Өнгөрсөн амралтын өдөр буюу таюдугаар сарын 1-ний өдөр "Вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ." хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээлж байсан. Вакцины хадгалалт тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг агуулах баригдаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг дуулгасан.
"ЦАР ТАХЛЫН УЛААН БҮС"-ээ усгүй болгосноос үүдэн халдвар хамгааллын дэглэмийг "НОЦТОЙ" зөрчсөн алдаагаа ойлгож байна уу? Цар тахлын хууль, онцгой нөхцөл байдал хэмээн бүгдийг чихэх хуультай болсон ч тойрч биш дайрч гардаг зүйлүүд байдаг. Яарлаа яарлаа гээд зажлахгүйгээр залгиад байвал хахаж үхнэ шүү.
Найман цаг цэвэр усгүй тахлын голомтод тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, өвчтөнүүдийн нөхцөл байдалд үнэлгээ өгөх ёстой. Та бүхний гаргасан алдаа шугам гэмтээсэн төлбөрөөр хэмжигдээд дуусах учиргүй. Халдвартай өвчтөний өтгөн шингэн усгүйгээс болоод ууршаад байж байсан болж таарч байна. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангагддаггүй, мэдлэггүй мэргэшээгүй удирдлагын арга барилын буруугаас өнөөдөр харамсалтай, эмгэнэлтэй байдалд орлоо.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд өчигдөр шугам сүлжээний гэмтэл гарч найман цаг усгүй болсон талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилсан байна. Сурвалжлага авахаар очсон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын биед "улаан бүс"-д нэвтэрлээ гэсэн шалтгаанаар халджээ.
Энэ талаар өнөөдөр Ус сувгийн удирдах газраас Товч.мн тодруулга авчээ.
"Тус төвийн хашаанд "Монкон" барилгын компани вакцины агуулах нэрээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлснээс улбаалж цэвэр, бохир усны шугам гэмтсэн байна. Тавдугаар сарын 2-ны өдөр 150мм-ын диаметртэй цэвэр усны шугам, тавдугаар сарын 3-ны өдөр 200мм-ын диаметртэй цэвэр усны шугамыг тус тус гэмтээсэн. Энэхүү гэмтсэн шугам нь халдварт өвчин судлалын үндэсний төвийг цэвэр усаар хангадаг ганц шугам байгаа. Тус компани нь барилгын ажил эхлэхийн өмнө манай байгууллагаас цэвэр, бохир усны шугам хаагуур явж байгаа талаар тодруулга авах ёстой аваагүй. "А" даалгавар ч байхгүй, дур мэдэж ажлаа эхлүүлсэн. Яаралтай байсан учраас гэсэн тайлбар тавиад энэ хүнд цаг үед улсын онцгой обьект болох ХӨСҮТ-ийг усгүй болгосон.
Ус сувгийн удирдах газар Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулдаг инженерийн байгууламж. Гарсан гэмтэл саатлыг инженерийн баг түргэн шуурхай засварласан одоогоор хэвийн үйл ажиллагаанд орсон. Ямар нэг барилгын үйл ажиллагааг маш олон инженерийн байгууламжуудаас зөвшөөрөл авч, техникийн нөхцлөө батлуулж байж, зөвшөөрлийн дагуу эхлүүлдэг хууль, журамтай. Энэ хүнд цаг үед тухайн ААН-ын буруутай үйл ажиллагаанаас болж маш олон ажилчид өдөр шөнөгүй ажилласан мөн тухайн гэмтлийн зардлыг тус ААН төлөх шаардлагатай." гэжээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.