03 сарын 29, Баасан

ТЭМДЭГЛЭЛ №8: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр эх орондоо ирсэн нь (1989 он)

ТЭМДЭГЛЭЛ №8: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр эх орондоо ирсэн нь (1989 он)
Блог
3 жилийн өмнө

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм.  Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх дурсамж тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №8

Эх орондоо ирсэн нь:

Онгоц Буянт-ухаад буух мөчид бүр ч их догдлоод байлаа. Гэрийнхэн, найз нөхдөдөө сайхан мэдээгээ дуулгаж баяраа хуваалцахын хүслэн болж байв. Нацагаа ах "За Оюунаа минь, чи олны танил хүн болно шүү, хамаагүй онгирч амжилтандаа бардаж болохгүй, ямар ч хүнтэй сайхан харьцаж, биеэ зөв авч явж, даруу байгаарай" гэж захиж байв. Тэр үг надад их зүйлийг бодогдуулж байлаа.

Онгоц ч газардаж ах намайг медалиа зүү гэж хэлсэн ёсоор нь би зүүгээд улсынхаа хил гаалиар нэвтрэн оров. Өөрийн эх орон гэдэг ямар сайхан зүйл байдаг юм бэ гэдгийг анх удаа сэтгэл зүрхээрээ мэдэрч билээ. Нэг л сайхан халуун дулаан орчин, нисэхийн ажилтнууд шагнал авсанд баяр хүргэцгээж байлаа.

Аав, ээж хоёр Батаа багштай ирчихсэн (намайг үдэж гаргадаг, хар машинтай), бас хэд хэдэн сурвалжлагч нар бид хоёрыг угтаж авахаар хүрээд ирсэн байлаа. Аав ээж хоёрын минь баярлаж байгааг яана вэ, аав бүр догдлоод хөл нь хөнгөрөөд байж ядаж байсан нь одоо ч нүдэнд харагдана. Баярласандаа тэд бүгдээрээ баярын нулимс унагаж байлаа. Би ч бас тэвдэж сэтгүүлчдийн асуултанд аятайхан хариулахаа бодож, балмагдан байв.

154908070_244142050680727_3742459851145306846_n

/Хоёр дүүгийн хамт нисэх дээр/

Бид хэд хөдөлж, Нацагаа ахыг замдаа гэрт нь буулгаад эмээгийндээ шууд очсон. Нагац эгч нар, аавын талын хамаатнууд, үеэлүүд гээд олон хүмүүс ирчихсэн, баяр хөөр болж, сайхан мэдээг сонсохын түүс болсон улсууд байж байлаа. Баахан асуултанд дарагдаж, болсон үйл явдлуудыг нэгд нэгэнгүй ярьж өгөх гэж хэрэндээ л хичээнэ. Тэмцээний үйл явдал, гэрээ санасан эсэх, шагнал аваад юу бодогдсон, Монголын тухай гадаадууд хэр их сонирхож байсан талаар асууцгааж, Япон орны талаар нүдэнд харагдтал яриад өгөөч гэж шаардацгаана.

Энэ цагаас хойш би олон удаа энэ сэдвээр ярьж, ижил асуултуудад хариулах хэрэгтэй болсон юм. Япон орны тухай төсөөллөөс өөр зүйл байхгүй байсан цаг үе болохоор арга ч үгүй л юм даа. Оюутны байрны жижүүрээс зогсоо зайгүй "Оюунтүлхүүртэй утсаар яръя, эсвэл үүдэнд хүн ирээд уулзъя гэнэ" гэж дуудуулдаг болж, би дуудагдах тоолонд коридороор нааш цааш гүйдэг ажилтай болов. За ингээд би гэдэг хүн байнгын ийм ярилцлага, тийм телевизийн нэвтрүүлэг, янз бүрийн албан байгууллага, сургуулиудаар очиж уулзалт хийдэг ажилтай болов. Аав минь надтай дандаа хамт явдаг байлаа. Хаашаа л бол хаашаа, би цомоо тэврээд, аав хөгжмөө бариад (нөгөө Casio) жирийлгэж өгнө өө хоёулаа.

Энэ мөчид аавынхаа тухай хэдэн үг бичмээр санагдлаа. 1974 онд Багшийн сургуулийн (одоогийн Соёлын коллеж) хөгжмийн багшийн ангийг төгсөөд, жилийн хугацаанд сургуульдаа багшаар ажиллаад, 1975 оны 11 сараас эхлэн БХЯ-ны ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн "Соёмбо" чуулгад даралтат хөгжимчин, найралжуулагчаар 1984 он хүртэл тасралтгүй ажилласан.

1984 онд Багшийн дээдийн хөгжмийн багшийн ангид тухайн жилд хотоос нэг оюутан авна гэсэн зарын дагуу очоод өөрийн хийсэн ажил бүтээлүүдээрээ үнэлэгдэн (Хөгжмийн зохиолчдын хороо тодорхойлолт хийж өгсөн байдаг) шалгарч оржээ. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров гуай тухайн үед зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан. Аавын дөч гаран тооны хөгжмийн партитурыг (найруулга бүхий нот) өндрөөр үнэлж тодорхойлолт олгосон байдаг юм. Дашрамд нь хэлэхэд аавын нэг партитур 80 төгрөгөөр үнэлэгддэг байсан, амьдралд мөн ч их дэмтэй байж билээ гэж ээж минь ярьдаг.

1988 онд Багшийн дээдээ төгсөж нэг жил Соёлын коллежд багшаар ажиллаад, 1989 оны 9 сараас УБДС-ийн Кино драмын тэнхимд концертмейстр багшаар 2000 он хүртэл ажилласан. Түүнээс хойш 2011 онд бурхан болох хүртлээ чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байв. Миний аав гайхалтай авъяастай, сонсголтой хүн байсан юм. Тухайн үеийн хөгжмийн салбарынхан мэдэх байхаа, "Алтан чихтэй Даймий" гэж хочилдог байсан даа. Сайхан ааваараа бахархахгүй байхын аргагүй ээ би. Үр хүүхдүүддээ байгаа бүхнээ зориулж, чадахаараа л зүтгэж байсан юм. Намайг бага нялхаас л хөгжимд дуртай болгож их олон зүйлийг зааж сургаж ирж дээ, хайрт аавыгаа мөн ч их санаж үгүйлэх юм даа.

1989 оны 9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн нээлт болж, сургуулийн гадаа уулзалдаагүй удсан сурагч оюутнууд инээд, баяр хөөр болцгоож байлаа. Ямар сайхан цаг үе байж вэ? Тэр сайхан уур амьсгал бол жинхэнэ аз жаргалыг бидэнд мэдрүүлдэг байлаа шүү дээ. Сургууль минь бидний тансаг орд харш байлаа, тэнд дандаа л төрөл бүрийн хөгжим эгшиглэж, дуу хуур цангинаад, сайхан энерги цацардаг байв. Одоо ч тэр л хэвээрээ. Ямар азаар би энэ гайхамшигт сургуульд хөл тавьсан юм бол гэж үргэлж бодогддог юм.

Тэр өдөр багш нар, ангийнхан, сургуулийн хамт олон бүгд л надад халуун баяр хүргэж, "мундаг байлаа, Оюунаа чи чадлаа" гэж урам хайрлаж байсан.

Үүний дараа нэгэн чухал үйл явдал болов. Хичээл эхлээд хоёр сарын дараа миний төрсөн өдрөөр ангийн найз охид ирж тэмдэглэж байв. Ээж бууз, салат, зууш бэлдээд бид хэд оюутны байрны умгар өрөөг доргитол хөгжим тавьж, дуулж бүжиглэн, инээлдэж, төгөлдөр хууран дээр хэдэн ч гар яваад байгаа юм мэдэхгүй зэрэг зэрэг тоглоцгоогоод ёстой нэг бут авцгааж байлаа. Тэгсэн нэг охин манайхаар шагайж "Оюунтүлхүүрийг жижүүр дээр утсаар яръя гэнээ" гэв. Би ярьчихаад ирье гээд гарлаа.

Төд удалгүй орж ирэхэд ээж "Хэн ярьж байна?" гэж асуув. Тэгэхэд би "Мөнхжаргал гэнэ үү? Хотын захиргаанаас гэнэ үү? Намайг аавтайгаа, багштайгаа гуравдах өдөр 2 цагаас ирээрэй гэнэ ээ. (Хотын захиргаанаас Мөнхжаргал ярьж байна гэж хэлж байсан боловч хотын дарга өөрөө ярьж байна гэж би үнэндээ мэдээгүй юм) "Тэгж хэлчихээд буцаад л нөгөө дуу, бүжиг рүүгээ эргэн орж тэр өдөржингөө найзуудтайгаа хөгжилдөв. Манайхаас ер нь байнга л ямар нэгэн хөгжим хангинана, би хөгжмөө давтана, аав пянзаа тавьж хөгжим сонсоно, заримдаа хамтлагаараа бэлтгэлээ хийнэ, хөршүүд маань яаж тэсдэг байсан юм бол доо гэж бодогдох юм. Хөршүүдээсээ одоо уучлалт хүсмээр санагдаж байна.

Оюутнууд манайхаар байнга орж гараастай, ээжийн гарын хоолыг идэнгээ арьсыг нь элдэлцэж өгдөг байлаа. Нэг удаа зуны халуунд цонхоо онгойлгоод (манайх нэг давхарт байсан) савтай хоолоо тавцан дээр тавьсан байж байсан чинь хоолоо хулгайд алдчихаж билээ. Хөгжилтэй явдлууд их тохиолдоно оо. Аз жаргалтай он жилүүд шүү, одоо ч би тэр сайхан үеэ санагалздаг юм.

Гурав дахь өдөр аав, Ганаа багш (миний багш Намсрайн Ганчимэг Ардын жүжигчин Н.Сувд гуайн төрсөн дүү юм) бид гурав Хотын захиргаан дээр яваад очлоо. Хотын дарга С.Мөнхжаргал гуай биднийг угтан авч уулзалтын ширээнд суухыг урив. "За дүүдээ баяр хүргэе! Чи эх орныхоо нэрийг хаа байсан Арлын Японд гаргаж, дэлхийн тэмцээнд түрүүлсэн сайн байна. Чиний энэ амжилтыг бид үнэлээд, танайд байр олгохоор болсон" гэв. Чихэндээ итгэсэнгүй. Бид гурав нэг нэг рүүгээ гайхсан, баярласан харцаар харж, бас тээнэгэлзэн хэсэг хугацаанд зогтусав. Аав багш хоёр уулга алдацгааж "Ямар сайхан мэдээ вэ? Маш их баярлаж байна аа, баярлалаа... гээд талархаж байгаагаа илэрхийлэв.

Яг үнэндээ үнэхээр их балмагддаг юм билээ, өөрийн эрхгүй хоолой зангираад үг хэлэхэд ч хэцүү байсан юм. Хотын захиргаа сүүлийн үеийн сонин, тв-ийн мэдээнээс миний амжилтын талаар, мөн оюутны байранд амьдардаг тухай олж мэдээд намайг урамшуулж байр өгөх шийдвэр гаргасан юм байжээ. Нэг инженер ах ширээн дээр өрөөстэй хот төлөвлөлтийн макетыг тайлбарлан ярьж байв. С.Мөнхжаргал дарга "Оюунтүлхүүр ээ, яг одоо бэлэн шууд орно гэвэл танай сургуулийн хойно 11-р хороололд байр ашиглалтад орж байна. Сургуультайгаа ойр байна гэвэл тэнд авч болно эсвэл сарын дараа 13-р хороололд ашиглалтад орох байр ч бий, алийг нь сонгох вэ?" гэж асуув.

Би маш их тэвдэж сандарч байсан боловч амьдралын чухал шийдвэр гаргах гэж байгаагаа санан хэсэг бодолхийлснээ... "Би 13 настайдаа Гранд-При авсан учраас 13-р хороололд болох уу, эмээгийнхээс минь ч ойр юм байна гээд подхийтэл нь хариулчихав. "Өө за, болно болно, хэдэн давхарт авмаар байна?" Бас л нилээн бодож байснаа... " Дээрээсээ ч 5 дах нь, доороосоо ч 5 дах нь, 5 тивийн хүүхдийн наадамд түрүүлсэн гэдгээрээ билэгдэлтэй ч юм уу" гээдхэв ээ.

С.Мөнхжаргал гуай ийм хариултууд сонсоод өхөөрдөнгүй инээмсэглэж байв. Инженер ах ийм ийм байрууд байна гээд байршлуудыг харуулаад хаалганы дугаар нь хэд байхыг асуув. "89 тоотын энэ байр болох болов уу" гээд би шууд асуутал" (89 оны Гранд-При гэдгийг билэгдээд) "Болох юм байна." гэв... Ингэж эрхэлж болох уу даа? Бүр хотын даргад шүү дээ. Аав гэртээ хариад ээжид болсон явдлыг ярихдаа "хотын дарга охиныг бүр эрхлүүлчихсэн шүү, тийм том дарга тэгсэн гээд бод доо" гээд шагширч байсан юм гэсэн. Ганаа багшид минь бас байр өгөх санал тавихад "Үгүй үгүй, би байртай хүн" гэж хэлээд татгалзаж билээ. Мөн Нацагаа ахад өгье гэхэд байртайгаа хэлээд аваагүй, найз нөхөддөө авахгүй яаж байгаа юм бэ гэж зэмлүүлсэн гэдэг. Ийм л даруухан хүмүүс дээ миний багш нар....

Улс эх орон, төр засаг, ард түмэн минь миний өчүүхэн амжилтыг ингэж асар томоор үнэлсэн юм.

Энэ их ач буяныг дааж явах үүрэг, хариуцлагаа насан туршдаа ухамсарлаж явах учиртай.

Дараагийн тэмдэглэл-9: Анхны СД гээ бичүүлэв

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.