“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өчигдөр болж, Оюу толгой ордын ашиглалтын талаар танилцуулга, мэдээлэл сонслоо.
Үргэлжлүүлэн “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Санхүү, шинжилгээний албаны дарга Ц.Алтанхуяг Оюу толгой төслийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт болон ТЭЗҮ, “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Геологи, уул уурхайн хэлтсийн дарга Л.Өнөрбаатар тусгай зөвшөөрөл, геотехник, далд уурхайн бүтээн байгуулалт зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийв.
Дараа нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Оюу толгой ордын хөрөнгө оруулалт, гэрээ болон олборлолттой холбогдуулан мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, уг гэрээнд зааснаар зардал, ашиг хоёр тэнцүү байгаа нөхцөлд Монгол Улсад ногдох бодит ашиг харагдахгүй байгаа талаар дурдаж байсан бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн зарчим зөрчигдсөн эсэх тухай, Монголын талын хүртэх ашиг, Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл, ТЭЗҮ болон Менежментийн төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тодруулга хийв.
Дээрх гурван мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын гишүүдийн хийсэн мэдээлэлтэй санал нэг байгаа эсэх талаар, мөн санхүүжилт, гэрээтэй холбогдуулан цаашид анхаарах асуудлын талаар Ажлын хэсгээс тодруулахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо санхүүжилтын асуудал бол яах аргагүй анхаарал татаж буй асуудлын нэг. Мөн Засгийн газрын маргаашийн хуралдаанаар удирдамжийн төслийг хэлэлцүүлнэ.
Ингэснээр санхүүжилтийн бүтэц, төслийг бүхлээр нь эргэн харах боломж бүрдэнэ гэсэн тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, олон улсын арбитрын шүүхэд маргаан байнга үүсдэг тул Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөхийг эртнээс бэлтгэх, мөн Оюу толгой төслийн хүрээнд говь газрын экологийн тэнцвэрийн алдагдалд онцгой анхаарч ажиллах тухай санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар удирдамжийн төсөл болон ТЭЗҮ-г эрх бүхий байгууллага хийсэн эсэх талаар тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо хийсэн тайлбартаа, удирдамжийн төсөлд холбогдох яам, газруудаас санал авч, Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр нэгтгэсэн гэсэн бол ТЭЗҮ-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр бүхий Австрали, АНУ-ын компани боловсруулсан талаар “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хариулт өгөв.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдрийн хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөлд талархал илэрхийлж, цаашид бүгд нэгдсэн ойлголттой ажиллах нь чухал болохыг онцоллоо.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.