04 сарын 25, Пүрэв

ТЭМДЭГЛЭЛ №5: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр Японд тэмцээндээ оролцов

ТЭМДЭГЛЭЛ №5: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр Японд тэмцээндээ оролцов
Блог
3 жилийн өмнө

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм.  Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх дурсамж тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №5

Тэмцээндээ оролцов:

Анх удаа хоолонд орох гэж гараад оройн Токиог харан алмайрлын байдалтай алхсаар нэгэн хоолны газар орлоо. Гадаа халуун гэж жигтэйхэн зүгээр дотроосоо шатаад, дээр нь хүн бас хэт шоконд ороод ирэхээр чинь ядардаг юм билээ, нойр дутууг ч хэлэх үү. Өлсөж байсан учраас юу ч идсэн хамаагүй байлаа.

Нацагаа ах идмээр байгаа хоолоо Ишико санд ойлгуулж чадсан бололтой гоймонтой шөлний газар оров. Рамэн байсан л даа. Тэрийг Япончууд ёстой харин ч нэг уйгагүй иднэ шүү. Би эхэн үед нэг их дуртай байгаагүй. Яагаад гэхээр хүүхэд байхаас л гурилтай шөл иддэг байсан болохоор рамэн жоохон уйтгартай санагддаг байлаа. Тэр оройдоо бол хоолоо сайн идсэн. Нацагаа ах, чи чинь хоол идэж өгдөггүй яадаг хүүхэд вэ гээд байнгын зэмлээстэй, шувуу шиг идэх юмаа гэж хэлдэг байсныг нь тод санаж байна. Ах эрүүгээ төмбийлгэж ирээд мааждаг зуршилтай байсан юм, тэрийг нь харахаар инээд хүрнэ, хоёулаа хөгжилдөөд зугаатай бас.

150460223_241109190984013_2507272261989681613_o

Маргааш өглөө нь буудлын өрөөний хонх дуугарч хаалга онгойлготол орчуулагч гээд гуч гаран насны эгч өөрийгөө Т.Мөнхцэцэг гэж танилцуулав. Монгол хүн хараад баярласан гэж юү гэх вэ. Токиод эрдмийн зэрэг хамгаалж байгаа, зохион байгуулагч нар намайг та хоёрт орчуулагчаар ажиллаач гэсэн юм гэв. Бид гурав цагийн хуваарь, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, хэзээ хаана ямар арга хэмжээнүүд болох, яаж оролцох, юу өмсөж зүүх, хэнд ямар ямар бэлэг өгөх, өөрийгөө яаж танилцуулах, дутуу юм юу байна, дэлгүүрээс авах юм юу байна гээд ажлуудаа ярилцаж авцгаалаа.

Т.Мөнхцэцэг эгч маань одоо МУИС-ын Ази судлалын тэнхимийн Япон хэлний зөвлөх багшаар ажиллаж байгаа. Түүнийг Япон улсын Засгийн газраас Япон улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн "Мандах нар" одонгоор 2020 онд шагнасан билээ. Тэр маш эелдэг, найрсаг, намайг охин шигээ бодож, хайрлаж, бүгдийг хэлж зааж сургадаг байсанд нь талархаад баршгүй ээ. Хамгийн гол асуудал бол Монгол эх орныхоо нэрийг хаана ч хэзээ ч, ямар ч цаг үед бодож явах хэрэгтэйг аав ээж минь, багш нар минь хэлж сануулдаг байсан учраас би хэрэндээ л хичээгээд бас биеэ барьсан байдалтай явдаг байлаа. Ер нь чөлөөтэй байж чаддаггүй байсан. Ингэвэл бурууддаг болов уу тэгчих болов уу гэсэн болгоомжлолтой. Гэхдээ энэ нь миний төрөлхийн генд байна уу эсвэл гэрийн хүмүүжилтэй холбоотой байсан байж магадгүй юм. Бүрэгдүү хүүхэд байж дээ, одоо арай өөр болсон байж магад ингээд түүхээ илэн далангүй бичиж байгааг бодохоор.

Тэмцээнд надтай өрсөлдөх бусад орны хүүхдүүдтэйгээ өглөөний цайн дээр уулзаж танилцацгаав. Бүгд хэд хоногийн өмнө ирцгээсэн би л хамгийн сүүлд ирсэн байсан юм билээ. Тэр хүүхдүүд бол их чөлөөтэй биеэ барихгүйгээр өөрийгөө илэрхийлдэг байлаа. Зарим хөрөнгөтөн орноос ирсэн нь их овортой, хүүхэд гэж хэлэхээргүй, зарим нь бүр хоорондоо үерхдэг, хосоороо ирсэн ч байх шиг. Бүгдтэй нь танилцаж бэлгээ солилцож орчуулагчаар дамжуулан нэг нэгээрээ мэндчилгээ хийлээ. Орос, Болгараас ирсэн охидуудтай би арай илүү дотно танилцсан. Яагаад гэхээр оросоор ойр зуурт ойлголцчихно, дээр нь зан байдал нь надтай төстэй, дотно мэдрэмж төрүүлж байсан юм. Орос охин надаас хоёр дүү, арван нэгэн настай, их хашир хэрсүү охин, өглөөний цайн дээр стакантай жүржийн ундаагаа хоёр алгандаа удтал бүлээсгэж байгаад ууна, хоолойгоо өвтгөхгүй гэж. Би болохоор ам цангаад халуунд хүйтэн юм залгилчих гээд газтай ундаа уугаад зэмлүүлнэ, Т.Мөнхцэцэг эгч чи энэ орос охиныг хардаа гээд л. Болгар охин надаас хоёр эгч их боловсролтой байрын эелдэг найрсаг охин байлаа.

Тэмцээн зохион байгуулах комиссоос бидэнд зориулан олон хөтөлбөрүүд бэлдсэн байв. Очоод хоёр хоногийн дараа нь байлуудаа бидний аяны алжаалыг тайлах зорилгоор бас хооронд нь сайн найз, нөхөд болгохын тулд нэг модтой, устай их л гоё газар аваачсан юм. Тэнд бид өдөржин тоглож, халуун рашаанд орж, нүдээ боогоод тарвас хагалдаг тоглоом тоглож, өөр өөрсдийн орны тухай танилцуулж, дуулж хөгжилдөж билээ. Бүгд юката (зуны кимоно) өмсчихсөн их хөгжилтэй нэг өдрийг өнгөрөөж алжаалаа тайлж чадсан.

1989 оны 8 сарын 11-ний өглөө Токиогоос тэмцээн болох Нагояа хот руу шинкансэн (хурдны галт тэрэг)-аар явцгаалаа. Их олуулаа (дагалдан явж буй том хүмүүс, заримынх нь эцэг эх, орчуулагчид, зохион байгуулагч нар) байсан болохоор хаа ч явсан хэлхэлдээстэй, заримдаа нэгийгээ хүлээх хэрэг гарна, бодоход нойрны зөрүү нь гараагүй хүүхдүүд унтаад цагаасаа хоцрох жишээний асуудлууд зөндөө гардаг байв. Хурдны галт тэргээр явахад бас л сонин мэдрэмж төрж байлаа. Хот нь дуусахгүй явсаар байгаад нөгөө хотод ирчихээр сонин юм билээ. Хаанаас эхлээд хаана дуусаад байгаа нь мэдэгдэхгүй, тэгээд тэр галт тэрэгний хурдыг хэлэхийн биш, нүд эрээлжилж, чих дүнгэнэсээр байгаад Нагояа хотдоо хоёр цаг хагасын дараа (одоо бол цаг гаран л явдаг болсон) хүрээд ирлээ. Нагояагийн Вашингтон зочид буудалд хүрч ирээд бараг амсхийх ч сөхөөгүй гол ажилдаа шуудран орцгоов. Хамгийн гол арга хэмжээ болох тэмцээндээ хүүхдүүд болон томчууд бүгдээрээ амжилттай оролцохын тулд дор бүрнээ шамдан хичээж байлаа. Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам нь 1983 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж, Нагояа хотод 87, 88, 89 онуудад дараалж болсон. 1989 оных нь хамгийн том хэмжээнд болж байсан нь ямар учиртай гэхээр тэр жил Нагояа хотод "World Design Expo" зохион байгуулагдаж, тэр том арга хэмжээний хүрээнд болж байснаараа онцлогтой байжээ. Айчи мужийн захиргаа, Нагояа хотын захиргаа гол ивээн тэтгэгчээр, Токай телевиз, бас бусад олон улсын байгууллага, урлагийн продакшнууд гээд олон газрууд хамтарч оролцож байсан юм. Наадмын зохион байгуулах комиссын даргаар Бүх Японы Найрал Дууны Нийгэмлэгийн тэргүүн удирдаач Ishii Kan гуай, тоглолтын оркестраар NHK телевизийн концертуудад тоглодог удирдаач Mihara Tsunaki, "The New breed" оркестр оролцож, хөтлөгчөөр түүний гэргий алдарт жүжигчин Kay Anna, тэргүүн шүүгчээр Японы алдарт хөгжмийн зохиолч Yamamoto Naozumi гуай зэрэг хүмүүс томилогдон ажиллаж байв. Yamamoto Naozumi гуайтай энэ цагаас хойш найман жилийн дараа би нэгэн арга хэмжээн дээр цуг тоглолтонд оролцож байсан. Намайг том болсоныг хараад ихэд гайхан баярлаж байж билээ.

Тэмцээний бэлтгэл 1989 оны 8 сарын 12-ны өдөр нэг томоохон студид оркестртойгоо хамтран хийгдсэн юм. Өдөржингөө ажил болсон, аргагүй л дээ хүүхдүүд анх удаа оркестртойгоо нийлж байгаа, бас дээр нь хэл ус нэвтрэлцэж ойлголцоход цаг их орно, хүүхдүүдэд заримд нь хөгжмийн найруулга нь таалагдаагүй бололтой өөрчлөлт хийх шаардлагатай болсон гэх зэргээр асуудлууд их үүсч байсан. Надад бол хөгжмийн найруулга маань маш их таалагдаж, хэмнэлээ л жоохон өөрчлүүлээд болчихсон юм. Хүүхэд болгон өөр өөрсдийн үндэсний онцлогийг илэрхийлсэн аялгуутай, зарим нь эстрад жаз маягийн стильтэй, янз янзын л онцлог дүр төрхтэй байлаа. Бэлтгэлийн үед тэнд байсан хүмүүс, бусад орны хүүхдүүд ч гэсэн миний дууг сонсоод бусад хүүхдүүдээс арай илүү алга ташаад байх шиг санагдаад байсныг нуух юун. Бяцхан горьдлого төрөөд л байлаа, гэхдээ мэдэхгүй шүү дээ, тэмцээнд юу болохыг таашгүй учраас. Бид их ачаалалтай байсан, дуугаа бэлдэхийн сацуу телевизийн нэвтрүүлэгт орох, ярилцлага өгөх зэргээр. Хаа ч явсан камер дагалдана, тийм байдалд байж үзээгүй учир амаргүй санагдаж байв. Ингээд орой нь буудалдаа очицгоож маргааш тэмцээнтэй учраас хүүхдүүдэд эртхэн унтаж амрахыг сануулж байв. Нацагаа ах чиний дууны бэлтгэл дажгүй болж байна, Оюунаа минь өөртөө итгэлтэй бай гэж намайг зоригжуулж байсан нь их дэмтэй байсан. Гэсэн ч нойр хүрч өгөхгүй маргаашийн тэмцээндээ хэрхэн амжилттай оролцох тухайгаа бодож элдвийг эргэцүүлсэн ч унтаж амрахыг хичээж байлаа.

Дараагийн тэмдэглэл 6: Тэмцээний өдөр, Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам, 1989 оны 8 сарын 13

1
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.