04 сарын 27, Бямба

Г.Дамдинням: Малын мах, малаас гарах түүхий эдийн үнийг өсгөж байж зудын хүндрэлээс айхгүй болно

Улс төр
1 сарын өмнө
Г.Дамдинням: Малын мах, малаас гарах түүхий эдийн үнийг өсгөж байж зудын хүндрэлээс айхгүй болно

УИХн гишүүн Г. Дамдиннямтай ярилцлаа.


-Зудтай холбоотойгоор гишүүд орон нутагт өвс тэжээл баахан тарааж явах шиг боллоо. Танай тойрогт хаваржилт ямархуу байна. Малчид өвс тэжээлийн хомсдолтой цасан далайд хүнд байна уу?

-Би өвс тэжээл тараагаагүй. Нэгдүгээрт, ямар нэгэн зүйл тараах нь Сонгуулийн хуулиар хориотой. Улсын төсөв, УОК- оос төлөвлөсөн зүйлийг гишүүд тарааж болох байх. Гэхдээ УИХ-ын гишүүний ажлыг хивэг, өвс тарааж, цас ухаж давхих гэхээсээ ийм нөхцөлд ямар хууль эрх зүйн орчноор дэмжих, яавал малчид эдийн засгийн үр өгөөжтэй зохист тооны малтай болох вэ. Үүний тулд яах вэ гэсэн бодлогыг гаргах нь бидний ажил гэж бодож байна.

1990 оны цагаан морин жил монголчууд ардчилсан хувьсгалыг хийсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх 34 жил мал аж ахуйн салбар хэдэн мянган жил явсан нүүдэлчин хэлбэрээрээ, бахь байдгаараа байна.

Харин ч байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж улам хүнд болж байна. Зундаа үер ус, ган гачиг ихтэй, өвөлдөө цас ихтэй байдаг болж байна. Тэр бүрт нь тусламжийн бараа материал тарааж тухайн цаг үеийг аргацаасан маягаар явж байна шүү дээ. Үүнийг өөрчлөх цаг болсон. Гарц нь юу байна. Яагаад болохгүй байна. Ямар бодлого хийх ёстой юм бэ гэдгийг Мал аж ахуйгаа мундаг болгосон Канад зэрэг орны туршлагаас судлаад сууж байна.

-Тэгээд гарцыг та яаж харж байна вэ?

-Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуйд системийн эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүнд аж ахуйн нэгжүүд илүү оролцоотой байх боломжийг бүрдүүлэх ёстой. Эрчимжсэн мал аж ахуй руу шилжилт хийх ёстой гэж малын тоо толгойг бууруулах, хадлан тариаланг нэмэгдүүлэх талаар хүн бүр яриад байна. Яаж хийх вэ гэдгээ харах ёстой. Ганц л гарц байна. Малаас гарч байгаа бүтээгдэхүүнийг үнэд хүргэх ёстой. Ингэж байж малчдын орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдвэл амьдрал нь дээшилнэ. Малчид олсон орлогоороо өвс тэжээлээ өөрсдөө авдаг болно. Малаа даатгуулдаг болно. Өнөөдрийнх шиг бэрхшээлийн үед менежмэнт хийж сурна. Монгол малын махны үнийг өсгөж, дэлхийд гаргадаг болгохын тулд төрийн бодлого хэрэгтэй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа хүнсний хувьсгалын цаад санаа нь энэ.

Нэгдүгээрт хүнсээ эрүүл болгоё гэдэг нь нийт хүн амынхаа эрүүл ахуйг бодъё гэсэн зорилго байна. Хэн, хаана яаж өсгөж, үржүүлсэн, яаж гаргасан мах идэж байгаагаа бид мэдэхгүй байна. Энэ аюултай. Хоёрдугаарт, эрүүл хүнсийг экспортолж үнэд хүргэж болдог. Малчид аж ахуйн нэгжүүдтэй хамтарч эрүүл малын мах, бүтээгдэхүүнийг экспортолдог болох ёстой.

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэж орсон. Ингэхдээ Ургамал хамгааллын олон улсын конвенц, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын конвенц, Хүнсний аюулгүй байдлын конвенцод нэгдэж орсон байдаг юм байна. Малын махыг экспортолъё гэвэл Дэлхийн худалдааны байгууллагын энэ гурван конценцийг бүрэн хэрэгжүүлэх ёстой ажээ. Монгол малын махыг гадагш экспортлоход эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Тиймээс дулааны аргаар боловсруулж экспортолж байна. Дулааны аргаар боловсруулсан мах дэлхийн зах зээл дээр хамгийн хямд байна. Гэтэл бид хамгийн хямдаар махаа экспортолчихоод сэтгэл ханаж сууж болохгүй. Бид махыг шинээр нь бүх төрлөөр гадагш экспортолмоор байна. Ингэж байж үнэд хүрнэ. Гадаадад очоод мах идэхээр ийм үнэтэй байна гээд бүгд ярьдаг. Тэндэх малын мах эрүүл байгаа учраас үнэтэй байна. Эрүүл махны стандартыг нь тухайн улсууд нь хангаж чадаад байна.

Тиймээс бид дээрх гурван конвенцыг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Дэлхийн Ургамал хамгааллын олон улсын байгууллага нь ургамлын гаралтай өвчин, хортон шавжийн тархалтыг хянадаг, урьдчилан сэргийлдэг байгууллага. Монгол мал эрүүл өвс тэжээл идсэн үү, үгүй юү гэдгийг баталгаажуулдаг агентлаг, бүтэц Монголд алга. Хуулиндаа өөрчлөлт оруулж бий болгох ёстой юм байна. Хоёрдугаарт, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага тухайн улс, бүс, аж ахуйн нэгжид байгаа малыг өвчингүй гэдгийг тодорхойлдог стандарт шаарддаг. Монгол мал өвчингүй гэж тодорхойлуулахын тулд бид улсаараа эрүүл байх гэж үзлээ. Болсонгүй. Дараа нь бүсээрээ эрүүл байх гэж үзлээ. Бас л болсонгүй. Вакцины хэрүүл болоод дууслаа.

Гарц нь юу вэ гэхээр эрүүл ахуйн нөхцөлийг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүд бий болгох. Тэр нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд байдаггүй байсан. Үүнийг өнгөрөгч намрын чуулганаар хэлэлцэж оруулахаар боллоо. Ингэж эрүүл ахуйн нөхцөлийг бүрэн хангасан аж ахуйн нэгж үүсэх эрх зүйн орчныг бий болгоод, олон улсад гаргаж болох стандартын зөвшөөрөл авч, экспортолж болдог болохоор болно. Малын идсэн өвс тэжээл нь аюулгүй, өсгөсөн аж ахуй нь эрүүл, гаргасан махны үйлдвэр нь эрүүл гэж төр нь баталж бас олон улсын стандартыг хэрэгжүүлж байж хилээр гарах эрхтэй болно. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Гуравдугаарт, Хүнсний аюулгүй байдлын конвенц нь хүнсэнд агуулагдах химийн бодисын стандарт хэмжээг тогтоодог, хянадаг байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Монгол малын маханд шинжилгээ хийгээд баталгаажуулдаг лаборатори байх ёстой. Тэрнийх нь үр дүнг дэлхийд хүлээн зөвшөөрүүлдэг байх ёстой юм байна. Олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манайд байдаггүй юм байна. Ийм лаборатори байхгүйгээс Монголын лабораторийн судалж гаргасан үр дүнг зөвшөөрдөггүй. Лабораторийн итгэмжлэлгүй махыг биднээс хэн авах вэ дээ.

Дээрх стандартуудыг бүрэн хангачихвал Монголд том хэмжээний мах комбинатууд бий болох ёстой болно. Одоогийн байдлаар Монголд байгаа махны үйлдвэрүүд жилийн дөрвөн сард л ажилладаг юм байна. Тасралтгүй явуулах гарц нь эрх зүйн орчин бий болж байж томоохон аж ахуйн нэгжүүд малчидтайгаа хамтарч ажиллаж байж бий болох юм байна. Үүний үр дүнд малчид малаа чанаржуулж эхлэх юм билээ. Тэр махны аж ахуйн нэгжүүд нь малчдаа сургах, сүргийн бүтцээ сайжруулах, инноваци хийхэд нь туслаад явдаг тогтолцоо бүрдэх юм байна. 50 үхэртэй айл байя гэхэд одоо бол тал нь эр, тал нь эм үхэртэй малчин байна. Уг нь эдийн засгийн ашигтай байхын тулд дийлэнх нь эм үхэр байх ёстой. Тэр сүргийн эрүүл ахуй, халдвар хамгааллын асуудлыг аж ахуйн нэгж, малчин хоёр хамтарч анхаарах ёстой болж байгаа юм. Ингэж байж махаа үнэтэйгээр борлуулж малчид хөрөнгөжиж эхэлнэ. Хөдөлмөр нь үнэтэй болно. Мөнгөтэй малчин байгалийн бэрхшээлд өөр менежмэнт хэрэглэж эхэлнэ.

-Нөгөө талаас бэлчээрийн асуудлыг зохицуулах бодлого хэрэгтэй байна л даа?

-Тийм. Бэлчээрийн даац хэтэрчихлээ. Малын тооны хойноос хөөцөлдөхөөр малын үр шим муу байна. Давжаа, жижиг, эрүүл биш бага үнэтэй тэгээд байгаль сүйтгээд байна. Тиймээс эдийн засгийн хөшүүрэг хийх бодлого гаргах ёстой болж байна. Бэлчээр хамгаалал, менежмэнтийн тухай хууль батлах хэрэгтэй юм байна. Энэ хуулиар малчдыг эрчимжсэн мал аж ахуй руу шилжсэн малчдыг урамшуулдаг тогтолцоог оруулаад явах ёстой юм. Өөрөөр хэлбэл, махны үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах эдийн засгийн сонирхолтой болгох ёстой. Үйлдвэрт аваачаад өгчих нь гэрийнхээ гадаа гаргаснаас илүү ашигтай байх зохицуулалтыг хийх ёстой. Тэгвэл арьс шир, дайвар бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь нэг дор цуглуулж авах боломжтой болж түүгээр дагнасан үйлдвэр, бизнес хийхэд ашигтай болно. Эрүүл аюулгүй өсгөөд, гаргасан мах гэсэн лабораторийн тодорхойлолт нь ч гарах боломжтой болно. Баталгаажуулна. Ингээд экспортолно. Үнэ нь өснө. Эргээд малчдын орлого өснө. Одоо бол гэр гэрийнхээ гадаа бой гаргаад тэрийг нь гаднаас хэн ч авахгүй. Дотооддоо л хэрэглэж байгаа юм. Яг үнэндээ бид гарал үүслийг нь мэдэхгүй мах идэж байгаа шүү дээ. Тиймээс зудаас авч байгаа сургамж нь бодлогын өөрчлөлт байх ёстой.

-Дэлхийн худалдааны байгууллагын гурван конвенцыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн ямар орчныг бий болгох хэрэгтэй байгаа вэ?

-Ургамал хамгааллын хууль, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Бэлчээр хамгаалал, менежмэнтийн тухай хуулиудаа сайжруулах, хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Татварын бодлогоор дэмжих Татварын тухай хуульд ч нэмэлт орох ёстой юм билээ. Мах боловсруулах үйлдвэрүүд бүтэн циклиэрээ бий болж байж энэ салбар дээшлэх юм билээ. Тэр салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид эхний хэдэн жил жишээ нь хөнгөлөлт үзүүлдэг, жилийн дөрвөн улиралд ажилладаг байх зохицуулалт руу орох ёстой. Малчдад сүүний урамшуулал өгдөг шиг махны урамшуулал өгдөг болох хэрэгтэй юм билээ. Улс тэр урамшуулалд өгч буй мөнгөө буцаагаад өндөр үнэтэй экспортолсон махнаас авах тарвараараа нөхөөд явчихна. Мах комбинатууд нь энэ бизнесийн суурь нь байдаг юм билээ. Бүс бүрт нэг байж болох байх. Малчид амьдаар нь аваачиж өгөх сонирхолтой болгох хэрэгтэй. Тэрийг эдийн засгийн таталцлаар бий болгох хэрэгтэй. Тэгж байж эрүүл, аюулгүй мах, түүхий эдийг бий болгоно. Үнэтэй зарна.

-Малын гаралтай бүтээгдэхүүнийг үнэд хүргэх ёстой талаар та ярилаа. Үүнд Дарханы арьс ширний цогцолбор чухал үүрэгтэй шүү дээ…

-Тийм. Арьс ширний үйлдвэрүүдээ яаралтай барьж дуусгах ёстой болчихоод байна. Дархан арьс ширний цогцолборын асуудлаар надад ажлын хэсэг байгуулаад өгчих гэж БОХХАА-н байнгын хорооны хурал дээр хэлсэн. Би Дарханы замын араас явсан шиг яваад хийе гэж ам гарсан. Дарханы арьс ширний үйлдвэр үнэхээр гацчихсан байгаа. Эхлээд хувийн хэвшил авлаа. Дараа нь төр авлаа. Хувийн хэвшлээс төр нь авъя гэхээр газрыг нь үнэд хүргэж зараад өгнө гээд тас гүрийчихлээ. Үүний дэд бүтцийг хийхээр 2024 оны улсын төсөвт багагүй мөнгө тусгасан байгаа. Малаас гардаг түүхий эд ноос, өлөн гэдсийг боловсруулж экспортолдог томоохон газар манайд алга. Өлөн гэдэс бол европт маш үнэтэй бүтээгдэхүүн байхгүй шүү дээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ