03 сарын 29, Баасан

ТЭМДЭГЛЭЛ №7: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр "Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам"-с авсан цомоо ХУРААЛГАХ шахсан нь /1989 он/

ТЭМДЭГЛЭЛ №7: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр "Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам"-с авсан цомоо ХУРААЛГАХ шахсан нь /1989 он/
Блог
3 жилийн өмнө

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм.  Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх дурсамж тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №7

Цомоо хураалгах шахсан нь:

Тэмцээн дуусаад орой нь хүлээн авалт болж бүгдээрээ Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам амжилттай сайхан болж өндөрлөснийг бахдан тэмдэглэцгээсэн юм.

Гэрийнхэндээ шагнал авснаа дуулгах боломжгүй байлаа. Тухайн үед социалист орнуудтай утсаар холбогдох технологи хараахан хөгжөөгүй байсан гэж би ойлгосон. 1990 оноос хойш л ер нь бүх зүйл харьцангуй нээлттэй болж, бага багаар хөгжиж эхэлсэн байдаг юм.

Эх орондоо, гэрийнхэндээ хэлж дуулгамаар байдаг, аргаа олоогүй бид хоёр яаж ч чадаагүй юм.

Нацагаа ахыг хүн болгон л та аав нь уу гэж асуудаг, ах маань ээдрэн барин үгүй ээ, багш нь гэж хариулна. Хүмүүсийн нүдэнд аав охин хоёр шиг л харагддаг байж. Яах аргагүй л хүний газар аавын минь оронд аав болж, халамж анхаарлаа харамгүй зориулан, Монголоо төлөөлж байгаа охиноо нүдний цөцгий мэт хамгаалж явсан юм. Намайг дуулахад, шагнал авахад баярлаад нулимс нь цийлэгнэж байсан тухайгаа ярьж байж билээ. Хөөрхий дөө, сайхан ах минь 2010 онд тэнгэрийн орондоо очсон юм.

Монголын маань агуу хөгжмийн зохиолч, олон дуурь, балет, симфони, концертууд зэргийг туурвин бүтээж, хөгжмийн ертөнцөд гайхамшигтай өвийг бидэнд үлдээсэн эрхэм хүн билээ. Одоо бодоход үгүй мөн бөх зүрх ээ гэж бодож өөрийгөө зэмлэмээр. Би энэхүү дурсамжуудаа сэргээх гэж яаж ажиллаж байгаа гэж та бүхэн бодно?

Гучин хоёр жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Сэтгэлд тод үлдсэн мөчүүд байна, арчигдах шахсан нь ч байна. Арчигдаж алга болох гэж айлгаж буй тэр үеийн зураглал, үзэгдлүүдийг ой тойноосоо ухаж төнхөн, гаргаж ирэх гэж би өдөр бүр хичээж байна.

Нацагаа ахын гэргий Ц.Норсмаа эгчээс зарим нэг зүйлийг тодруулж асууж байгаа. Гэргий нь бас л хүнлэг өгөөмөр сэтгэлтэй нэгэн сайхан монгол ээж байдаг юм. Аливаа дурсамж бүхэн цаг хугацааны аяст өөрийн ой санамжаас байхгүй болох аюул байдаг, биднийг бага байхаас л тэмдэглэл хөтлө гэж томчууд хэлдэг байсан нь тийм учиртай гэж Норсмаа эгч маань хэлж байна лээ. Үнэхээр орой руу орохоор үг шүү, хүмүүс минь, одооноос хүүхдүүдээ тийм дадалтай болгомоор юм билээ. Өөрсдөө ч гэсэн оройтохгүй, ер нь ямар ч ухааралд оройтно гэж байдаггүй байхаа гэж бодогдоно.

Бид тэмцээнийхээ дараа гурван хоногийн хугацаанд Нагояа, Токио хотуудаар аялан, "Tokyo Disneyland" -ыг үзэх хөтөлбөртэй байлаа. Бас дэлгүүр хоршоо орох цаг ч гаргасан байв. Нөгөө хоосон дугтуйныхаа учрыг тайлбаас, ерөөсөө л Японд бэлэн мөнгөтэй дугтуйг олны нүдэн дээр гардуулах нь найдваргүй гэж үздэг, тиймээс гарт нь шууд өгөх юмуу дансаар шилжүүлэх нь зөв гэдэг юм байна. Япончуудын хашир, хянуур, цаг барьдаг, зарчимч, хөдөлмөрч зан чанарууд, бас эелдэг соёлтой харилцдаг байдал нь намайг үнэхээр гайхшруулж байсан юм. Ийм сайхан зан чанартай учраас л улс орон нь ийм хэмжээнд хүртэл хөгжсөн юм байна даа гэж надад тэр үед бодогдож байлаа.

Тэмцээний маргааш нь шагналын мөнгө 1000$ ыг бэлнээр хүлээж аваад ихэд баярлав.

Нацагаа ах мөнгийг үрүүлэхгүй, болж өгвөл аав ээжид нь бүтнээр нь аваачаад өгчих санаатай байдаг, би гэдэг хүн бас үгэнд нь тэр бүр орохгүй энийг ч авмаар байна, тэрийг ч авмаар байна гэж шалсаар аавдаа Casio хөгжим хүртэл авсан байгаа юм. Дураараа гэдэг нь. Яах вэ гэрийнхэнийгээ баярлуулъя л гэж бодсон байх л даа. Бүх л юм нүдэнд тусаад гоё сайхан харагдаад байхаар арга ч үгүй л юм. Ямар ч байсан чемодан дүүрэн бэлэгтэй ирсэн гэж гэрийнхэн ярьцгаадаг.

"Tokyo Disneyland" үлгэрийн ертөнц байлаа. "Disney"-гийн талаар ойлголт байдаггүй байсан шүү дээ, бид Оросын "Ну Погоди"-гоо л мэдэхээс биш өөр орны хүүхэлдэйн кино үзэх боломж байсан билүү? Ийм гайхамшигтай үлгэрийн ертөнц байдаг гэдгийг нүдээрээ хараад итгэж ч чадахгүй байлаа. Их л сонин содон, юм бүхэн шинэлэг, зүүд мэт.

Хүүхдүүд бид баяр хөөр, хэдийгээр халуу шатаж байсан боловч ажрах юмгүй, тоглоомууд дээр олон цаг тэвчээртэй очерлоцгоож байлаа. Галзуу хурдтай тоглоомон дээр анх удаа суугаад шоконд ороод их айсан боловч маш ихээр сонирхол татаж байв. Ах маань хаа ч явсан зургийн аппаратаараа зураг дараастай, Мөнхцэцэг эгч маань орчуулж, тайлбарлаж өгөөд зугаатай сайхан аялж билээ. Тэмцээний оролцогч хүүхдүүд биднийг "Disneyland"-ын төв талбайн тайзан дээр гарган олонд танилцуулж "It"s a small World" дууг нийтээр нь дуулуулсан юм. "Жижигхэн дэлхийгээ инээмсэглэл, нөхөрлөл, хайр энэрэлээр дүүргэе" гэсэн хүүхэд багачуудын мөрөөдлийг дуулсан дуу байлаа. Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын зорилго нь яг энэ дууных шиг утга санааг агуулж байсан билээ.

Хүүхдүүд бид хоорондоо хэдхэн хоногт дасацгаасан болохоор өөр өөрсдийн эх орон руугаа буцах үед салж хагацах амаргүй байлаа. Яг л "Найрамдал" зусланд болдог үйл явдал шиг санагдаж байв. Явахын урд орой болсон "Саёнара" хүлээн авалт дээр бид хаягаа солилцож, хэзээ нэгэн цагт уулзацгаая гэж нэг нэгэндээ хэлж байлаа. Хүүхдийн сэтгэл гэдэг ийм л гэгээн, сайхан, тэмүүлэлтэй юм шүү нээрээ.

Ингээд ах бид хоёр нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Зохион байгуулагчид, Ишико сан бас гаргаж өгч байхдаа, Японд дахин ирээрэй гэж хэлж байсан боловч би тийм боломж дахин гарна гэдгийг яахин мэдэх билээ дээ. "Япон орон минь баяртай. Миний амьдралын түүхэнд сайхан дурсамж үлдээсэнд, маш их баярлалаа..." гэж би дотроо хэлж байлаа.

Москвад буугаад бид хоёр нислэгээ хүлээгээд бараг л тав хоносон, онгоцны хуваарь нь цаанаасаа л тэгж таарсан юм болов уу. Шерметевийн онгоцны буудлаас хот руу явах зам битүү түгжрэлтэй байсан шиг санагддаг юм, "Ленинградская" зочид буудалд бид хоёр байрлаж байлаа. Москва хоттой танилцаж олон ч газраар явсан даа.

Ах авч явсан жигнэсэн махныхаа хэргийг тэнд л жинхэнэ гаргаж байсан санагдана, халаагаад (яаж халааж байсныг баттай санадаггүй) надад ид гээд өгнө. Монгол хоолоо санасан байсан болохоор амттай байлгүй яах вэ мэдээж. Японд байхдаа өрөөндөө ганцаараа иддэг байсан уу эсвэл хүнд өгсөн үү, нилээн цөөрсөн л байсан юм. Япончууд биднийг ямар ч орны хүүхэд идэж чадахаар нийтлэг хоолонд ихэвчлэн оруулж байсан ч дасаагүй хоолонд нэг л сайн хоолшиж өгөхгүй байсан юм. Сүши, түүхий загасны талаар бол бүр ч ярихгүй. Ёстой л нэг үзээгүй юмаа үзэж соёлыг гайхаж алмайрсаар байгаад л таарсан даа.

Гэртээ харихаас хоёр хоногийн өмнө нь намайг унтаж байх хооронд Нацагаа ах буудлаас эмээгийнх рүү залгаж "Охин тэмцээндээ маш амжилттай оролцож түрүүлсэн шүү. Бид хоёр нөгөөдрийн онгоцоор очно оо" гэжээ. Явснаасаа хойш ямар ч сураггүй байсан хүмүүс тэгж нэг хэл дуулгасан юм билээ.

Москвагаас Монгол руугаа буцахад нилээн адал явдалтай юм болсон, Оросын хил гааль дээр нэгэн хэрэг мандав. Яасан гэхээр шагналын цомыг маань хураана гэж үнхэлцэг хагартал айлгадаг юм байна. Дахин дахин эргүүлж тойруулж үзнэ. Нацагаа ах энэ хүүхэд тэмцээнд түрүүлээд эх орондоо буцах гэж байна гэдгийг хэлж уйгагүй тайлбарлаад тусыг олох шинжгүй, та нар юун улсууд юм, яадаг тэмцээн юм гэх зэргээр асууж шалгааж, бараг л онгоцонд суулгахгүй нарийн шалгана болоод явчихав.

Бид хоёрыг юунд нь тэгтэл хардаж сэрдээд байгааг ойлгохын аргагүй байлаа. Цомоо хураалгачихаад юу бодож ч онгоцонд суух юм билээ. Ах маань ч нилээн нервтэж оросуудад ойлгуулах гэж янзан бүрээр оролдлого хийсээр. Гуйж ч үзлээ, уурлаж ч үзлээ, бүр зангүй шүү. Арга мухардахын даваан дээр дарга нь бололтой нэг хүнтэй нь ах уулзаж, Япончуудын угааж өгсөн зургийг үзүүлж харуулан, худалдаж авсан кассетны жижиг магнитофоноороо дуугаа сонсгосны үр дүнд ашгүй нэг юм ойлголцож, бид хоёроос уучлалт хүсээд, тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэснээр асуудал шийдэгдэж, онгоцондоо суун санаа амарлаа. Ер нь тэр үед хил гаалиар гарахад янз бүрийн бэрхшээлүүд их тохиолддог байсан санагдана. Ингээд сайхан эх орон руугаа хурдан харихын хүсэлд автан, зам зууртаа догдлонхон байж, элдвийг эргэцүүлэн бодолд автав. Эх орон, аав ээж, элгэн садан, найз нөхөд минь намайг хэрхэн яаж хүлээж авах бол гэж л.

Дараагийн тэмдэглэл 8, Эх орондоо ирлээ

1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.