05 сарын 22, Лхагва

Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана

Засгийн газар
3 жилийн өмнө
Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана

-Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тусгаарлах, эмчлэх байрны хүрэлцээ, хүн хүчтэй холбоотойгоор шуурхай зохицуулалт хийх шаардлага үүслээ?

Сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварын батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж  ойрын хавьтал болон гэрээр тусгаарлан эмчилж байгаа иргэдийн тоо өсч байгаа учраас нөхцөл байдалтай уялдуулж шуурхай шийдвэрлэх асуудал гарч байна.

УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон. Тодруулбал, өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар 7 хоног болгож бууруулсан.

-Мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн.

Халдвартай иргэнийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, гадаадаас ирж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлсэн агаарын хөлгийн багынхныг 14 тусгаарладаг байсан бол долоо хоног болгож байгаа. 

Тусгаарлах байранд байгаа иргэнээс PCR-ийн шинжилгээ авах ажлыг тусгаарлагдсанаас хойш гурав болон зургаа дахь хоногт авна. Нийслэлд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг, орон нутагт эрүүл мэндийн байгууллага зохион байгуулна. Харин PCR-ийн шинжилгээний хариуг үндэслэн долоо дахь хоног дээр нь тусгаарлалтаас гаргах юм. Тусгаарлалтад байгаа иргэнээс халдварын шинж тэмдэг илэрсэн бол хугацаа харгалзахгүйгээр PCR-ийн  шинжилгээ шуурхай авах ёстой.

Гэрээр ажиглах журамд нэлээн өөрчлөлт оруулсан. Гадаад улсаас ирсэн иргэн вакцинд хамрагдаад 14 хоног өнгөрсөн, халдвар аваад эдгэрсэн нотлох баримтыг үндэслэж гэрийн ажиглалтад долоо хоног байлгана. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагыг хангаж байгаа гадаадаас татан авсан иргэнийг тусгаарлахгүйгээр онгоцноос буулгаад шууд гэрийг ажиглалтад шилжүүлнэ гэсэн үг. Түүнчлэн тусгаарлах байранд батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй бол тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан алба хаагчийг гэрийн ажиглалтад дөрөв хоног байлгана.

-Коронавирусын эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол яах вэ. Ямар нэг байдлаар шинжилгээ шаардах уу?

Коронавируст халдварын эсрэг вакцины нэг болон хоёр тунг хийлгэснээс хойш 14 хоносон. Халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн бол энэ тухайгаа нотлох үүрэгтэй. Үүн дээр үндэслээд PCR-ийн шинжилгээ хийлгэхийг шаардахгүй. Мөн ямар нэг байдлаар тусгаарлахгүй.

-Нийслэлчүүд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмд шилжсэн ч халдварын тоо улам нэмэгдлээ. Халдвартай тэмцэх ямар төлөвлөгөө байна вэ?

Нийслэлчүүд 14 хоногийн хугацаанд улбар шар түвшинд тодорхой цаг, үйл ажиллагааны зохицуулалтыг хийгээд ажиллаж байна. Энэ хугацаанд голомт дагасан өргөтгөсөн судалгаануудыг хийж байгаа. Гудамж талбай албан байгууллагуудаар халдваргүйжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар халдварын дархлаажуулалтад худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин гоо, сайхны газруудын долоо хоногийн амралтыг энэ сарын 10, 11-ны бямба, ням гаригт байхаар зохион байгуулахаар болсон. Эдгээр газрууд энэ долоо хоногийн амралтын өдөр ажиллахгүй.

-Орон нутагт зорчих хязгаарлалттай холбоотойгоор олон нийтэд ойлгомжгүй зүйлс их байна. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгуудыг халдвараас хамгаалах ямар бодлого баримталж байна вэ?

УОК-ын Шуурхай штабаас 119 нэгдсэн мэдээллийн лавлах шугам гаргасан. Өдөрт дунджаар 2500-3000 орчим иргэн хандаж коронавирустай тэмцэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авч байна. Иргэдийн хандаж байгаа мэдээллийг ангилахад шинжилгээний цэгийн байршил, хариу авахтай холбоотой асуулт дийлэнх хувийг эзэлж байна. Мөн вакцинжуулалт, эмнэлгийн тусламж, тусгаарлалт, орон нутгийн хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хүсч байна. Тухай бүрт нь НОК-ын Шуурхай штаб болон холбогдох байгууллагууд олон нийтийг мэдээлэл, заавар зөвлөмжөөр хангаж байгаа.

УОК-оос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг зохицуулж байна. Өргөдөл гомдол цөөнгүй ирж байгаа учраас дахин тодруулж хэлэхэд, Өмнөговь, Дорноговь аймаг руу ачаа тээвэр буюу хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, стратегийн зориулалттай үйлдвэр үйлчилгээ уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх. Бүтээн байгуулалтын ээлж солиход УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргаж зөвшөөрөл авч зорчино. Бусад аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих бол тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд  УОК-ын Шуурхай штабын зөвшөөрөл шаардлагагүй. Хилийн боомт бүхий аймгууд руу зорчихтой холбоотойгоор хэлэхэд БНХАУ-ын талаас коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд хязгаарлалт хийгээд байгаа. Монголын талаас ямар нэг хязгаарлалт байхгүй.

УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 6-наас эхлээд УОК-ын Шуурхай штаб Дорноговь аймгийн Замын-Үүд рүү зөвхөн шатахуун, хүнс, буяны ажилд зөвшөөрөл олгоно. Эдгээрээс бусад шалтгаанаар ямар ч зөвшөөрөл олгохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш бусад ачаа тээвэр хэвийн явагдана.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ