Хойд хөрш дайны, урд хөрш цар тахлын нөхцөл байдалтай байна. Хязгаарлалтууд тогтоосноос болоод дунд нь Монгол Улс үндсэндээ бүслэлт, хориглолтод байна. Ийм хүнд нөхцөл байдалд байгааг ард иргэд бүгд ухаарч, ойлгох хэрэгтэй.

Ийм учраас хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд бүгд хамтран ажиллах хэрэгтэй. Төрийн бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй гэж хэлсэн. Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсанаар төрийн бүх шатанд хэмнэлтийн горимд шилжчихлээ. Бодит нөхцөл байдал хэцүү байна. Төсвийн орлого, хил, гааль, тээвэр ложистикийн нөхцөл байдал ямар байна. Үүнийг ард иргэд ойлгох ёстой. Ийм учраас Засгийн газар бол бүхнийг чадагч бурхан тэнгэр биш ээ. Бүгд ойлгох хэрэгтэй. Үр ашгийг сайжруулж, төвлөрлийг сааруулъя. Ингэж байж энэ хүндрэлийг давж гарна. Хаврын тариалалт эхэлж байгаа учраас хүн бүр тарьж, ургуулахыг хичээе. Хүнс ногоогоо тарья. Хашаандаа тарья.

Одоо манай улс 330 мянган га-д уринш хийсэн. 60 мянган га сэлгээний талбай байна. 390 мянган га-даа бүрэн тариалах хэрэгтэй. Ингэвэл бид 500 гаруй мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой болно.

Тариаланчид яаж борлуулах юм бэ гэж эргэлзээд байна. Монголын хэрэгцээ 310 мянган тонн. Дэлхий даяар экспортын бололцоо байна. Улсын нөөцөд худалдаж авна. Татаасыг нь төсвийн тодотголд суулгачихлаа. Төр хувийн хэвшил хамтарч, хүчээ нэгтгэж байж хүнд цаг үеийг давж гарна. Эв нэгдэлтэй, хүчээ нэгтгэж байж энэ хүнд цаг үеийг давж гарна. Дэлхий даяараа амаргүй байна. Дэлхийн дэг журамд өөрчлөлт орж, кибер дайн гэхчлэн хуваагдмал нөхцөл байдалд орчихлоо. Ийм үед дотроо эв нэгдэлтэй байж, хөдөлмөрлөж байж давж туулна гэсэн л санаа хэлсэн юм. Тэгэхдээ эцсийн дүндээ бид үр дүнд хүрч, төрийн хэмнэлтийн тухай хуулиа баталлаа. Төрийн бүх албан тушаалтнууд та бид хоёрын ярьсан бидний бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай юм шүү гэдгийг ойлгож байх хэрэгтэй. Тийм учраас бид ард түмнийхээ нийтлэг, язгуур эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулж байх ёстой.

-Янз янзын мэдээллийн халуун цэгт 10 гаруй жил ажиллаж байна. Бас нэг нийгмийн бухимдал төрсөн сэдэв байна. Нэг хүнд ногдох орлого 4000 долларт хүрчээ гээд та хэлжээ. Тооцоо, судалгаа, үндэслэл нь  хаана байна. Монгол улсын аль иргэдийн орлого 4000 долларт хүрчихээд байгаа юм бэ?

-Эдийн засгийн шинжлэх ухаанд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого гэсэн ойлголт байдаг. Үндэсний статистикийн газрын сайт руу ороод үзвэл 2020 онд нэг хүнд ногдох үндэсний орлого 4000 орчим доллар байсан. Үүнийг тухайн үед хэлсэн. Энэ тоог 12 сард хуваавал 300 орчим доллар гарна. Сарын 300 орчим долларын орлого байгаа юу гэвэл байна.  Дэлхий даяар хүртээмжийн эдийн засгийг хөгжүүлж, нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлэх зорилт тавьдаг. Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хангалттай биш. Нэг хүнд ногдох үндэсний орлого 6000, 10000 долларт хүрч байж ардчилал төлөвшин төгөлдөржинө гэсэн эдийн засгийн онол байдаг. Үүнийг гуйвуулаад нэг хүнд ногдох орлого 4000 долларт хүрсэн гэнэ. Сарын орлого тийм болоогүй гэхчлэн ярилаа.

Манайх дандаа сарын орлогоор ярьдаг бол дэлхий даяар дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогыг жилээр нь, нэг жилд бүтээж байгаа бүтээгдэхүүн, орлогын хэмжээгээр хэмждэг. Үүнийг буруу, зөв илэрхийлсэн байж болох ч үндсэн санаа нь нэг хүнд оногдох үндэсний орлого 4000 доллар байна. Үүнийг 6000 ам.долларт хүргэх зорилт тавья. Хүртээмжтэй эдийн засгийг бий болгоё л гэсэн санаа хэлсэн. Сарын гэж огт хэлээгүй. Ардчиллын нэг шинж чанар байна. Нэн ялангуяа сошиал сүлжээний эрин үед сэтгэл хөдлөлийн хандлагаар давамгайлж, тайлбарладаг, гуйвуулдаг хандлага байх юм.  Зөвлөлдөх ардчилал гэдэг бол үүнийг асуух ёстой. Хэн ч надаас асуугаагүй. Ингэж учрыг нь олж явахыг ардын эрх, зөвлөлдөж учрыг олж байж, санал дүгнэлтээ гаргая гэсэн санаа юм. Аж үйлдвэрийн ардчиллын онолоор ч гэсэн ардчилал хэзээ тогтвортой бодитой болох вэ. Ард түмний оролцоо хэзээ хангагдах вэ гэвэл аж үйлдвэржиж байж хангагдана. Сүүлийн үед энэ онол их дэлгэрч байна.

-Спикерийн хувьд таньд төсөөлөл байна уу. Хир хугацааны дараа манай улс аж үйлдвэржих вэ?

-Санаачилгууд бол явж байна. Зэс, төмөр, цемент, гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжээд явж байна. Татаж унагахгүй л байх хэрэгтэй. Япон бол төмрийн хүдэр, коксжих нүүрсгүй улс ч гаднаас импортоор аваад ган үйлдвэрлэгч улс болсон. Машин үйлдвэрлэгч болсон. Солонгос улс төмрийн хүдэр байхгүй ч Австралиас төмрийн хүдэр аваад үйлдвэр байгуулсан. Ингээд хөгжлийн гүүр бол ган, төмөр үйлдвэрлэгч улс болох юм байна гэж зарлаж байх жишээтэй. Би төрийн сүлдийг ирээдүйг бодож их ухаантай хийжээ гэж боддог. Зарим нь шүүмжлээд байдаг. Хүрд бол аж үйлдвэржсэн орон болохыг зорьсон хэрэг.  Далавчтай морь байна гэдэг нь орчин үеийн сэтгэлгээ, оюун санааны хязгааргүй байдал. Цахим хурдаар чөлөөт орон зайд инновацаар хөгжих юм бол бид хөгжингүй улс болох бололцоотой гэсэн санааг төрийн сүлд цаад утгаараа илэрхийлжээ.

Далавчтай морины цаад утга бол эрх чөлөө. Дижитал, нано биотехнологи гэдэг юм бол ямар ч хог хаягдалгүй үйлдвэрлэлийн шинэ эрин үеийг 2030 оноос гаргаж ирнэ. Робот, хиймэл оюун ухаан одоо үйлдвэрлээд явуулж эхэлнэ. Ингээд оюун ухаан шингээгээд инноваци хөгжүүлж чадвал үсрэнгүй хөгжиж, улс орноо хөгжлийн замд оруулж чадна. Энэ хүрээнд Инновацын тухай хуулийг баталлаа. Энэ орчин нөхцлийг шинээр хэрэгжүүлж чадвал улс орон хөгжиж чадна. Үүнийг шинэ аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэдэг болсон. Тийм учраас бид 30 жилийн дотор биш орчин үеийн технологийн боломжийг ашиглах юм бол гурван жилийн дотор бодит үр дүн гарах бололцоотой. Үйлдвэртэй болоход дор хаяж гурван жил шаардагдана. Харин одоо байгаа үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй.

Илэн далангүй улс орны нийгэм, эдийн засгийн хүрээний асуудлууд, хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллагын ард иргэдэд ойртож байгаа, шат гүүр болж байгаа D-parliament аппликейшн, төсвийн тодотгол зэрэг өргөн хүрээнд нээлттэй ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та ҮНДСЭН хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна уу?

Нийт санал:1756

Видео

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ