04 сарын 25, Пүрэв

ТЭМДЭГЛЭЛ №10: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрийн анхны СД-ний нээлт (1990 он)

ТЭМДЭГЛЭЛ №10: МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрийн анхны СД-ний нээлт (1990 он)
Блог
3 жилийн өмнө

Оюунаа (オユンナОюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь Монголын дуучин, ая зохиогч юм.  Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан түүхтэй нэгэн юм. 

Түүний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг аж.

Ийнхүү тэрээр "Япон улс миний амьдралд" хэмээх дурсамж тэмдэглэлийг цуврал хэлбэрээр хүргэж байна. 

ТЭМДЭГЛЭЛ №10

Анхны СД-ний нээлт:

1990 оны 1 сарын 5 хавьцаа бид хоёр Улаанбаатартаа ирсэн юм. Одоо ингээд бодоход цаг үе гэдэг сонин юм шүү, өөрийн гэсэн өнгө төрх, утга агуулга, хүсэл эрмэлзэлтэй байж, тэр л чигээрээ түүх болоод хадгалагдан үлддэг байх нь. Бид одоо ч бас нэгэн амаргүй цагийг дэлхий нийтээрээ хамтдаа туулж байна. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал, аливаа юм бүхэн өөрчлөгдөнө, сайхан цаг ирнэ гэж л би хэлэх гээд байгаа юм. Хамтдаа туулж байгаа болохоор хамтын хүчээр л давж гарна. Бүгдээрээ хичээгээд өөдрөг байцгаая гэж уриалмаар байна.

Японд 5 сард худалдаанд гарсан СД-ний нээлтийн үеэр би өөрөө очиж амжаагүй юм. "Pony Canyon" компани сурталчилгаа хийхдээ дуугаа FM радиогоор эрчимтэй цацаж, сонин сэтгүүл, плакатаар танилцуулах гэх мэт арга замаар хүмүүст хүргэж байжээ. Мөн "East Wing" компани "Торгон замын аялал" нэвтрүүлгээ орон даяар гаргаснаар дуу минь Япон хүмүүсийн чихэнд сонсогдож эхлэв.

Би дуу бичүүлэх гэж очихдоо СД-ний жакет зураг авахуулаагүй (амжаагүй эсвэл тэд мартсан) нутаг буцчихсан байсан юм. Тэгээд СД-ний зургийг East Wing компаний торгон замын баримтат нэвтрүүлгийн зураг авах үеэрээ авсан Монгол гэрийн зургийг тавиад худалдаанд гаргасан чинь Япон улс дахь Монголын элчин сайдын яамнаас яагаад ийм гэрийн зураг тавьж байгаа юм гэсэн гомдол гарсан юм гэсэн. Тэр нь ч бас аргагүй улс орны нэр хүндийн асуудал учраас. Гэхдээ одоо нэгэнт оройтчихсон, худалдаанд гараад эхэлчихсэн юмыг яалтай ч билээ дээ.

154368078_243978857363713_4196553362316426545_n

Тухайн үед Японд Монгол орны талаарх мэдээлэл үнэндээ дутмаг байсан ажээ. Улаанбаатар хотын нэрнээс эхлээд л суралцаж эхэлж байсан гэж Yoko Kitahara эгч маань ("Space Den INC" компанийн сурталчилгаа хариуцсан менежер) ярьдаг юм. Монголын талаар судалж суралцах гэж тэр хэд маань хэрэндээ оролдлого хийж, ном зохиол, баримт материал юу байна тэр бүгдийг олох гэж эрэл хайгуул хийцгээсэн гэсэн. Монгол хэл сурах гэж ч оролдож тухайн үед их үнэтэй, ховор байсан толь бичиг хүртэл худалдаж авч байжээ. Маш их сэтгэл, хүчин зүтгэл гаргаж байсан байгаа биз?

Ийм л мэдээлэл хомс цаг үе байсан болохоор л Монгол улсын ийм нэгэн дуучин охин Японд ирлээ гээд Япон хүмүүсийн сонирхлыг татсан байх гэж одоо боддог юм.

Би ирэнгүүтээ Япон хэл үзэж эхэллээ. Хичээлийнхээ завсар зайгаар 23-р сургууль дээр Япон хэлний дамжаанд явж, Кочи гэдэг япон багшаар заалгаж эхлэв. Бас манай байрны хөрш Япон хэлтэй Өлзийням эгчид шавь орсон юм.

Нээрээ байрандаа нүүж орсон тухайгаа бичихээ мартах гэж байна. Н.Ганчимэг багштайгаа явахаас өмнө би аавдаа "Аав аа одоо бид шинэ байранд орох болохоор тавилга хэрэгтэй биз дээ. Бидэнд төгөлдөр хуур, энэ хоёр орноос өөр юм байхгүй юм чинь та "Casio"-гоо зараад тавилга авчихвал яасан юм бэ? Охин нь дараа танд бүр гоёыг аваад өгье тэгэх үү?" гэж асуухад аав зөвшөөрсөн юм. Тэгээд би байрны түлхүүрээ хараахан гардаж авч амжаагүй явсан байдаг. Он гараад Монголдоо ирэхэд гэрийнхэн байрандаа нүүгээд орчихсон байсан юм. Надад гэнэтийн бэлэг барих гээд гэрээ хачин гоё болгоцон би бөөн баяр хөөр болсоноо санадаг юм. Аав хөгжмөө их дэлгүүрийн баруун талын тохиролцооны дэлгүүрт заруулахаар тавьжээ.

Дөрөв хоногийн дараа 24.000 төгрөгөөр зарагдаж, 2000 төгрөгийг нь шимтгэлд өгөөд 22.000 төгрөгтэй болжээ. Ингэснээр нөгөө хөгжим маань манай 3 өрөө байрны иж бүрэн тавилга болж хувирсан түүхтэй. Тухайн үед манайхыг байрандаа тавилгаа оруулахад СУИС-ийн кино драмын ангийн оюутнууд болох аавын шавь нар нь тусалсан байдаг. Эхний нэг сар шахуу лифтгүй байсан болохоор таван давхар луу тэр овор ихтэй хүнд тавилгыг сэтгэлээ гаргаж зөөж өгсөнд талархахгүй байхын аргагүй.

Ингээд бидний шинэ байран дахь амьдрал эхэлж, би уран бүтээлийн ажилдаа шамдан орсон юм.

Өнөөдөр би та бүхэндээ тэмдэглэлийнхээ 10 дахь дугаарыг ийнхүү хүргэж байна. Тэмдэглэлүүдийг минь өдөр бүр үнэтэй цагаа зарцуулан уншиж байгаа та бүхэндээ гялайлаа. Маш их баярлаж, та нараасаа урам авч байгаа шүү!

Дараагийн тэмдэглэл-11: Цагаан уул, Бэр цэцэг, Сар...

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.