05 сарын 26, Ням

Б.Болор: Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлаар ажиллах саналыг Л.Энх-Амгалан сайд надад тавьсан

Нийгэм
1 жилийн өмнө
Б.Болор: Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлаар ажиллах саналыг Л.Энх-Амгалан сайд надад тавьсан

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болортой ярилцлаа.

-Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг БСШУ-ны сайдын тушаалаар 9 дүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Таныг тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ сургуультай хэрхэн холбогдох болсон талаар ярилцлагаа эхэлье.

-Би 10 жилээ Орос 3 дугаар сургуульд суралцаж төгссөн. Миний хүүхэд насны бүхий л дурсамж энэ сургуультай салшгүй холбоотой. Мөн сүүлийн дөрвөн жил төрөлх сургуульдаа эдийн засаг, математикийн багшаар ажиллаж байна. Манай хүүхдүүд ч гэсэн тус сургуульд суралцдаг. Иймээс миний ажил амьдрал сургуультай минь салшгүй холбоотой болжээ.

-МАНэрх барьж байгаа үед Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлаар та томилогдоод байна. Хэн анх энэ саналыг танд тавив?

-Би улс төрийн харьяаллаар АН-ын Засгийн үед АН-ын гишүүн учир АН-аас УИХ-д сонгогдон ажиллаж байлаа. Сургуулийн захирлын албан тушаал бол улс төрөөс ангид байх ёстой. Сургууль гэдэг аливаа нэгэн улс төрийн нөлөөлөлгүй байх учиртай. Тийм ч учраас намайг захирлаар томилсон гэж бодож байна. Ямар нэгэн улс төрийн томилгоо биш гэдэг нь тодорхой харагдаж байгаа байх. Би гадны байгууллагад онлайн зөвлөхөөр ажиллахын тулд АН-ын гишүүнээсээ түдгэлзсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн намын харьяалалгүй.

Сайдтай УИХ-д хамтран ажиллаж байсан учраас бие биенээ мэднэ. Л.Энх-Амгалан сайд тус сургуулийн залгамж чанарыг алдуулахгүй, цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай учраас намайг түр орлон гүйцэтгэгч захирлаар томилох саналтай байгаагаа хэлсэн.

-Та албан ёсоор захирал нь болоогүй юм уу?

-Одоогийн байдлаар захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Бас давхар хичээлээ заагаад явж байгаа.

-Энэ сургуульд Оросын нөлөө их үү?

Нийт багш нарын 70 гаруй хувь буюу 200 орчим нь ОХУ-аас ирж ажилладаг учраас нөлөөлнө. Манай сургууль олон улсын гэрээгээр байгуулагдсан учраас дүрэм журам, үйл ажиллагаа нь олон улсын хэлэлцээрээр зохицуулагддаг онцлогтой. Энэхүү хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг нь ОХУ-ын ерөнхий боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршдог. Сургуулийн нийт төсвийн 10 гаруй хувийг Монгол Улсын төсвөөс бүрдүүлдэг, 80 гаруй хувь нь эцэг эхчүүдээс өгдөг сургалтын төлбөрөөр бүрдүүлдэг санхүүжилтийн системтэй. -Орос 3 дугаар сургууль олон тэрбумын дүрмийн сантай юм уу?

-Дүрмийн сан гэж ярихгүй л дээ. Дээр дурдсан эцэг эхийн өгдөг сургалтын төлбөр, улсын төсвөөс олгогдож байгаа төсөв байна. Нийт зардлын ихэнх хувийг багш нарын цалин эзэлдэг. Орос багш нар маань манай төсвийн цалингаар Монголд ажиллахгүй нь ойлгомжтой, тэнд өгдөг цалингаас нь өндөр цалин амлаж байж л Монголд ажиллуулна шүү дээ.

-Одоо сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Мэдээж хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Саяхан ОХУ-аас шалгалтын баг бүрэлдэхүүн манай сургууль дээр ажиллан ахлах ангийн сурагчдаас орос хэлний бичих сонсох, ярих чадварын шалгалт авч түвшин тогтоолоо. Манай сурагчид маш өндөр үнэлгээтэй шалгуулсан.

-Ж.Соронзон захирал асан одоо таны зөвлөхөөр ажиллаж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү. Сургуульд ямар нэгэн албан тушаал хашиж байгаа юу?

-Албан ёсоор миний зөвлөхөөр ажиллаж байгаа зүйл байхгүй. Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд олон ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Ийм учраас 30 жил захирлаар ажилласан Ж.Соронзон багшаасаа зөвлөгөө авалгүй яахав. Миний хувьд багшийгаа хүндэлж, өндрөөр үнэлж явдаг. Намайг 10 жилийн хүүхэд байхад л манай сургуулийн захирал байсан хүн. Энэ сургуулийн амжилт, ололт өнөөдрийн Монгол Улсын шилдэг тэргүүний сургууль болсон нь Ж.Соронзон захиралтай салшгүй холбоотой юм.

-Та Орос 3 дугаар сургуулийг цааш нь хэрхэн авч явах бодолтой байна?

-Монгол улс ОХУ-тай бүрэн стратегийн түншлэлтэй бөгөөд Засаг хоорондын комиссын хурал болгон дээр албан болон албан бусаар сургуулийг дэмжих талаар байнга ярилцаж ирсэн. Одоогийн нөхцөл байдалд зарим нэг хүмүүс орос хэл болон боловсролыг үгүйсгэж байгаа боловч бид нэгэнт хөршөө сонгохгүй шүү дээ. Энэ сургуулийг цаашид энэ хэвээр авч явах нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж би боддог. Орос хэлийг төгс эзэмшсэн хүн дараагийн гадаад хэлийг маш сайн сурдаг. Сургуулийн тогтсон дэг жаягийг эвдэхгүйгээр цааш нь авч явахад сургалтын чанар, сахилга бат зэрэгт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Харин бид өнөөдрийн нийгмийн шаардлагаар технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн ажиллах хэрэгтэй. Энэ утгаараа сургуулийн вэб сайтыг шинэчлэх, гар утасны аппликейшнтэй болох, ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод тусламж дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч, түүнчлэн гадаад дотоодын их дээд сургуулиудтай түлхүү хамтран ажиллахаар ажлаа эхлээд байгаа. Өчигдөр Торонтогийн их сургуультай хамтран ажиллахаар яриа хэлэлцээр хийж, манай сурагчдыг 100 хувийн тэтгэлгээр суралцуулах санал ирүүлэхээр боллоо. Мөн ЭЕШ -т илүү далайцтай бэлдэх шаардлага байна.

-Захирал солигдоод олон сурагч сургуулиас шилжиж байна гэсэн мэдээлэл байсан?

-Энэ бол үндэслэлгүй худал мэдээлэл. Өнөөдрийн байдлаар сургуулиас шилжих өргөдлөө өгсөн 12 хүүхэд л байна. Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад багассан үзүүлэлт. Аль ч сургуульд жил бүр шилжилт хөдөлгөөн хийгддэг шүү дээ.

-Орос багш нар олноор нутаг буцаж байгаа юм уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ мөн л үндэслэлгүй мэдээлэл байна. Нийтдээ гурван орос багш ар гэрийн гачигдлаар буюу нөхөр, хүүхэд, дүүг нь цэрэгт татсан учраас нутаг буцацгаасан. Орос багш нар маань бүгд л гэр орон, үр хүүхдээ орхиод Монголд ажиллахаар ирдэг. Хичээлийн жилийн хугацаанд ар гэр, эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцах тохиолдол жилийн жилд гардаг л асуудал.

-Орос 3 дугаар сургуулийн өмчийн маргааны тухай асуудал юу болж байгаа бол?

-Оросын талаас өмчийн маргаантай гэх асуудал тавьсаар ирсэн. Миний хувьд Засгийн газар хоорондын комиссын орлогч даргаар ажилладаг байсны хувьд энэ асуудлыг сайн мэднэ. Манай улс сургуулийн газрыг Монгол Улсын өмч гэдэг. Энэ асуудал дараагийн засаг хоорондын комисс дээр яригдаж хоёр тал нааштайгаар шийдвэрлэх байх. Сургуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй явах байх гэж бодож байна.

-Таныг АН-аас салгаж ойлгоход хэцүү. Өнөөгийн АН-ын нөхцөл байдлын талаар асуумаар байна. Ардчилсан намд нэгдэх, эвлэрэх зай үлдэж үү?

-Би улс төрөөс нэлээд холдсон байна. Өнөөдөр иргэнийхээ хувьд АН-ыг харж, ажиглаж байгаа. Би чөлөөт зах зээл, хүний эрх гэсэн зүйлүүд дээр хатуу итгэл үнэмшилтэй байдаг. Ардчилсан нам учраа ололцох ёстой. Энэ улсыг тодорхой үед удирдаж явсан томоохон улс төрийн хүчний хувьд учраа олох шаардлагатай. Маргаад байгаа хоёр талыг толгойлж суугаа хоёр нөхөр л больчихвол болчихно гэж хардаг. Баруун европын зарим нэг орнууд улс төржихөөсөө илүү улс орныхоо төлөөх шийдвэрүүд дээр нэгдсэн байдалтай байна. Манай улсын хувьд хоёр том улс төрийн хүчин төмөр зам, Таван толгой, мал аж ахуй гэх зэрэг гол зүйлүүд дээр санал нэгдэн, энэ салбаруудаа хоёр талаасаа дэмжээд ажиллах ёстой. АН-ын хувьд эвлэрэх орон зай үлдсэн гэж би бодож байна.

Хоёрдугаарт, АН шинэчлэгдэх шаардлагатай. Яагаад гэхээр партизануудыг нийгэм хүлээж авахаа больчхоод байна шүү дээ. МАН-ын үе байнга солигддог. АН-ын ах нар өөрсдөд нь дээд үе гэж байхгүй учраас “азаргалсаар” байна. Миний бодлоор өнөөдөр АН-ын дарга шинэ хүн байх ёстой. Арай өөрөөр сэтгэх толгой үгүйлэгдэж байна.

-Та Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг хүнд байна. Энэ хүндрэлээс яаж гарах талаарх бодлогыг Засаг барьж байгаа хүмүүс гаргах ёстой. Монгол Улсын эдийн засаг жижиг учраас сэргээхэд их амархан. Хамгийн гол нь эдийн засгийг “солонгоруулах” л шаардлагатай. Үеийн үед л эдийн засгийг солонгоруулах шаардлагатай гэж ярьдаг л даа. Гэхдээ одоо хэрэгжүүлэх шаардлага үүсч байна. Хариуцлага хүлээнэ гээд төрд гараад ирсэн хүмүүс ажлаа хийх үүрэгтэй.

-Таныг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр ялласан. Энэ яг юу болов? Та хариулт өгөөч.

-Нийгэмд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гээд л шуугиулчихсан. Намайг буруутгасан нь Эрдэнэт үйлдвэртэй огт холбоогүй. Төмөр замыг Монгол Улсын Засгийн газар худалдаж авах шийдвэр гаргаад тэр нь УИХ-ын тогтоолоор дэмжигдээд явсан. Үүний санхүүжилтийг гаргасан гэх үндэслэлээр би буруутгагдсан. Энэ хэргийг Дээд шатны шүүх буруу ялласан байна гэж үзсэн. Одоо ингээд харахаар би лифтчин өмгөөлөгчийн хонгилоор явсан юм байна гэж дүгнэсэн.

Лифтэнд хамт явсан нөхөр нь намайг шүүж байсан шүүгч байсан. Миний хувьд нэг хүнийг хэргээс мултлахын тулд намайг ялласан гэж боддог доо. Надад одоо гомдоллож, гоншигноод байгаа зүйлгүй. Гэхдээ цаашдаа хүнийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсч байна. Бид XXI зуунд ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа шүү дээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ