04 сарын 20, Бямба

ТЭМДЭГЛЭЛ №9: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр анхны CD-гээ бичүүлсэн нь

ТЭМДЭГЛЭЛ №9: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр анхны CD-гээ бичүүлсэн нь
Блог
3 жилийн өмнө

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм.  Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх дурсамж тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №9

Анхны CD-гээ бичүүлсэн нь:

1989 оны 12 сарын эхээр байсан санана. Нэг өдөр хичээлийн завсарлагаанаар ангийн багш Наташа Борисовна намайг дуудаад бид хоёр ангийн өөдөөс харсан коридорын цонхны хажууд уулзав. Багш гартаа "А4"-ийн хэмжээтэй нилээн хэдэн хуудас англиар бичигдсэн захиа юмуу гэмээр зүйл надад үзүүлэв. "Багш аа энэ юу вэ" гэж асуутал "Японоос захидал ирсэн байна, чи дахиад тун удахгүй явах болжээ гэв. "Яагаад?" гэж асуухад "Нэг дуу бичүүлэхээр болж байгаа юм шиг байна, багш нь энэ CD гээд бичсэн юмыг нь сайн ойлгохгүй байна, энэ захианд их олон бичсэн байна" гэв. Багш англиар бага сага ойлгодог байсан ч тэр үгний утгыг тайлж чадахгүй байж. Тэгээд тэрхүү захиаг аав өөрийн найз Шинжлэх ухаан мэдээллийн төвд ажилладаг англи хэлтэй Ганболд ахаар орчуулуулж, CD-ний талаар мэдэж авчээ. Аав надад "энэ пянз гэдэг юм чинь ийм жижигхэн алганы чинээ юм болж өөрчлөгдөж байгаа юм байна. Кассет ч яваандаа бараг хэрэглэгдэхгүй болно гэнэ" гэж ярьж байсныг санадаг юм.

Сургуулийн захирал М.Цэрэндорж багш надтай хамт явах хүнээр Ганаа багшийг томилж, хугацаа дөхсөн (ердөө 10 хоногийн дараа) байсан байсан учир багш бид хоёр явах бэлтгэл хангах, бичиг сачиг хөөцөлдөх зэрэг богино хугацаанд олон ажил амжуулах хэрэгтэй болсон юм.

Тэгээд бид хоёр Бээжин хүртэл нисч, Бээжингээс цаашаа Токио руу нисэх нислэгнээсээ хоцрох гээд их сандарч, аахилан гүйж байснаа санадаг.

Японд CD гээ гаргах болсон учир нь юу гэвэл миний оролцсон тэмцээнд зохион байгуулагч нар Япондоо томд тооцогдох пянзны компануудын төлөөллүүдийг урьж тоглолтыг үзүүлсэн юм байж. "Warner Pioneer" компанийн менежер Kawamata Akihiro гуайд миний дуу хоолой таалагдаж, хамтарч ажиллах санаа төржээ. Тэгээд компанийнхаа удирдлагад энэ саналаа хэлэхэд харамсалтай нь зөвшөөрөөгүй тул ижил салбарт ажилладаг Asanuma Isamu гуайд ("Elec Records" -ын захирал байсан) миний талаар ярьж тэмцээний бичлэгийг үзүүлжээ.

Asanuma Isamu гуай "Танай компанийг ойлгохгүй байна ийм авъяастай охиныг тоодоггүй" гэж зэмлэнгүй хэлээд "Pony Canyon INC"-ны захирал Kamebuchi Akenobu гуайд бичлэгийг илгээхэд саналыг шууд хүлээж авч намайг дебют хийлгэхээр болсон түүхтэй. Тэр үеэс одоогийн миний харьяалагдаж, хамтарч ажилладаг "East Wing" продакшн нь торгон замын тухай баримтат нэвтрүүлэг бүтээж, бүх орон даяар цацагдах болоод, тэр нэвтрүүлэгтээ "Ээжийн бүүвэй" дууг Япон хэл дээр "Тэнгэрийн бүүвэй" болгон өөрчилж оруулахаар болсон юм. "Тэнгэрийн бүүвэй" дуу мөн "Тэнзан" уулын тухай дууг бичүүлэх гэж очсон нь тэр байлаа. Энэ хоёр дууны үгийг яруу найрагч Fuji Konosuke гуай зохиосон юм. Анх удаа Япон хэлээр дуулах боллоо. Нөгөө Монгол хэлээрээ дуулдаг "Ээжийн бүүвэй "-н стилээс огт өөр болсон байсан ба утга агуулга нь ч өөрчлөгдөн нүүдлийн шувууны тухай сэдэвтэй болж, анх сонсоод их цочирдсон боловч шүлгийн утга санааг ойлгоод хүлээн зөвшөөрсөн юм. Шүлгийн утгыг товчилж орчуулбал: "Улирал солигдохын эрхэнд өмнө зүгийг зорьсон нэгэн шувуу хойд нутаг руугаа яаран нисэхдээ эх орноо, төрсөн нутгаа ямар их санагалзаж байгаа тухай өгүүлдэг. Өмнө зүгийн нутаг хэдийгээр дулаан жаргалтай орон боловч сэтгэл зүрх минь яагаад ч дасахгүй нь, төрсөн нутгийг минь яахин гүйцэх билээ, нутгаа санана би, зүүдэндээ уйлна би" гэж өгүүлдэг юм. Гоё шүлэгчилж орчуулж чадаагүйд та бүгдээсээ хүлцэл өчье Ерөнхий утга нь л иймэрхүү юм.

Японд буунгуутаа тэдний надад зориулж өөр хүнээр дуулуулсан бичлэгийг авч, чихэвчээр дахин дахин сонсон, дуудлагаа засуулж байлаа. Япон хэл сонсоход дуудлага нь амархан юм шиг боловч зарим нэг авиаг зөв дуудахад бэрхшээлтэй байдаг. Ялангуяа монгол хэлэнд байдаггүй "Ү" тэй төстэй эгшгийн авиаг зөв дуудаж чадахгүй нилээн ажиллаж билээ. Ганаа багш бас санаа оноогоо хэлж, надад туслаж, гоё болж байна гэж хэлж сэтгэлийн дэм өгч байв. Эцсийн дүнд ямар ч байсан дуулалт минь Япончуудын санаанд нь хүрч, сайхан болж байна гээд алга ташицгаахад нь ямар их санаа амарч баярласан гэж бодно? Анхны ийнхүү бичүүлсэн CD маань ирэх хавар 5 сард (1990 оны 5 сарын 21) гарна гэж тэд хэлж байв.

Багш бид хоёр гол зорилгоо биелүүлсэндээ сэтгэл тэнийж, санаа амарлаа.

Бид хоёр яг зул сарын баярын үеэр очсон учраас Токио хотод баярын уур амьсгал ороод жигтэйхэн гоё байв. Долоо хоногийн хугацаанд эхний хоёр өдөр нь дуугаа бичүүлээд үлдсэн хоногуудад ганц хоёр байгууллагаар орж хүмүүстэй уулзаж, баярын хүлээн авалтуудад оролцож, концерт үзэх зэрэг хөтөлбөртэй байв. Завсар зайгаар нь шоппингоо ч амжуулж байлаа. Ганаа багш минь их хөнгөн шингэн хурдтай хүн. Багшийнхаа алхааг гүйцэхгүй аахилж уухилсаар явдаг байж билээ. Би хожим нь Японд амьдардаг болсноос хойш л овоо хурдан шаламгай хөдөлгөөнтэй болсон юм.

Ингээд бид хоёр ажлуудаа дуусгаад нутаг буцлаа. Замдаа Бээжинд 4 хоног саатаж, хотоор нь ёстой нэг хэрэн хэсэж билээ. Өөрсдөө нийтийн унаагаар явж (ямарч зоригтой байсан юм) "Тянь мин"-ий талбай, Худалдааны захууд, "Найрамдал" дэлгүүр зэрэг газруудаар ёстой нэг хөлөө чилтэл явсан даа. "Тянь мин"-ий талбайд болсон бослого гараад удаагүй байсан болохоор тэр үү, Бээжингийн уур амьсгал цаанаа л нэг түгшүүртэй, энд тэнд бүлэг цагдаа хамгаалалттай байв. "Тянь мин"-ий талбайг захаас нь л харсан юм, тэр хавийн орчимд байсхийгээд л цагдаа таарч, хоёулаа цаашаа гарцгүй болоод буцаад л жирийлгэнэ. Бид хоёр "Ritan" ч билүү нэг тиймэрхүү нэртэй буудалд буусан санагдана. Тв-ээр Румыны удирдагч Чаушеску эхнэртэйгээ буудуулж байгаа бичлэг гарч багш уулга алдаж байсныг санаж байна.

Бид хоёр Улаанбаатар руугаа вагоноор буцсан, онгоцны суудал олдохгүй байснаас болсон уу яасан, Япончуудын захиалж өгсөн нь л тэр байлаа. Вагонд хоёулаа гангар гунгар ярилцан том уутаар дүүрэн (бараг 2 кг) газрын самар хальслаад идэж билээ, яаж пологдчихоогүй юм гэж одоо гайхдаг юм.

Жич: Зураг дээр Н.Ганчимэг багштайгаа

Дараагийн тэмдэглэл-10: Анхны СД-ний нээлт

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.