03 сарын 28, Пүрэв

ТЭМДЭГЛЭЛ №6: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр "Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам"-д Гранд-При шагнал хүртэв /1989 он/

ТЭМДЭГЛЭЛ №6: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр "Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам"-д Гранд-При шагнал хүртэв /1989 он/
Блог
3 жилийн өмнө

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм.  Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх дурсамж тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №6

Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам, 1989 оны 8 сарын 13-ны өдөр

Би хаа очиж нойронд сайн хүүхэд байсан тулдаа сайхан унтаж амраад сэрлээ. Цайгаа ууцгааж, тэмцээнд авч явах зүйлээ урд өдөр нь бэлдээд тавьсан болохоор аваад шууд хөдөлцгөөв. Хүүхдүүд бүгдээрээ автобусандаа сууцгааж, дуу дуулалдан, нэгнээрээ тоглоом шоглоом хийж, бас л цоглог юмаа тэд. Хаана ч явсан хөгжилдөөд л явна. Би ч өөрийн эрхгүй тэдний ийм чөлөөт уур амьсгалд автаж, өөрчлөгдөж байх шиг байлаа. Тийм байхаас ч яах вэ дээ, ганцаараа ярвайгаад яваад байлтай биш.

Югославаас ирсэн хос хоёрын нялууныг яана, хүүхдийн тэмцээнд оролцож байгаа гэдгээ тэд ойлгож байсан юм болов уу ер нь? Холбооны Герман улсаас ирсэн бүсгүй (18 настай) мисс ээ мисс. Тэр надад их сайн байж билээ, миний дуу таалагдаж байгаа гэдгээ хэлээд надаас юм их асууна. Жилийн дараа надад түүнээс захиа ирсэн боловч би захиаг нь алга болгочихсондоо харамсаад л байдаг.

Ингээд бид тэмцээн зохион байгуулагдах Нагояагийн "Shirotori Century Plaza" гээд 3000 хүний суудалтай концертын зааландаа хүрэлцэн ирэв. Автобуснаас буумагц баахан камер, зохион байгуулагчид, сурвалжлагч нар тосож алга ташицгааж бидэнд урам зориг өгч байлаа.

Тайз хэдийн бэлэн болсон, орон орны тугийг тайзны хойморт байрлуулсан байв. Бид охид хөвгүүдээр хуваагдаж хоёр том хувцас солих өрөөнд байрлалаа. Төд удалгүй оркестр ч байраа эзэлж тоглолтын бэлтгэл эхэллээ. Эхлээд хүүхдүүд нэг нэгээрээ хөгжимтэйгээ дуулж үзээд дараа нь тоглолтын хөтөлбөрийн дагуу бэлтгэл хийгдлээ.

Өдөр, орой бэнто (хүргэлтийн хоол) идэж байлаа, хүүхдүүдийн зарим нь идэж чадахгүй байна гэж гомдоллох нэг нь гомдоллож байсан санагдана. Би бас л юм ид гэж хэлүүлсэн хэвээр дуугаа бодоод хоолтой мантай л байлаа. Тэр өдөр хоолойндоо их санаа зовж байв, учир нь халуун хүйтэн ээлжилж (гадаа халуун, дотор кондишн хүйтнээр үлээнэ) хоолойнд нөлөөлөөд байх шиг байсан юм. Хүйтэн юм уухаа ч бүр больсон, хамаагүй ярьж хүйтэн агаар сорохгүйг хичээж байв. Мөнхцэцэг эгч хувцас хунарт минь анхаарч, нүүрэнд минь багахаан будаг тавьж өглөө. Нацагаа ах тайзан дээрх бэлтгэлийг хараад ингэмээр юм байна (эхний хэсэгт намуухан яваад сүүл рүүгээ өргөлттэй гэх мэт) гэсэн саналуудаа хэлж дуулуулж, шалгаж байв.

За ингээд тоглолт эхэллээ, хамгийн эхэнд Хятадын 17 настай цоглог залуугаар эхэлж байсан санаад байна. Дуу нь цоглог байсан болохоор эхэнд оруулсан байж магадгүй юм. Цаашаа дарааллыг нь уучлаарай сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан би сүүл хавьцаа дуулж байсан. 15 орны тугны наана, оркестр тайзны баруун хойморт, хүүхдүүд бид зүүн хойморт орчуулагч нартайгаа цуг хоёр, гурван эгнээгээр шаталж эгнүүлсэн суудалд сууцгааж, тэндээсээ нэг нэгээрээ ээлжлэн гарч ирж номероо үзүүлж байлаа. Хөтлөгч Kay Anna орчуулагчаар дамжуулж дуулахаас өмнө нь бяцхан ярилцлага авч байв. Японоос хоёр охин оролцсон юм, нэг нь хамгийн бяцхан оролцогч 7 настай өхөөрдмөөр хөөрхөн охин байж билээ. Нөгөө охин нь надаас нэг эгч Кондо Нана гээд хожим нь (3 жилийн дараа) би түүний сурч байгаа ахлах сургуульд суралцах болсон. Нэгнийгээ таниад ингэж тааралдсанаа гайхаж, сүйд болцгоож билээ.

Миний хувьд тийм том дэлхийн тайзан дээр анх удаа гарч байгаа болохоор тэвдэж сандрах нь мэдээжийн хэрэг. Өмнө нь аавынхаа хамтлагтай дүүтэйгээ хоршоод олон удаа дуулж байсан туршлага байгаа болохоор бас ч гэж гайгүй ээ. Гол нь дуундаа орох нь л чухал байсан, тэр сайхан оркестрийн хөгжмийн аялгуу хэмнэлд би өөрийн эрхгүй хөтлөгдсөн гэж боддог. Хүүхдүүдийн дууны агуулга янз бүр байв. Эх дэлхий, нөхөрлөл, аав ээж, хайр дурлал, хүсэл мөрөөдлийн тухай гэх мэт. Японы 7 настай охин аавынхаа модон табчикны тухай дуулж зрителийг хөгжөөж байсан нь тод санагдана. Орос охин маань өөрийн зохиосон "Голубая Страна" дуугаа цээлхэн хоолойгоор дуулж байлаа. Тэр дуу нь одоо хүртэл надад аялагддаг юм.

Миний ээлж боллоо. Мөнхцэцэг эгч бид хоёр хөтлөгчийн хажууд очиж асуултанд нь хариуллаа. Монгол орны тухай, газарзүйн байршлын тухай, ямар ахуй амьдралтай орон байдаг тухай асууж байв. Тэр үед Япончуудад Монгол орон их л шинэлэг санагдаж байсан юм болов уу, зритель уулга алдаж ирээд л алга ташаад байсан. Тэгээд дууны минь тухай ямар утгатай, юуны талаар өгүүлж буйг асууж байв. "Lullaby" (Бүүвэйн дуу) Монголын Оюунаа дуулна (хөтлөгч зарим хүүхдийг богино нэрээр нь дуудаж байсан) гэж зарлахад хөгжим эхэллээ.

Дуугаа дуулж эхлээд явж байтал... дундаасаа сонин болоод явчлаа. Хэт их догдолсондоо юу, сандарсандаа юу, эсвэл ээжийгээ санасандаа юу, сайн хэлж мэдэхгүй байна, уйлчих гээд... хоолой эрээлжлээд зовоож эхлэв ээ. За Оюунаа, одоо л шүү дээ биеэ барь гэж өөрийгөө зоригжуулж яаж дуулдгаа харуул гэж өөртөө шаардлаа. Нацагаа ахын хэлж байсныг ч бодож төгсгөлийн бадаг дээрээ хоолойгоо овоо шавхаад дуулчлаа... Дууслаа...

Байдаггүй ээ нөгөө алга ташилт ??? Нэг л нам гүм болоод явчих шиг. За баларсаан гэж бодтол нижигнүүлээд эхэлж нэг юм санаа амарлаа. Ёо ёо ёо. Ингэж айх гэж.. Энэ нь зөвхөн надад л тухайн үед төрж байсан хоромхон зуурын мэдрэмж байсан юм. За тэгээд, том ажлынхаа ард гарчихсан хүн чинь жаргалын далайдаа умбадаг юм байгаа биз дээ.

Дуучид, урлагийнхан бид чинь тийм мэдрэмжийг байнга авч байдгаараа жаргалтай хүмүүс байдаг юм шүү дээ.

Ингээд бүх хүүхдүүд дуугаа дуулж дуусаад хувцасны өрөө рүүгээ явцгаалаа. Бүгдээрээ л дор дороо амьсгаагаа даран горьдлого тээж, дуугаа хураацгаан, нөгөө хөгжилтэй уур амьсгал байхгүй болов оо. Шүүгчдийн дүн гарах хооронд уригдаж ирсэн хүүхдийн найрал дууны хамтлаг, дуучид, бүжигчид номеруудаа үзүүлж байв. Цаг орчмын дараа дүн гарч бид дахин тайзан дээр байраа эзэлцгээлээ. Хэд хэдэн нэр бүхий хүмүүс (том дарга нар л байх) үг хэлээд, тус Наадмын зохион байгуулах комиссын дарга Ishii Kan шагналтнуудын нэрийг зарлаж эхлэв. Нийтдээ таван хүүхэд шагнагдах юм байна. Дөрвөн тусгай шагнал, тэгээд Гранд-При. Тусгай шагналтнуудын нэрс дуудагдаж эхэллээ, хүлээгээд л байлаа, нэр минь байдаггүй ээ... Гонсойгоод, горойгоод, хоолой зангираад л явчихав. Бараг өмөлзөөд уйлах гэж байсан байх. Ямар ч байсан тусгай шагналтай гэж дотроо өөртөө хэт бардаж байсандаа өөрөөсөө ичих ч шиг. Мөнхцэцэг эгч гарыг минь атгаад нурууг минь илээд аргадангуй сууж байлаа.

Итгэл найдвар минь тасарсан байсан юм. За яах вэ намайг хүмүүс сайхан л хүлээж авч байсан шүү дээ гэж өөртөө хэлж, өөрийгөө аргаданхан сууж байлаа даа.

"Гранд- При дэ гозаймасү. Монгорү но .................."

миний нэрийг дуудаад байгаа муу гээд тэрхэн хоромд Мөнхцэцэг эгчээс дахин дахин асууж сандралын байдалд орлоо. Учир нь "Монгорү" гэдгийг нь ойлгосон байлаа, нэрийг маань дуудаад байгааг ойлгож ухаарсангүй ээ. Арай л өөр хүний нэр шиг сонсогдоод. Андуураад босчвол онигоонд ордог юм байгаа биз дээ. Тэрийгээ ч нэг юм мэдээд байгаа юм аа бас, санаатай.

Мөнхцэцэг эгч чамайг дуудаад байна аа, очоорой гэлээ. Юу болох нь энэ вэ ? Итгэхэд хэцүү байсан ч очоод шагналаа гардаж авлаа. Цом, медаль, өргөмжлөл бас нэг их гоёмсог зузаан дугтуй авсан юм. (Тэр дугтуй нь хоосон цааснууд байж билээ өрөөндөө очиж задлаж үзээд шоконд орсон., дараа тайлбарланаа) Баяр хүргээд сэтгэгдэл асуулаа, итгэхгүй байгаагаа хэллээ, өөр юу гэх вэ дээ. Гранд-При шагналтан шагналаа авсны дараа дахин дуулдаг дүрэм ёсоор хөгжим эхэлж би дуугаа дууллаа. Энэ удаагийн дуулалтан дээр илүү өөртөө итгэлтэй бардам болоод ирсэн шүү өнөөх чинь. Төгсгөлийн бадаг дээр бүр хөдлөөд тайзан дээрээ алхаад дуулсныг яана. Үзэгчид сайхан хүлээж авч байлаа, энэ нь бүр ч том шагнал мэт санагдаж байв. Бүгдээрээ л надад халуун баяр хүргэж, сэтгүүлчид, камерууд бүчиж авч байв. Орон орны найзууд маань намайг тэврэх нь тэвэрч, гар барих нь барьж, сэтгэгдлээ хэлцгээж байлаа.

Яах аргагүй л амьдралын минь алтан мөч юм даа.

Дараагийн тэмдэглэл 7, Шагналын цомоо хураалгах шахав.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.