04 сарын 20, Бямба

Н.Энхтайван: УИХ-д нэр дэвшигчдийг шалгууртай болгоогүй цагт гишүүдийн тоог нэмсэн ч чанарын ялгаа гарахгүй

Улс төр
1 жилийн өмнө
Н.Энхтайван: УИХ-д нэр дэвшигчдийг шалгууртай болгоогүй цагт гишүүдийн тоог нэмсэн ч чанарын ялгаа гарахгүй

Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайвантай ярилцлаа.


-Та Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн. Гадаад харилцааны яам цаашид юун дээр илүү анхаарч ажиллаасай гэж бодож явдаг талаар ярилцлагаа эхэлье?

-Манай яамныхан юу хийхээ надаас асуултгүй сайн мэдэж байгаа. Дипломат албанд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүстэй олон жил бодол санаа нийлж хамтарч ажилласан. Гадаад харилцаа зөвхөн улс төрийн дипломат харилцаа биш болоод олон жил болж байгаа. Дэлхийд цэрэг зэвсэг гэхээс илүү эдийн засгийн ноёрхлын төлөө тулалдаж байна. Ялангуяа манай гадаад харилцаа нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол хөдөлгөх хөшүүрэг болж байна. Тийм ч учраас гадаад харилцааг эдийн засагжуулах ажил хийгдээд нэлээд хэдэн жил болж байгаа. Томоохон айлчлал, уулзалт, хэлэлцээ бүр худалдаа, эдийн засгийн агуулгаар дүүрэн байдаг. Хэдий тийм ч цаашид гадаад харилцааг эдийн засагжуулах асуудалд илүү өндөр ач холбогдол өгөхийг зөвлөх байна.

-Та цар тахал дэгдсэн хамгийн хүнд үед сайдаар ажилласан. Энэ хугацаанд Хятад, Орос, Японы Гадаад хэргийн сайд нарын гурван том айлчлал хэрэгжсэн. Богино хугацаанд айлчлалууд хэрэгжихэд юу нөлөөлсөн бэ?

-Гадаадын сайд дарга нар урихаар л хүрээд ирдэг, бид очъё гэхээр тэд хүлээгээд авдаг зүйлгүй. Том орнуудын айлчлал богино хугацаанд хэрэгжиж байгаа нь Монгол Улсын олон улс дахь нэр хүнд, байр суурь өндөр байгаагийн илрэл гэж хэлж болно. Мөн олон жил тогтвортой, үр өгөөжтэй гадаад бодлого явуулж ирсний үр дүн юм. У.Хүрэлсүхийн шинэ засгийн газрын гадаад харилцаандаа баримталж буй бодлого, алхмууд яах аргагүй дэлхийн их гүрнүүдийн анхаарлыг татахад хүргэсэн. Тухайлбал, хэдийгээр цар тахалтай байсан ч манай яамныхан гадаад айлчлалыг сэргээх, эрчимжүүлэхэд чиглэсэн олон үр дүнтэй арга хэмжээг эхлүүлсэн. Нэг сарын дотор дөрвөн том айлчлал зохион байгуулахаар төлөвлөж ажилласан. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотеги Монгол Улсад, миний бие Гадаад харилцааны сайдын хувиар ОХУ-д айлчилсан. Нэг сарын дотор гурван том айлчлал хэрэгжсэн. АНУ-ын ТНБД Помпео мөн Монголд айлчлал хийх байсан ч нэг хоногийн өмнө цуцлагдсан. Учир нь Ерөнхийлөгч асан Трамп ковид тусаад айлчлал гэнэт хойшлогдсон юм.

-Хятадын КН-ын 20 дугаар их хурлаар Си Жиньпин дарга дахин сонгогдлоо. Та Хятадын асуудлаар олон жил ажилласан хүний хувьд энэ үйл явцыг хэрхэн харж байна?

-БНХАУ-ын удирдагчид нэг хүчтэй хүний гарт энэ том улсын хувь заяаг даатгасан нь зүйтэй гэдгийг тэд дотроо хөшигний ард их ярьсан байлгүй дээ. Тийм ч учраас Хятад улсын улс төр маш тогтвортой байна. Хятад улсын тогтвортой байгаа явдал нь дэлхий нийтэд ашиг тустай. Си Жиньпин дарга Хятад улсыг дахин 10 жил удирдах нь тодорхой болсон. Тэгэхээр хоёр улсын харилцааг хэрхэн зөв зохистой хөгжүүлэх вэ гэдэг дээр илүү зөв оновчтой бодлого явуулах нь маш чухал. Монгол, Хятад хоёр улс нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Гадаад харилцаанд үүнээс илүү түвшинд улс төрийн итгэлцэл гэж байхгүй. Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа сайн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Си Жиньпин даргын урилгаар арваннэгдүгээр сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал манай хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн ач холбогдолтой айлчлал болно гэдэгт итгэлтэй байна.

-Гадаад харилцааны сайд байсан хүний хувьд Орос, Украины дайны талаар ямар үнэлэлт өгөх вэ?

-Үнэхээр их харамсаж байна. Энэ дайн Их Монгол Улсын үеийн эмгэнэлт түүхийг давтчихлаа гэж харагдаж байна. Алтан ордны улс, Хүлэгүгийн Ил хаант хоёр улсын байлдаанаар монголчуудын зөрчил эхэлсэн. Хүлэгү, Бэрх нарын тулаан бол монголчууд хоорондоо зэвсэг зөрүүлсэн эмгэнэлт түүх. Хоёр талаас нийт 700 мянган цэрэг тулалдсан. Их Чингис хааны үед ч байгаагүй их цэрэг, том тулаан болсон. Монгол ахан дүүс атаатан дайсан болсон. Хүлэгү ялсан ч маш их хохирол амссан. Эзэн Чингисийн захиасыг умартсан. Монголын доройтлын хүчтэй суурь тавигдсан. Монголчууд бөхөж эхэлсэн хамгийн том эмгэнэл болсон. Үүний нэгэн адил цагтаа нэг улс байсан ах дүүгийн харилцаатай Орос, Украины доройтлын суурь тавигдчих шиг боллоо. Мэдээж зарим орон энэ дайнаас ашиг хонжоо хайж байгаа. Бусдын идэш болж байна. Олон улс ихээхэн хохирол амсаж байна. Монгол Улсад улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч хор уршигтай.

-Таныг намынхаа бодлогын бичиг баримт боловсруулдаг гол хүний нэг гэдэг. МАН дараалсан олон ялалт байгуулахад сонгуулийн мөрийн хөтөлбөр мэдээж чухал үүрэгтэй байсан. Ямар баримт бичгүүд боловсруулахад голлон оролцож байв?

-Ер нь нам болон төрийн бодлогын бичиг баримт боловсруулах олон ажилд 2010 оноос хойш оролцож ирлээ. Би өөрийгөө бичиг, цаасны хүн л гэж боддог. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Хамгийн сүүлд МАН-ын 30 дугаар их хурлын бичиг баримт, тогтоол боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Нарийн бичгийн дарга гэдэг бол бүх цаасыг гардан хариуцаж хийдэг амаргүй ажил. Түүнчлэн нам дээр бодлогын бичиг баримт боловсруулдаг тогтвортой албатай болмоор санагддаг. Овоо гайгүй бичиг, цаас гараас нь гардаг хүн нэг мэдэхэд л нэг тийшээ дарга болоод томилогдоод явчихдаг.

-Тэдгээрийн хэрэгжилт ямар явцтай байна. Монгол Улс хэрхэн хурдацтай хөгжих юм бэ?

-Үнэндээ ямар ч сайхан хөтөлбөр, төлөвлөгөө байгаад хэрэгжилт муухан байдаг. Тэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тогтолцоо, бүтэц, чадвар тааруу байна. Сайд, дарга нар нь байнга солигдоод байхад яаж ч хэрэгжих билээ. 2016 онд МАН ялснаас хойших зургаан жилийн хугацаанд гэхэд яамдын сайд нар 4-7 удаа солигдсон байна. Боловсролын яам гэхэд 2016 оноос хойш 6 дахь сайдаа үзэж байна. Тэгэхээр Монголын боловсрол сайн байх үндэс байх уу. Энэ салбарын хөтөлбөр төлөвлөгөө бүрэн хэрэгжих үү. Зам тээврийн яам гэхэд жил бүрийн шинэ жилээ нэг шинэ сайдтай хийдэг гэдэг уламжлал тогтоод байна. Манай улс сүүлийн хэдэн жил дараалан төсвөө дандаа л алдагдалтай баталж ирсэн. Энэ жил мөн л давтагдлаа. Монгол Улсад хөгжлийн хатуу төлөвлөгөө байхгүй бол амжилтад хүрэхгүй. Хариуцлагыг тэргүүн фронтод тавих ёстой. Хатуу чанд сахилга батыг хэвшүүлж, хариуцлага тооцож чадахгүй бол ямар ч сайн хөтөлбөр байгаад хэрэгжихгүй.

-Төрд боловсролтой, мэдлэгтэй хүмүүс ажиллахгүй байгаа учраас нийгэм, эдийн засгийн байдал улам доройтож, амьдрал хүндэрч байна гэж үзэж болох уу?

-Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гээд манай ардын сайхан зүйр үг байдаг даа. Тэгэхээр тэр судлаачид, эрдэмтдийг хүлээх биш тэднийг урьж залж төрд ажиллуулах хэрэгтэй. Өндөр боловсролтой, гадаад хэл сайтай залуучууд их болж байна. Харин тэд төрийн албанд ажиллахыг хүсэхгүй байна. Учир нь цалин мөнгө бага гэхээсээ илүү төрийн алба их муухай, шударга биш гэдэг ойлголттой болж байна. Уг нь тэр залуучуудад эх орноо хөгжүүлэхэд зүтгэх ёстой, сурсан мэдсэнээ харуулах ёстой гэсэн их итгэл, зориг байгаад байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин өндөр боловсрол, мэдлэгтэй залуусаар багаа бүрдүүлэхийг их хичээж ажиллаж байгаа нь их олзуурхууштай байна.

-Ямар хүн төрийн түшээ болж, төрд өндөр алба хаших ёстой юм бэ?

-Төрийн хүний ноён нуруу гэж манай ард түмэн ярьдаг шүү дээ. Төрийн хүн төвшин байдаг. Ер нь боловсролтой, хүмүүжилтэй, шударга хүмүүс нь хойш суувал тэдний орыг ямар хүн эзэгнэн суух нь ойлгомжтой. Хамгийн гол нь төрийн ажлын төлөө яс нь салж унах гэж байгаа мэт янгинан өвдөж байгаа хүн л төрийн өндөр албанд ажиллах учиртай. Амарч явахдаа ч сэтгэл нь амардаггүй хүн л төрийн өндөр алба хаших ёстой. Сүүлийн 30-аад жилийн түүхийг харахад Монголын төрд “Мандухай цэцэн хатан” кинонд гардаг Эсмэл сайд шиг дүрдүүд олширч, Сатай сайд шиг хүмүүс цөөрч байна даа. Хэрвээ мод мөчиргүй, навчгүй бол та түүнийг мод гэх үү. Хэрвээ дарга чинь боловсролгүй, туршлагагүй бол та түүнийг дарга гэх үү.

-Төрийн өндөр албаныхан болон УИХ-ын гишүүдийн нэр хүнд улам л унаж байна. Унах болсон шалтгааныг юу гэж харж байна?

-Нэг үхрийн эвэр дэлсэхээр мянган үхрийн эвэр доргино гэдэг. Цөөн нь олноо баллаад байна. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга монголоороо ч зөв бичиж чаддаггүй гэж ярьж байсан хүнтэй таарч байлаа. Олигтойхон төгссөн сургууль үгүй, төрд нэг жил ч ажиллаагүй, албаны нэг хуудас цаас ч бичиж үзээгүй хүмүүс том дарга болохоор туршлага дутагддаг биз. Өнөөдөр УИХ-ын гишүүн болоход мэргэжил, боловсролын ямар ч шалгуур байхгүй. Ямар ч хүн нэр дэвшиж болно. Гэтэл жолооч болоход шалгууртай, эмч болоход шалгууртай. Төрийн захиргааны аль ч албанд очиход төрийн албаны тухай хуулиар мэргэжлийн олон шалгууртай байдаг. УИХ-д нэр дэвших, гишүүн болох, улс төрийн өндөр албанд тавих шалгуур нь их өөр. Энэ тогтолцоог эрс шийдэмгий өөрчлөхгүй бол Монгол Улс хөгжихгүй, харин эсрэгээр уруудан доройтно.

-УИХ-д нэр дэвшигчдэд хуулиар шалгууртай болгох ёстой гэж хэлж байна уу?

-Тийм. Уг нь төрийн эрх барих дээд байгууллагад бас дориухан хүн суух хэрэгтэй биз дээ. УИХ-д нэр дэвшигчдийг шалгууртай болгоогүй цагт гишүүдийн тоог нэмсэн ч, хассан ч чанарын ялгаа огт гарахгүй. Мөнгө хөөсөн хүн, боловсрол хөөсөн хүн хоёрын ялгаа их. Төрд ажилласан хүн, бизнесийн салбарт ажиллаж байсан хүний ялгаа их байдаг. Их хуралд нэр дэвшихэд шалгууртай байх ёстой. Сайд, дэд сайд болж байгаа хүмүүст шалгуур тогтоох ёстой. УИХ-ын гишүүд үнэхээр улс эх орноо боддог л юм бол үүнийг одоо хийх хэрэгтэй. 2024 онд бид цоо шинэ сонгуулийг хийх ёстой.

-Таны бодлоор ямар шалгуур байх ёстой гэж?

-Ямар шалгуур тогтоох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Би өөрийнхөө төсөөллийг хэлье. Боловсролын хувьд магистр, түүнээс дээш зэрэгтэй, төрийн захиргааны албанд ядаж таваас дээш жил ажилласан туршлагатай, төрийн албаны шалгалтад тэнцсэн, гадаадын нэг хэлийг албан ажил явуулах хэмжээнд эзэмшсэн, авлига, хэрэг зөрчил, ёс суртахууны асуудалгүй болох нь тогтоогдсон гэх мэт. Мөн тодорхой насны хязгаар ч баймаар санагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч 50 нас хүрсэн байна гээд хуульчилсан. Тэгэхлээр Их хурлын гишүүн болох хүн 40 наснаас дээш байвал болохгүй юмгүй. Уг нь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг маш мэргэн үгийг ягштал мөрдөх хэрэг байгаа юм.

-Та сайд болтлоо төрийн албанд ажилласан байдаг. Их хуралд суучих юмсан гэдэг бодол бий юү?

-Миний сурсан сургууль, боловсрол, мэргэшсэн чиглэл гэж бий. Миний өөрийн мөн чанар, онцлог гэж байна. Би төрийн ажлыг 25 жил хийж байгаад сайд болсон. Би төрийн сайн албан хаагч л байхын төлөө хичээж, ажиллаж ирсэн. Сайн сагс тоглодог хүнийг хөлбөмбөгийн тэмцээнд оруулахад мэдээж амжилт гаргахгүй. Англи хэлтэй хүнийг оросоор яриулахад, япон хэлтэй хүнийг хятадаар яриулахад их хугацаа, бэлтгэл хэрэгтэй. УИХ-ын гишүүн болох хүнд шалгуур тавьж хуульчилсан тохиолдолд, хэрэв би тэр шалгуурыг давж чадаж байвал өрсөлдөх зориг надад бас байна. Бичиг цаас их нухдаг Д.Лүндээжанцан гуай шиг бичгийн хүмүүс Их хуралд олон байгаасай гэж боддог доо.

-Та одоо хаана ажиллаж байна. Төрийн ажил албанд ажиллах санал болгосон зүйл байна уу?

-"Хорвоо дэлхий уужим, хийх юм их байна" гэдэг ном байдаг даа. Би төрийн албанд ажиллахгүй болохоос биш их завгүй л ажиллаж байна. Мэргэжилийн, боловсролтой, ажлын туршлагатай, ёс зүйтэй, төрд сэтгэлтэй хүнийг зохих албанд нь тавих юмсан гэдэг бодлыг дарга, гишүүд нар үргэлж тээж явдаг. Энэ шаардлагаа улам өндөржүүлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж явдаг.

-Та Ардчилсан нам, сөрөг хүчний талаар ямар бодолтой байдаг вэ?

-Билүү, хутга хоёр бие биенээ хурцалж өнгө оруулж байдаг. Усгүйгээр бол өнгө орохгүй, хурцлагдахгүй. Уг нь эрх баригч, сөрөг хүчин хоёр ийм л байх учиртай. Ардчилсан нам болон өөр улс төрийн хүчин илүү хүчтэй сөрөг хүчин болж гарч ирсэн бол улс оронд илүү хэрэгтэй байлаа. Тэгж байж Монгол Улс улам хөгжих учиртай юм.

-Та олон нийт, хэвлэл мэдээллээр нэг их гараад байдаггүй.

-Тэнэг хүн харагдах гэж урдуур гүйдэг. Ухаантай хүн харах гэж ард нь үлддэг гэдэг үг бий. Олонд танигдах гэж попордог хүмүүс хийж гийгүүлээд байгаа зүйл нь бага л байна. Гадаад харилцааны системд олон жил ажилласан хүн попрох зангүй болчихдог бололтой. Ер нь ГХЯ-нд ажиллаж байгаа хүмүүс ч нэг тийм даруухан хүмүүжилтэй болоод төлөвшчихдөг. Би дипломат албанд олон жил ажилласан. Мөн миний хувь хүний онцлог нөлөөлдөг биз ээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ