05 сарын 06, Даваа

Б.Мөнхтамир: Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тендергүйгээр нэг компани МИАТ-ийн хоолыг хариуцаж байсан

Нийгэм
2 сарын өмнө
Б.Мөнхтамир: Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тендергүйгээр нэг компани МИАТ-ийн хоолыг хариуцаж байсан

Монголын Иргэний Агаарын Тээвэр "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа. 



-Сүүлийн үед МИАТ-ийн тийзийн үнэтэй холбоотой асуудал маш их яригдлаа. Үүнд та тайлбар өгнө үү?

-Манай компани 2011 оноос хойш үнэ тарифтаа огт өөрчлөлт хийгээгүй байсан.

Харин 2023 оны есдүгээр сард олон улсын есөн чиглэлд тарифаа хямдруулсан байгаа. Энэ нь чиглэл бүр дээр харилцан адилгүй буюу 10-26 хувиар хямдарсан.

МИАТ үнэтэй байна гэдэг дээр тайлбар хэлэхэд тийзийн үнийг олон улсын нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд гадаадын валютаар тогтоодог. Тэгэхээр дан ганц МИАТ гэлтгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын нислэгийн үйлчилгээ үзүүлдэг агаарын тээврийн компаниуд гадаад улсын дээгүүр ниснэ. Ингэхдээ агаарын зам ашигласны төлбөр буюу "навигацийн төлбөр" төлдөг.

Мөн гадаадын нисэх буудалд хөөрч, буух төлбөр, газрын үйлчилгээний төлбөр гэх мэтчилэн тодорхой хэмжээний зардлууд гардаг. Энэ нь валютаар төлөгддөг учраас үнэ тарифаа заавал валютаар тогтоодог. Гэтэл Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төгрөгийн ханш эрчтэй унаж, долларын ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор ард иргэдийн гар дээр тийзийн үнэ өсөж байгаа мэт харагддаг.

Үнэн хэрэгтээ МИАТ компани 2011 онд валютаар тогтоосон тийзийн үнэдээ огт өөрчлөлт оруулаагүй.

- Тарифын үнийг буулгахад нөлөөлсөн зүйл юу байв?

-Компаниас гардаг нийт зардлын 30-40 хувийг шатахууны зардал эзэлдэг. Монгол Улс шатахуун үйлдвэрлэгч орон биш. Гаднын орнуудаас шатахуун импортолж, хэрэглэдэг.

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд дотоодын шатахуун тээвэрлэгч байгууллагуудаас нээлттэй тендерийн дагуу худалдан авдаг байсан. Ингэхдээ импортын шатахууныг нийлүүлэгч байгууллагын ашиг нэмэгдсэн үнээр худалдаж авдаг байсан гэсэн үг.

Харин өнгөрсөн 2022 оны есдүгээр сараас эхлээд бид ОХУ-ын Роснефьт компаниас шатахууныг ямар нэг нэмэгдэлгүйгээр худалдан авдаг болсноор шатахууны үнэ харьцангуй хямдарсан. Үүнтэй холбоотойгоор тийзийн үнийг бууруулах боломж бүрдсэн байгаа.

Манай компанийн сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн сайн хэрэгжүүлсэн зүйл бол хэмнэлт. Бид КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр 2020, 2021 онуудад дараалан алдагдал хүлээсэн. Энэ хугацаандаа нийт ажилтнуудаас санал авч, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх олон төрлийн ажлыг зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хэмнэлтийн ажлуудаа хэрэгжүүлээд явж байгаа.

-"Эрээнээс олон улсын нислэг явж эхэлсэн. Тодруулбал Монголоос Сөүл рүү нисэх, Эрээнээс Сөүл рүү нисэх хоёрт ханшийн зөрүү маш их үүсэж байна" гэх мэдээлэл цахим сүлжээнд өрнөсөн. Иймд Эрээний шууд нислэгийн тийзийн үнэтэй холбоотой энэ мэдээлэл үнэн бодит уу? Монголоос нисэхээс үнэхээр хямд байж чадах уу? хэмээх асуултад хариулт авахыг хүссэн олон хүн байгаа болов уу?

-Энэ асуудлыг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Эрээний нисэх буудлын хувьд олон улсын нислэг хийх боломжгүй. Харин дотоодын хотуудаар дамжин нислэг хийж байгаа.  

Жишээ нь Эрээнээс Сөүл ороход Хятадын 2-3 хотоор дамжин 17-30 орчим цагийн хүлээлгэтэй нисэж, Сөүл хүрнэ гэсэн үг. Харин Улаанбаатараас шууд Сөүл нисэхэд 3:30 цагийн л нислэг. Мөн Монгол Улс 3.3 сая хүн амтай. Монгол Улсын агаарын тээврийн бизнесийн модель маш жижигхэн.

Хүн ам цөөтэй улс учир бүх чиглэл рүү олон зорчигч урсгал байхгүй. Харин байгаа чиглэл рүүгээ аль болох хямд тийзийн үнийг санал болгоод явах боломжтой. Мэдээж БНХАУ-ын хувьд хүн ам ихтэй.

Тэр олон хүн амын дунд нисэж буй компаниудад зорчигч, урсгал өндөр байгаа учраас зарим нэг суудлыг хямд гаргах боломжууд нь үүсдэг. Түүнчлэн иргэдэд хандаж хэлэхэд шүүмжлэх эрх мөн хардах эрх бий. Гэхдээ үнэн зөв мэдээллийг гаргаж тавих хэрэгтэй.

Эрээн хямд нисэж байгаа учраас МИАТ компани үнээ яг адилхан болгоод алдагдалтай ажиллаж болохгүй. Бизнесийн моделийн хувьд өөр. Өөр зах зээл, өөр ажиллагаа явагдаж байгааг бид ойлгох хэрэгтэй.

-Мөн МИАТ-ийг хувьчлах асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд МИАТ компанийг 100 хувь хувьчилж болохгүй гэж боддог. Харин компанийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, шилэн байлгах үүднээс нээлттэй компани болгохыг дэмжиж байгаа. Энэ хүрээнд дийлэнх хувиа төр эзэмшээд, стратегийн бодлогоо гаргаад, санхүүгийн тайлан нь ил гардаг, үйл ажиллагааны зардлыг нь олон нийт хянаж болдог, иргэд хувьцаа аваад, түүнээсээ ногдол ашгаа авдаг болох юм бол цаашид илүү эрүүл болж, компанийн засаглал улам сайжирна.

Тэгэхээр ойрын хугацаанд IPO гаргаад, олон нийтэд нээлттэй компани болгох боломжтой. Үүний тулд бид төлөвлөгөөт ажлуудыг хийж байгаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийгдсэн хувьчлалууд дийлэнх нь амжилтгүй болсон байдаг. Тэгэхээр үүн шиг амжилтгүй хувьчлал хийж болохгүй гэж үзэж байгаа. Хэн нэгний үзэгний үзүүрээр ажил явдаг байх ёсгүй л гэсэн үг.

-Үндэсний агаарын тээвэрлэгч компанийн хувьд хамгийн их чиглэлд олон давтамжтайгаар нисэж байгаа. Хүн хүчний нөхцөл боломж хэр хүрэлцээтэй байна вэ?

-МИАТ компани дөрвөн газартай, 24 хэлтэстэй, зургаан тасагтай үйл ажиллагаа явуулдаг. Нийт хэлтэс нэгжийн дийлэнх ажилтнууд үйлдвэрлэлийн ажилтнууд байдаг. Мөн МИАТ компанийг хэт олон ажилтантай, цөөхөн онгоцтой гэж ярьдаг.

Одоогоор бид 10 онгоцтой үйл ажиллагаа явуулж байгаа. Яагаад 1,078 ажилтан 10 онгоцтой байдаг вэ гэхээр агаарын тээврийн бизнесийг дагасан олон бизнес байдаг.

Бид ганцхан зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаггүй мөн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг ажиллуулдаг. Үүнээс гадна газрын үйлчилгээ буюу онгоцыг газарт байх үйлчилгээг МИАТ компани хийдэг.

Мөн цаашид бидний барьж буй бодлого бол агаарын хөлгийн засварын үйлчилгээний газрыг Зүүн өмнөд Азид байгаа хамгийн шилдэг, хямд үйлчилгээ үзүүлдэг төв болгох зорилготой явж байна.

Ойрын таван жилийн хугацаанд агаарын хөлгийн хөдөлгүүрт үйлчилгээ хийх зорилтыг тавин ажиллаж байна. Магадгүй агаарын хөлгийн засварын үйлчилгээний газрын тусдаа компани гарах юм бол энд ажиллаж буй хүмүүс МИАТ-аас гарах юм.

Мэдээж газрын үйлчилгээний хувьд зөвхөн Чингис хаан нисэх буудалд бус гаднын нисэх буудлуудад гэрчилгээжсэн үйлчилгээ үзүүлдэг болох зорилготой байгаа. Энэ нь цаашлаад тусдаа бизнес болж, өөрсдөө тусдаа орлого олдог болох юм.

-Танай компани алдагдалтай жилүүддээ төсвөөс мөнгө авдаг гэх мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгвөл?

-Энэ бол ташаа мэдээлэл. Алдагдал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. КОВИД-ын үед эхний жил нь 52 тэрбум, хоёр дахь жил нь 12 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж байгаа ч олон улсад үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд маань тухайн төлбөрийг хойшлуулж өгсөн.

Үндсэндээ үйл ажиллагаа зогсох хэмжээнд хүрээгүй, нийт татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. МИАТ компани энэ өр төлбөрийг өөрийн ашгаараа барагдуулж дууссан.

-МИАТ компани 15 жил онгоцны хоол бэлтгэдэг байсан компанитай гэрээгээ цуцлаад тендер зарлаж, өөр компани шалгаруулсан гэсэн үү. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-МИАТ компани сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас барьж буй Агаарын тээврийг либералчилъя, олон улсын компаниудыг оруулж ирье гэдэг асуудлыг барьж байна.

Өнгөрсөн 67 жилийн дийлэнх хугацаанд манай компани салбартаа монополи байсан уу гэвэл тийм. Харин либералчлалын хүрээнд өрсөлдөөнийг үнэ, үйлчилгээгээр бий болгох хэрэгтэй болж байгаа. Гэтэл үйлчилгээний 50-аас дээш хувийг хоол эзэлж байна. Тиймээс хоолны амт, чанар сайн байх хэрэгтэй.

Мөн үйлчлэгчдийн харилцаа хандлага сайжрах хэрэгтэй, уян хатан байх ёстой. Мэдээлэл ил тод бишээс болж олон зорчигчийг бухимдуулдаг асуудлыг засаж, сайжруулъя гэдэг ажлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хийж байна.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд зөвхөн нэг компаниас хоол нийлүүлдэг байсан. Гэвч үүнийг зорчигчид "МИАТ-ийн хоол муу байна" гэж үздэг. Үндсэндээ бид тэр хоолыг гуравдагч хувийн хэвшлээс нийлүүлэлтийн гэрээгээр авдаг. Харамсалтай нь энэ гэрээн дээр хэтэрхий монополи байдал үүссэн байсан.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн 15 жилийн хугацаанд тендергүйгээр нэг компани МИАТ-ийн хоолыг хариуцаж байсан. Өрсөлдөөнийг бий болгож чадахгүй байгаа учраас хоолны чанар сайжрахгүй байна гэж үзсэн. Хэрэглэгчээс гомдол ирэх үед бид нийлүүлэгч компанидаа хандахаар тухайн компани монополи учир гомдлыг хүлээж авахгүй тохиолдол гардаг байсан. Тиймээс үүнийг хуулийн дагуу явуулах шаардлагатай байсан.

Өөрөөр хэлбэл хуулийн дагуу өрсөлдөөн бий болгож, хамгийн хямд үнээр, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулъя гэсэн заалт байгаа. Ингэснээр хоолны чанар сайжраад эхэлнэ.

-Цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөнөөс дурдвал?

- Бид 2023 онд хамгийн өндөр ашигтай ажилласан. 2024 онд энэ түүхэн амжилтыг дахин эвдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн орон нутгийн нислэгүүдийг сэргээсэн.

  • 2024 оны гуравдугаар сарын 3-ны өдөр анхны орон нутгийн онгоц буюу 70 хүний суудалтай онгоц ирэх гэж байна. Ингэснээр орон нутгийн тариф дахин буурах боломжтой болно.
  • 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд АНУ руу шууд нислэг хийх онгоц маань ирэх гэж байна.
  • 2024 оны тавдугаар сарын дундуур дахин орон нутгийн 70 суудалтай онгоц орж ирэх гэж байна. Үндсэндээ энэ жил гурван онгоц авна.
  • 2025 онд мөн хоёр онгоц нэмж авна.

Түүнчлэн энэ онд манайх гурван чиглэлийг шинээр нээхээр төлөвлөгөөнд тусгасан байгаа. Тодруулбал

  • Нэгдүгээрт АНУ-ын шууд нислэг
  • Хоёрдугаарт БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг
  • Гуравдугаарт Вьетнам улсын Хо Ши Мин хот руу шууд нислэг үйлдэнэ.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ