04 сарын 25, Пүрэв

С.Мөнгөнчимэг: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэхийг УИХ-аар шийднэ

Эдийн засаг
1 жилийн өмнө
С.Мөнгөнчимэг: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэхийг УИХ-аар шийднэ

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.


-Танай яамнаас боловсруулсан 2023 оны улсын төсөв нэлээд маргаан дагуулж байна. Орон нутагт хуваарилсан хөрөнгө харилцан адилгүй байна гэж гишүүд гомдож бухимдацгаагаад байх юм?

-Төсөв бол улс орны хөгжлийн бодлогоо дагаж явдаг. Ирэх оны төсвийн хувьд Шинэ сэргэлтийн бодлоготой уялдаж байгаагаараа онцлогтой. Хоёрдугаарт, төсвийн тэнцлийг сайжруулах, алдагдлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан төсөв болсон. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтыг үр ашигтай байх тал дээр хэд хэдэн реформын шинж чанартай арга хэмжээг тусгасан.

Тухайлбал, 2023 онд шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж байгаа. Оронд нь 2010 онд эхэлсэн хөрөнгө орууулалтуудыг ирэх оны төсөвтөө суулгаад 1061 төсөл хөтөлбөрүүдээс 86 хувийг нь ашиглалтад оруулах зорилт тавьсан.

Ер нь хөрөнгө оруулалын үр ашиг удаан хугацаанд жил дамнан явах нь аж ахуйн нэгж болон засаг талдаа ч хүндрэлтэй байдлыг бий болгодог. Өнгөрсөн хугцаанд эхлүүлсэн ажлуудаа бүгдийг нь дуусгах зорилт тавьж байгаа. Хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах тал дээр хамгийн чухал нь бэлтгэл ажил байдаг. Зураг төсөвтэй, дэд бүтэцтэй бэлтгэл ажил нь хангагдсан хөрөнгө оруулалт төлөвлөсөн хугацаандаа бүтээн байгуулагддаг. Тэгэхээр энэ бодлогыг цаашид хэрэгжүүлж явна. Ирэх онд шинэ хөрөнгө оруулалт тавиагүй ч гэсэн дараагийн жилийн шинэ хөрөнгө оруулалтуудын бэлтгэл ажил болгож зураг төсөл дээр 80 тэрбумыг суулгахаар оруулж ирсэн байгаа. Орон нутагт хуваарилсан хөрөнгө оруулалтуудыг олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна л даа. Хөрөнгө оруулалтын бодлого маань тэгш хуваарилах зарчим биш. Харин хөгжлийнхөө бодлогыг дагаж хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд эдийн засагт үр өгөөжөө өгөх, нийгмийн өндөр ач холбогдлоор нь эрэмбэлж хөрөнгө оруулдаг. Жишээ нь замын хувьд, боомтын хүчин чадлыг сайжруулахын тулд боомт хүртэлх замыг тавих нь эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй. Тийм учраас боомтын замаа эхний ээлжинд тавина. Дараа нь аялал жуулчлалыг дэмжсэн зам, Гуравдугаарт, улсын шинж чанартай зам. Дөрөвт, орон нутгийн шинж чанартай замуудыг тавихаар эрэмбэлэгдсэн.

-Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт яалт ч үгүй өндөр дүнтэй байна шүү дээ?

Төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтыг байршил, нэршил, зориулалт, эхлэх дуусах хугацааг тодорхой зааж өгдөг. Тэгэхээр улс орны хөгжлийн, стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд ч бүтээн байгуулагдаж байгаа нутгийнхаа нэрээр бичигдэж, тухайн аймгийн хөрөнгө оруулалтыг өндөр харагдуулдаг. Хэнтийн хөрөнгө оруулалтад Ульхан боомтын зам, аялал жуулчлалыг дэмжсэн замуудын бүтээн байгуулалт тусгагдсан байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгоно гэсэн бодлогыг хоёр жилийн өмнө зарласан. Тэр хүрээндээ аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлээд эхэлсэн учраас үргэлжилнэ. Иймд Хэнтий аймаг дахь хөрөнгө оруулалт том дүнтэй харагдаад байгаа юм. Яг аялал жуулчлалын үр өгөөжийг зөвхөн Хэнтийд байгаа иргэд хүртэхгүй. Том зургаараа манай улсын эдийн засаг солонгорох, нийгэмд үзүүлэх үр өгөөж өндөр байна. Хоёр жилийн өмнө Баянхонгор аймагт өндөр төсөв тавигдсан гэдэг хэл ам дагуулж байсан шүү дээ. Тэнд Баянхонгор, Говь-Алтай аймгийг холбосон улсын шинж чанартай замын ажилд хөрөнгө оруулалт тавьсан байв. Тэр нь тухайн аймгийн төсвийг өндөр харагдуулж байсан хэрэг. Одоо энэ замын үр шимийг ард иргэд хүртэж байгаа шүү дээ. Яг ийм төлөвлөлтөөс хамаарч тухайн жилийн төсөв өндөр харагдах тохиолдол бий.

-Ирэх онд шинэ бүтээн байгуулалтад хөрөнгө тавиагүй хэрнээ төсвийн дүн өссөн нь ямар учиртай юм бэ?

- Хөгжлийнхөө бодлоготой уялдуулаад авч явах шинэ бүтээн байгуулалт байгаа. Жишээлбэл, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулаад Хөшигийн хөндийн дагуул хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бий. Түгжрэлийг бууруулахад нийслэлд 339 тэрбум төгрөгийг нийтийн тээврийг сайжруулах чиглэлийн бүтээн байгуулалтад зориулна.

-Хэмнэлтийн хуулийн хүрээнд анх удаа зохиогдож байгаа төсөв гэдэг утгаараа 2023 оны төсвийг хэрхэн хэмнэсэн юм бол. Төсвийн танилцуулгаас харахад зардал нэлээд нэмэгдсэн байх юм?

-Нийт зардлын хувьд ирэх оны төсөв маань 20.5 их наядын үзүүлэлттэй гарсан. Энэ онтой харьцуулахад өссөн дүнтэй байгаа. Зайлшгүй зардал нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Энэ нь УИХ-аас өмнө гаргасан хууль тогтоол, хүн амын өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлага, цэцэрлэг, сургууль, тэтгэвэр авагчдын тоо өссөн зэрэгтэй холбоотойгоор 1.6 их наядын зардал нэмэгдэхээр байгаа. 2022 онд цагаан сарын өмнө тэтгэврийн хувь хэмжээ нэмэгдсэн шүү дээ. Үүнтэй холбоотой ирэх оны төсөвт 231 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Дээр нь Ерөнхийлөгчөөс санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын хөтөлбөрт 228 тэрбум төгрөгийг суулгахаар төлөвлөсөн. Дээр нь төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөх бодлого орж ирж байгаа. Үүнийг дагаад 266 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэнэ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооноос хамаарч хоолны зардал 80 тэрбумаар өссөн. Эрчим хүчний тарифтай холбоотой зардал гарч байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болох учраас гарах зардал өсч байгаа. Үүнээс гадна тодорхой бодлогын шинж чанартай зардлууд нэмэгдэнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит боловсролын тэтгэлэг байна. Мөн 10 их наядын хүрээнд авч хэрэгжүүлэх гэж байгаа орон нутагт төвлөрлийг сааруулах, ипотекийн зээлийн зургаан хувийг гурав болгон бууруулж, зөрүү татаасыг төсвөөс өгөх гэх мэт иймэрхүү зардлууд зайлшгүй нэмэгдээд 1.6 их наяд болно. Харин бусад зардал буюу төрийн байгууллагуудын урсгал зардлыг 2022 оны түвшнээсээ өсгөөгүй, бууруулж оруулж ирж байгаа. Хэмнэлтийн хуулийн хүрээнд анх удаа боловсруулсан төсөв гэдэг утгаараа хэмнэлтийн хуулийг бүрэн баримталсан. Энэ хүрээнд нэг их наяд төгрөгийг хэмнэж оруулж ирж байгаа. Ер нь манай улсын зарлага их эмзэг бүтэцтэй л дээ. 73 хувь нь цалин, тэтгэвэр тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө байдаг. 15 хувь нь төрийн байгууллагуудын урсгал зардал. Найман хувь нь гадаадын зээл тусламжийн үйлчилгээний заавал төлөх ёстой мөнгө. Үлдсэн дөрвөн хувь нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих үүднээс татаас өгөх бүтэцтэй байдаг. Бид тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө гээд хүний гар дээр очиж байгаа мөнгийг дорвитой хэмнэж чадахгүй байгаа. Ялангуяа үнийн өсөлт ихтэй инфляци өндөртэй энэ үед бууруулах боломж тун бага. Бидний гол хэмнэж болох мөнгө гэхээр төрийн байгууллагуудын зардал буюу урсгал зардлын 15 хувь л байдаг. Ирэх оны төсвийг боломжийн түвшинд нэлээд сайн хумьж оруулж ирсэн. Үүнээс доош бууруулбал төрийн үйл ажиллагаа доголдоход нөлөөлж болзошгүй гэж харж байгаа. 2023 оны төсвийн алдагдлыг энэ оныхтой харьцуулахад 833 тэрбум төгрөгөөр бууруулсан.

-Ингэхэд яавал алдагдалгүй төсөв баталдаг болох вэ?

-Мэдээж, аль болохоор төсвийг алдагдалгүй, үр ашигтай баталдаг байвал их сайн. Гэхдээ төсөв эдийн засгийн өсөлт, хөгжлөө дэмжсэн тодорхой хэмжээний алдагдалтай байх нь муу зүйл биш. Ирэх онуудад төсвийн хүрээний мэдэгдэлдээ бид алдагдлыг бууруулж ашигтай байх төсвийг баталдаг зарчим руу үе шаттайгаар явж байгаа. Төсвийн алдагдалтай байна гэдэг нь Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын өрийг бууруулахын тулд аль болох алдагдалгүй төсвийг төлөвлөдөг байх үндсэн зарчим руу явах нь зөв. Тиймээс ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.6 хувьтай тэнцэх байсныг бууруулаад 2.8 хувь дээр барьж байгаа. Цаашид 2024 онд ДНБ-ний 2 хувь гэх мэтчилэн бууруулахаар тооцсон.

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт энэ онтойгоо ижил дүнтэй орж иржээ. Эмийн үнэ өсчихлөө. Эрүүл мэндийн даатгалаар иргэд 70 хувийн хөнгөлөлттэй эм авдаг байсан бол одоо 30 хувь болжээ. Энэ мэтчилэн иргэдэд нэлээд хүнд тусна гэж салбарынхан үзэж байсан?

-Эрүүл мэндийн салбарын зардлын хувьд энэ онтойгоо адилхан нэмэгдээгүй, буураагүй оруулж ирсэн нь үнэн. Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хоёр жилд нийт зардлын нэлээд өндөр хувийг ковидын эмчилгээ эзэлж байсан. Одоо цар тахал харьцангуй намжсан учраас тэр орон зайд бусад эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлууд орж ирэх бүрэн боломжтой гэж тооцоолсон.

-Түгжрэлийг бууруулахад 339 тэрбумийг тавьжээ. Энэ хөрөнгөөр ямар ажил хийх вэ?

-550 нийтийн тээврийн автобус шинээр авна. 20 гаруй тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийнэ. 550 автобусны 450 нь цахилгаан автобус авах техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байгаа. Цахилгаан автобуснуудын цэнэглэх, парк шинэчлэлт нь цуг ороод явах юм. Яг ийм тодорхой хоёр чиглэлд энэ хөрөнгийг зарцуулахаар тусгагдсан байгаа.

-Бизнес эрхлэгчдэд ээлтэй төсөв боловсруулсан гэж Засгийн газраас мэдээлж байсан. Аж ахуйн нэгжүүд татварын ямар хөнгөлөлт эдлэх боломж байна вэ?

-Гарааны бизнес эхлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд эхний таван жилд татвараас нь хөнгөлж, чөлөөлнө. IPO гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд IPO гаргах зардлыг нь татвар ногдуулах орлогоос нь хасч тооцоно. Хөрөнгө оруулалтын сан татвар ногдуулахгүй, үйл ажиллагааных нь орлогоос татвар авахгүй байх юм. Нээлттэй компаниудын хувьцааны ногдол ашгийнх нь татварыг дөрөв дахин бууруулж байгаа. Мөн IT компаниудын гадаадын шилжүүлэг буюу серверийн түрээсийн суутган татвар 20 хувь байсныг таван хувь болгосон гэх мэтчилэн татаврын бодлогууд хэрэгжинэ. Үүнээс гадна түгжрэлийг бууруулах хүрээнд аж ахуйн нэгжүүдийг ажилчдаа нийтийн тээврээр зорчихыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм бол татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтууд байгаа. Тухайн аж ахуйн нэгж ажилчдаа нийтийн тээврээр зорчиход нь дэмжлэг үзүүлбэл төрөөс татварын дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Жишээлбэл, ажилчдаа нийтийн тээврээр зорчихыг дэмжиж автобусны карт авч өгвөл энэ зардлыг нь 50 хувиар нэмэгдүүлж тооцон татвар ногдох орлогоос хасч тооцно. Мөн ажилчдаа зөөх автобус оруулж ирлээ гэхэд гаалийн татвараас нь бүрэн чөлөөлнө.

-Шаталсан татварын бодлого оруулж ирж байгаа гэлүү. Уг нь МАН татвар нэмэхгүй гэж сонгуульд амлалт өгч ялсан хэрнээ татвар нэмээд байх юм. Эдийн засаг хүнд байгаа энэ үед татварын дарамт их байна гэж иргэд бухимдалтай байна?

-Арван сая төгрөгөөс дээш цалин, түүнтэй адилтгах орлого олж байгаа бол зөвхөн давсан хэсэгт нь 15 хувийн татвар авах юм. Жишээлбэл, 11 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд арван сая төгрөгт нь арван хувь, давсан нэг сая төгрөгт 15 хувийн татвар өгнө. 15 саяас дээш цалинтай бол давсан хэсэгтээ 20 хувийн татвар өгөхөөр зохицуулалт орж ирж байгаа. Манай улсын хэмжээнд 817 мянган татвар төлөгч байдаг. Үүнээс саяын хэлсэн шаталсан татварын нөлөөнд 1300 орчим хүн орох юм байна гэсэн тооцоолол гарч байгаа. Төсвийн орлого талдаа нөлөөлөл нь багатай. Төсвийн орлого гэхээсээ илүү улс орны хэрэгжүүлж буй орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилготой татварын тогтолцоог оруулж ирэх нь зүйтэй. Дэлхий дээр 150 улс шаталсан татварын тогтолцоотой. 14 улс л манайх шиг тогтолцоотой байдаг. Татварыг нэмснээр төсвийн орлогыг өсгөх зорилготой биш. Ер нь шаталсан татварын зөв системд бодлогын хувьд тодорхой шилжилт хийгээд орох нь зүйтэй гэдэг утгаар ирэх оны төсөв дээр ороод явж байгаа.

-Та дээр төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог шинэчлэх бодлого орж ирж байгаа гэж дурдсан. Энэ хүрээнд ямар өөрчлөлт орох вэ?

-Ирэх онд төрийн алба хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгоно. Нэг жил ажиллавал нэг хувийн, хоёр жил ажиллавал хоёр хувь, гурван жил ажиллаж байгаа бол гурван хувийн нэмэгдэл гэдэг ч юм уу цалин нь өсөн нэмэгдэх байдлаар явна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар тав, таван жилийн хугацаатай байгаа. 0-5 жил ажилласан хүн ямар ч нэмэгдэлгүй. 6-10 жил ажилласан бол цалингийн таван хувийн нэмэгдэлтэй. Тэгэхээр зургаа болон есөн жил ажилласан төрийн албан хаагч яг ижилхэн нэмэгдэл авдаг байх нь. Харин шинэ зохицуулалтаар зургаан жил ажилласан бол зургаан хувь, есөн ажил ажилласан бол есөн хувийн нэмэгдэл авдаг болно. Гуравдугаарт, төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх асуудал орж ирж байгаа. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож олгох юм. Үлдсэн 80 хүртэлх хувийг орон нутгаас өгөхөөр зохицуулалт хийсэн. Орон нутгийн төрийн албан хаагчдын цалин 100 хувиар нэмэгдэх боломжийг нээж өгч байна. Дөрөвдүгээрт, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн төрийн үйлчилгээний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэж байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдана. Нийт 160 мянга орчим төрийн албан хаагчдад хамрагдах тооцоотой байгаа.

-Ирэх оны төсөвт боловсруулах үйлдвэрийг одоо байгаагаас нэг шат ахиулна гэл үү. Ямар үр дүн хүлээж болох вэ?

-Үүнтэй холбогдолтой хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр үйлчилгээг боловсруулдаг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлж байгаа. Ингэснээр хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Эрчим хүчний тариф яаж өөрчлөгдөх вэ?

-Үндсэн бодлого барьж байгаа салбарын сайд нь эрчим хүчний тарифыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн. Сангийн яамны зүгээс төсөвтөө энэ тооцооллыг оруулсан. Эрчим хүчний тариф тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

-Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах уу. Орон нутагт ипотекийн зээлийн дэмжлэг үзүүлнэ гэж та ярилцлагынхаа эхэнд хэллээ. Хичнээн хүн хамрагдах боломжтой вэ?

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулсан шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Үүнээс хойш үргэлжлүүлэх эсэхэд УИХ-аас шийдвэр гаргана. Харин ирэх оны төсөвт орон нутагт шинээр орон сууц худалдаж авсан иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох зохицуулалтын хүрээндээ 5600 өрх энэ зээлд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа. Хөдөө орон нутагт Улаанбаатараас шилжиж очоод ипотекийн зээлд хамрагдаж байгаа хүн, мөн тэндээ амьдарч байгаа хэрнээ анх удаа ипотекийн зээлд хамрагдах өрхөд энэ дэмжлэгтэй хөтөлбөр хэрэгжинэ. Ер нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй залуу гэр бүлүүдэд урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх нь амаргүй байдаг. Тэгвэл үүний 60 хувьд нь зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргах зохицуулалтыг хийж өгсөн байгаа. Ирэх оны төсвийн дагалдах хуулийн хүрээнд газартай холбогдолтой хуулийн зохицуулалт ч орж ирж байгаа. Орон нутагт шилжиж очсон иргэдэд үнэ төлбөргүйгээр газар олгоно. Гол нь нийслэлээс орон нутагт шилжиж очсон иргэдийг ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах бодлоготой холбоотой эдгээр хөтөлбөр хэрэгжих юм.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ