07 сарын 07, Пүрэв

Б.Жаргалсайхан: Монгол Улс хоёр танхимтай парламент байгуулах нь дэлхийн хөгжилтэй орнуудын сонгодог улс төрийн тогтолцоо руу л шилжинэ гэсэн үг

Улс төр
14 өдрийн өмнө
Б.Жаргалсайхан: Монгол Улс хоёр танхимтай парламент байгуулах нь дэлхийн хөгжилтэй орнуудын сонгодог улс төрийн тогтолцоо руу л шилжинэ гэсэн үг

Бүгд найрамдах намын дарга Базарсадын Жаргалсайхантай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийтээрээ хэлэлцэж байна. Таны хувьд эцэг хуулиа өөрчлөхийг дэмжиж байгаа юу?

-Орчин үед хууль гэдэг бол хааны зарлиг биш. Өнгөрсөн үед хааны зарлиг мянга, мянган жил л явж ирсэн байх. Харин одоо нийгэм эдийн засгийн амьдрал муу тал руугаа ч сайн тал руугаа ч минут, секундээр өөрчлөгдөж байна. Тиймээс цаг үетэйгээ тохируулаад хуулиа өөрчилж байх шаардлагатай. Энэ утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Үүнийг дэмжихгүй байгаа нөхдүүд бол хөшүүн хойрго, хоцрогдсон улсууд байх гэж харж байна. Хуулиа сайжруулъя, нийгэм цаг үетэйгээ уялдуулъя гэхээр хэнээс юу унах гээд байгаа юм.

-Таныхаар одоо бид Үндсэн хуульдаа яг ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж харж байна вэ?

-Нийгэм, улс төрийн амьдралыг зохицуулах чадамжтай төрийн тогтолцоотой болох хэрэгтэй. Өнөөдрийн энэ 76 гэдэг чинь ерөөсөө нэг л болохгүй байгаа биз дээ. Өдөр болгон хуралдаад л. Өдөр болгон хийсэн зүйлгүй Төрийн ордонд өрөөндөө тамхи татаж суусан хүмүүс л байна. Эд нар ингэж хуралдаад, хуралдаад олигтой зүйл гарахгүй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө парламентын том, жижиг гэсэн хоёр танхимтай болгох асуудлыг зоригтой гаргаад ирэх ёстой. Том нь улиралд хоёр удаа хуралддаг. Эсвэл байнгын ажиллагаатай конгрессын гишүүн байж болно. Тухайлбал, Америк шиг. Улиралд хоёр удаа ч юмуу, эсвэл долоо хоногт нэг удаа хуралдаж, төрийн шийдвэрээ тодорхой, зоригтой гаргачихад л болох юм. Тэгэхгүй бол өдөр болгон ордонд тийм ч хурал, ийм ч хурал гээд явдаг. Нэг хууль батлах гэж байна гэж бүтэн сар, улирал болдог нь төрийн үйл ажиллагааг удаашруулж, муухай харагдуулж байгаа юм. Тиймээс төр бол товч, гэхдээ бүх зүйлээ хуралдахаасаа өмнө судалчихсан, мэдчихсэн байх шаардлагатай. Ингээд уг хуулийн төслөө нэг хуралдаад л шууд баталчих. Дараа нь буруу байвал дахиад өөрчлөх асуудлыг нь түргэн боловсруулаад л засаад баталчих. Ийм л шуурхай, түргэн, зоригтой шийдвэрүүд төрөөс гарах ёстой. -Үндсэн хуулийг дагаад сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулахыг олон нийтийн зүгээс шаардаад байгаа шүү дээ. Таныхаар танай намын зүгээс өнөөдрийн Монголын нийгэмд ямар сонгуулийн тогтолцоо нь илүү дээр гэж бодож байна вэ?

-Мэдээж сонгуулийн тогтолцоог нэн даруй өөрчлөх шаардлагатай байна. Сонгуулийн тогтолцоо холимог байх нь зөв. Тэгэхгүй мажоратор системээр явахаар яг Нарантуул зах шиг л юм болж байна. Парламентад суудалтай хэд нь жалга довын юм яриад л сууна. Түүнээс биш улс орны хөгжлийн тухай, нийгмийн амьдралыг яаж сайжруулах уу, яаж иргэдээ ажил хийлгэдэг болох уу гэсэн тухай нэг ч ярихгүй байна. Хэрвээ пропорциональ системтэй болчихвол энэ асуудал байхгүй болно. Энэ систем бол намуудын сонголт. Намууд чинь хөгжил л ярьдаг шүү дээ. Тиймээс жалга, довын үзлээсээ салъя л гэж бодож байгаа бол холимог системээр явах шаардлагатай.

-Холимог системээр явах нь олон намын үзлээс болоод төрийн шийдвэр гаргах тогтолцоо удааширдаг гэсэн шүүмжлэл дагуулдаг шүү дээ...

-Ямар ч тийм зүйл байхгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа систем чинь тийм аятайхан харагдаад байна уу. Ерөөсөө л холимгоор явж байж л манай улс хөгжинө. Түүнээс биш нэг намын олонх гишүүд тэр дундаа нийт иргэдийн саналыг авч чадаагүй өнөөгийн эрх баригчид шиг төрийн дээр суучихаад бодлого гаргаж улс орныг хөгжүүлнэ гэдэг үлгэр. Энэ нь өөрөө хуулийн гажуудал, тогтолцооны алдаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр та дээд, доод танхимтай болох ёстой гэлээ. Өөр ямар өөрчлөлт, нэмэлтийг тусгаж өгөх шаардлагатай гэж харж байна вэ?

-Өнөөдөр манай улсын эдийн засаг нэг үеэ бодоход хамаагүй тэлж өгсөн. Гэсэн хэдий ч эдийн засаг тэлэхийн хэрээр нөгөө талд нь өр зээл гэсэн сөрөг тал байна. Монголд ажил хийдэг хүн алга. Залуучууд нь бүгд архичин, тамхичин, шоучин боллоо. Нийгмийн баялаг бүтээдэг хүн байхгүй байна. Төрийн албан хаагч нэртэй 2500 гаруй хүн зүгээр сууж байгаад цалин авч байна. Орон нутагт ажил хийдэг, малаа өөдтэйхөн шиг маллаад явчих малчин хүн ч алга болж. Ажил хийдэг хүн байхгүй болохоор татвар, түрээс төлж байгаа хүн байхгүй гэсэн үг. Ингэхээрээ улсын төсөв, бусад орлого хумигдаж байна. Монголын нийгэм нийтээрээ улсынхаа нэгдсэн төсвөөс мөнгө хулгайлж, найрлаж, цэнгэсэн, архидсан ийм л байдалтай явж байна. Аль ч улсын нийгэмд ийм зүйл байдаг ч манай улсын нийгэмд энэ байдал бүр хавтгайрлаа. Тиймээс энэ бүхнээ засъя, зөв болгоё гэж бодож л байгаа бол төрийн болон нийгмийн системд бүхлээр нь өөрчлөлт оруулах шаардлагатай. Банк санхүүгийн систем дампуурлын ирмэг дээр байна. Одоо байгаа мажоратор системээр бид цааш явсаар л байвал энэ асуудлыг шийдэж үнэхээр чадахгүй. Яваа яваандаа улс орон сүйрнэ шүү. Тиймээс сонгуулийн системийг холимог болгож байж, намуудыг идэвхтэй татаж байж эдгээр асуудлуудыг шийдэж чадна.

-Өнөөгийн эрх баригч намын хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, та бүхний шаардаад байгаа холимог тогтолцоог бие болгох асуудлыг дэмжиж байгаа гэж харж байна уу?

-Мэдэхгүй. Хэрэв холимог системд орохгүй бол өөрсдөө ирэх 2024 онд ажлаа өгцгөөнө биз. Нийгэм эдийн засгийн амьдрал уналаа. Өнөөдөр зөвхөн өр зээлд асуудал байгаа юм биш. Улс төрийн тогтолцоонд асуудал байна. Шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан шийдвэр нь чадамжгүй. Энэ тогтолцоо нь ийм болгоод байна. Үүнийг л өөрчлөх гээд байгаа юм. Энэ өөрчлөлтийг эрх баригчид дэмжчих байлгүй. Дэмжихгүй бол ажлаа өгцгөөнө биз.

-Сонгуулийн холимог тогтолцоогоор явлаа гэхэд намын жагсаалтаар хүмүүс гарч төрийн эрх барина. Ингэхлээр иргэдийн таалалд нийцээгүй, сонгохыг хүсээгүй улстөрч гараад ирдэг сул талтай шүү дээ...

-Тэгвэл өнөөгийн энэ 76 улстөрч дотор таалагдаад байгаа нь хэн юм. Бүгдийг нь өдөр шөнөгүй муулж л байгаа биз дээ. Тэгж худлаа яриад яах билээ. Би дахиад хэлье. Өнөөдөр манай улс олон намын тогтолцоотой, ардчилсан орон. Тэр утгаараа төрийн үйл хэрэгт энэ олон намын санаа, үзэл бодлыг нь татан оруулах шаардлагатай. Ингэхийн тулд сонгуулийн холимог тогтолцоотой болох нь зайлшгүй юм. Өнөөдөр юм хийх ёстой юу гэвэл хийх ёстой. Бүр юу ч хийхгүй байснаас юу ч хамаагүй хийх л ёстой. Ямар нэгэн ажлыг урагшаа явуулж л байх нь чухал. Монгол Улс парламентын дээд, доод гэсэн хоёр танхимтай болно гэдэг нь дэлхийн хөгжилтэй орнуудын сонгодог улс төрийн тогтолцоо руу л шилжинэ гэсэн үг. Тэгэхгүй заавал өнөөдрийнх шиг, эсвэл өчигдрийнх шиг ийм зэрлэг бүдүүлэг хэвээрээ байж болох юм уу. Эсвэл бүр олон намын системээсээ татгалзчих. Монгол Улс нэг намтай л байя. Улмаар бүх зүйлээ төрд төвлөрүүлчих. Бүгдээрээ сайхан коммунизм байгуулъя л даа. Тэгээд хойд Солонгостой хамтарч ажиллая. Олон намын системийг эсэргүүцээд байгаа юм бол ингээд л явчихъя, хэдүүл ээ. Зах зээлийн нийгэм, олон намын тогтолцоог эсэргүүцэгчид манай улсад цөөнгүй бий шүү. Эдгээр хүмүүс бол Монголыг энэ орчлон дэлхийгээс байхгүй болгочихъё гэсэн санаа, зорилготой гадны тагнуул, туршуулууд. Монгол хүн биш.

-Та Үндсэн хуулиараа парламентын дээд, доод хоёр танхимтай болох ёстойг идэвхтэй ярьж байна. Яг дээд, доод танхимтай болох нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Ач холбогдол бол өндөр. УИХ дээр энэ асуудлыг тал талаасаа ярилцах шаардлагатай. Бидний үзэж байгаагаар манай улс парламентын хоёр танхимтай байх нь зөв гэж харж байгаа. Их танхим нь улиралд нэг удаа хуралддаг. Бага танхим үүргийг нь гүйцэтгэдэг, ийм л байх ёстой. Энэ асуудлыг өнөөгийн Монголын ямар ч улстөрч дэмжихгүй гэх шалтгаан байхгүй болов уу.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа яаж гаргаж ирэх үү?

-Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог байдал нь хэвэндээ л байна биз, хамаагүй. Ерөнхий сайдыг тэртэй тэргүй одоо ч гэсэн УИХ-аасаа л гаргаж ирж байгаа. Энэ байдалд өөрчлөлт их орохгүй дээ.

-УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар Үндсэн хуулийн өөрчлөлт болон УИХ-аас батлан гаргасан хуулийн танилцуулгыг тойрогтоо хийхээр ажиллаж байна. Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ард түмнээсээ асуух шаардлага бий юү?

-Би нэг үнэн зүйл хэлье. Өнөөдөр Монголын ард түмэн Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай байна, ингэж өөрчлөхгүй бол бидний амьдрал үнэхээр хүнд байна гэж яг хэн бодож байна. Ард түмэн мөрөөрөө ажлаа хийхээ л бодож яваа. Улс төрчдийн өмнөөс, хуульчдын өмнөөс цаашлаад энэ УИХ-ын гишүүдийн өмнөөс ард түмэн ажлыг нь хийх ямар шаардлагатай юм. Анх гарахад нь тийм, тийм ажлуудыг хийгээрэй гээд л явуулсан. Тэр ажлуудаа эхлээд хийчих л дээ. Зарим иргэд нь ажил хийхгүйгээр яаж мөнгөтэй болох уу, яаж шоудах уу, яаж архидах уу гэж л бодож байгаа. Түүнээс биш тэр хуулийг яах уу, энэ хуулийг яаж өөрчлөх үү гэж боддог ард түмэн гэж байхгүй ээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхыг нь хязгаарлахгүй байя гэдэг асуудлыг яриад байгаа. Үүнд та хувьдаа ямар байр суурьтай явдаг вэ?

-Давхар дээлтэй байна уу, дантай байна уу энэ бол тийм чухал асуудал биш ээ. Хүн чанартай, хүн харилцаатай, соёлтой, шударга хүн л төрийн албан хаагч байх шаардлагатай. Тийм хүн өөрөө хэдэн давхар дээл өмсөнө үү, хэдийг нь тайлна уу ёстой хамаагүй. Энэ бол улстөрчдийн, намуудын бие биенээ дэгээдэж унагаах шалтгаан. Өөр юу ч биш.

-Гадаад өрийн асуудал хурцадмал байдалд орлоо гэж эдийн засагчид хэлээд байна. Манай улсыг дампуурлаа зарлах улс орны тоонд багтаж байгаа гэж олон улсын байгууллагуудаас үзээд байгаа. Гадаад өрөө бид төлж чадах уу?

-Гадаадаас авсан зээлээрээ баахан автомашин аваад тавьчихлаа. Үлдсэнээр нь 120 мянган айлын орон сууц гээд бетонон ширэнгэ болгоод л хаялаа. Өөр юу хийсэн юм, юу ч хийсэнгүй шүү дээ. Жилд бид 3-4 миллиард долларын импортын бараа авч хэрэглэж байна. Зөвхөн шатах тослох материал гэхэд бид хоёр миллиард ам.доллараар авч хэрэглэж байна. Манай энэ эдийн засагчид Монгол Улсын гадаад өр зээлийг олон нийтэд тайлбарлахдаа их буруу ойлгуулдаг. Тэр нь гадаад өрийг аль нэг нам, эсвэл улстөрчид аваад идээд дуусгачихсан гэдэг. Энэ бол худлаа. Энэ өр зээлийг ард түмэн өөрсдөө авч идсэн. Монголчууд нийтээрээ гадаадаас өр авч түүгээрээ юу ч хийлгүй зүгээр л идчихсэн. Монголд өнөөдөр 500 мянга гаруй суудлын автомашин өдөр бүр замын хөдөлгөөн оролцоод явж байна. Энэ бүх автомашиныг нэг бүрчлэн ам.доллараар худалдан авч байгаа шүү дээ. Баригдаж байгаа энэ барилгууд байна. Бүгдийг нь юань, ам.доллараар худалдан авч байгаа. Энэ 18 аймагт тавиад байгаа замуудыг бүгдийг нь гадаад валютаар тавьж байгуулж байгаа юм. Тиймээс монголчууд бид бүгдээрээ энэ өр зээлийг хамт идэлцэж яваа. Түүнээс биш нэг хоёр компани юм уу, эсвэл хэн нэгэн сайд дарга нар идчихсэн асуудал огт биш. Харин энэ гадаад өр гэсэн иймэрхүү асуудлыг улстөрчид нэгнээ дэгээдэж унагахын тулд нэгэнтэйгээ сөргөлдөж хэрэлдэхийн тулд л зохиомлоор үүсгэж олон нийтийн сэдэв болгодог байхгүй юу. Бидэнд бол гадаад өрөө төлөх боломж байгаа. Ард нийтээрээ, улс даяараа ажил хийцгээ. Өр тавьсан л юм бол буцаагаад төлөхгүй гээд хаа холдох юм. Төлж л таарна.

-Дэлхийн банкнаас Монгол Улсыг ойрын хугацаанд дефолт зарлах орнуудын тоонд оруулчихаад байгаа шүү дээ. Дефолт зарлах нь гадаад хөрөнгө оруулалт зогсох, эдийн засгийн төв боомтуудаа алдах зэрэг эрсдэлтэй байдаг талаар дээр дооргүй л ярьцгааж байна. Таныхаар тэгвэл бид дампуурлаа зарлачих нь зөв юм уу?

-Зээлээ бид төлнө. Төлөх ч болно. Социализмын үед манай улс гадаадаас жилдээ 4-5 миллиард ам.долларын зээл авч байсан. Ингэж авсныхаа хүчинд бид социализмын үеийн 30, 40 жилийн их бүтээн байгуулалтуудыг хийсэн шүү дээ. Ингээд тухайн үед авч байсан их өр гэдгийг чинь тэгээд л хүчингүй болгосон, төлсөн. Одоо ч энэ гадаад өрөө төлнө. Өр тавьж байж л арайхийж амьдарч яваа улс. Хятад улс өөрөө ч гэсэн гадаад өрийн дарамтад орчихсон орон шүү дээ. Тиймээс үнэхээр гадаад өрөө төлж чадахгүй бол бид төлж чадахгүй нь ээ гээд зарладаг юмаа зарлачих л ёстой. Үүнээс айгаад байх зүйлгүй.

-Дефолт зарлалаа гэхэд гадны хөрөнгө оруулалт зогсоно шүү дээ...

-Одоо орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалт гэж юу байгаа юм. Манай улс дефолт зарласан зарлаагүй хөгжил, гадаад харилцаа нь ялгаагүй л байна. Ер нь өнгөрсөн сонгуулиар залуучууд МАН-ын төлөө дээл өмсөж байгаад өвөртөө 100 мянган төгрөг хийгээд л саналаа өгсөн. Одоо тэрнийхээ гайг амсаж байна. Тухайн үед зөндөө л хэлж байсан. Гэвч хэлээд, хэлээд манай ард түмэн бидний үгийг авах биш. Одоо сонголтынхоо горыг амсаж байгаа нь энэ. Удахгүй ам.доллар таван мянгад хүрнэ. Үнийн өсөлт дахиад 2-3 дахин нэмэгдэнэ. Тэр цагт монголчууд их зүйлийг ойлгоно доо.

Эх сурвалж: Өдрийн сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та ҮНДСЭН хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна уу?

Нийт санал:1756

Видео

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ