04 сарын 19, Баасан

Холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхэд санал нэгджээ

Сонгууль
1 жилийн өмнө
Холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхэд санал нэгджээ

Парламентад суудалтай улс төрийн гурван төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө бэлэн болгожээ.

Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж дуусаад Засгийн газарт санал авахаар хүргүүлээд байгаа бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, даваа гарагт намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэх юм байна.

Ингээд ирэх 7 хоногт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  УИХ-д өргөн барих аж. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхболд гишүүн ажиллаж байгаа.

Тэрээр хуулийн төслийн талаар “Бид Засгийн газраас санал авах гээд хуулийн төслийг хүргүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад, намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Энэ ажлын хэсэгт зөвхөн УИХ-ын гишүүд биш УИХ-д суудалтай намууд, удирдлагууд, СЕХ, Бүртгэлийн хороо, статистик гээд холбогдох бүх байгууллагыг оролцуулж байгаа. Сүүлийн жилүүдэд Үндсэн хууль, Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын санхүүжилтийн талаар гарч байсан олон санааг нэгтгэж, өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хуулийн төслийг боловсруулсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд саналаа ирүүлэхээр хуулийн төслөө УИХ-д өргөн барина” гэсэн юм.

Төсөл эцсийн байдлаар ил болоогүй ч энэ удаагийн гол өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх,  сонгуулийн холимог тогтолцоог сонгохоор санал нэгджээ. Үндсэн хуульд 76 парламентын гишүүнтэй байна гэж заасан учраас гишүүдийн тоог нэмэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тиймээс Сонгуулийн хуулиас өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хөндөх бололтой.

2024 оны Их хурлын сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдсэн гэж үзвэл Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн боломжит хугацаа нь энэ хаврын чуулган. Учир нь сонгууль болохоос  нэг жилийн өмнө Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэсэн заалт  2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажсан. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх дээр эрх баригч МАН  болон бусад улс төрийн намууд  санал  нэгдсэн байна.

Холимог тогтолцооны давуу талыг  олон нам сонгогддог 2012 оны парламентыг сайн жишээ гэж  тайлбарлаж байгаа ч  сул тал нь  намын жагсаалтын ард иргэдийн хүсээгүй хүмүүс гишүүн болох хуулийн цоорхой бас бий.  ЖДҮ, Хөгжлийн банк, бусад хэрэгт холбогдсон хүмүүст нам нь хариуцлага тооцож чадахгүй, фракцын дүрмээр жагсаалтад оруулвал  намын нэрээр төвөггүй гишүүн болно. Иргэдэд шүүлтүүр хийх боломж олгохгүй байх сул талтай.

Тэгвэл энэ удаа 50:50 харьцаатай байхаар хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, гишүүдийн 50 хувь нь тойргоос сонгогдож, 50 хувь намын жагсаалтаар орох юм. Намын жагсаалтаар орж ирэх хүмүүс дотор эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн зүтгэлтнүүдийг багтаана гэдгийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэлсэн.

Тэрээр “Холимог тогтолцоог оруулж ирсэн улс орнууд нийгмийн бүлгүүдийн төлөөллүүдийг оруулж чадаж байна. Бид ч намд эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүсийг жагсаалтанд оруулж дээгүүр эрэмбэлэхгүй. Мөн манайхтай ижил төстэй, хүн ам цөөтэй орнуудын судалгааг харахад нэг парламентын гишүүн нийт сонгогчийн нэг хувиас доошгүйг төлөөлж чадсанаар ард иргэдтэй уялдаа холбоотой ажиллаж чаддаг гэсэн дүгнэлт бий. Харин манай нэг парламентын гишүүн 1.3-1.4 хувийг төлөөлж байгаа.  Өнөөдөр манай улс 3.4 сая хүн амтай болсон. Тиймээс гишүүдийн тоог нэмэх нь зүй ёсны хэрэг болоод байгаа юм. Нөгөө талдаа гишүүдийн тоо нэмэхэд зардал, мөнгө нэмэгдэнэ гэж үздэг. 76 гишүүний төсөв жилд 10 тэрбум байдаг үүнийг 152 болгоход 20 тэрбум болно” гэсэн юм.

2020 оны Их хурлын сонгуулийн дүнгээр МАН нийт сонгогчдын  40 хувийн дэмжлэгийг авч чадаагүй хэрнээ парламентад 80 хувийн эрх мэдлийг авсан нь тогтолцооны гажиг үзэж байгаа юм. 2020 оны сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр явагдсан.

МАН – 62 

АН -11 

ТА БИДНИЙ ЭВСЭЛ -1

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ -1

БИЕ ДААГЧ -   1  суудал авсан. Хэрвээ  сонгуулийн  холимог  тогтолцоогоор сонгууль явуулсан бол

МАН 34

АН 19

ТА БИДНИЙ ЭВСЭЛ 6

ШИНЭ ЭВСЭЛ  4

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ 4  суудал авах байжээ. Тиймээс нэг нам хэт олонхи болдоггүй сонгуулийн тогтолцоо чухал байгаа гэдэг дээр  улс төрийн намууд санал нэгдсэн байна.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд 7 удаа мажоритор, нэг удаа холимог тогтолцоогоор парламентын сонгуулиа зохион байгуулж байжээ.

-1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж олон  мандаттай мажоритар системээр сонгууль явагдсан.Монгол орныг 26 тойрогт хувааж  ,тойрог бүрд 2-4 гишүүн сонгогдохоор тооцсон. Сонгуулийн  үр дүнд  тухайн үеийн  МАХН  71   авч үнэмлэхүй ялж байжээ.

-1996 онд жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдох тогтолцоог сонгосон. Сонгуулийн үр дүнд  "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авсан бол МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болж  25 суудал авсан байна.

-2000 онд  ардчилсан намд ээлтэй байсан учир сонгуулийн тогтолцоог солиогүй. Гэхдээ  АН  олонхи болж чадаагүй. Тухайн үеийн  МАХН 72 суудал авч үнэмлэхүй  ялж байжээ.

-2004 онд тухайн үеийн 72 суудал авсан эрх баригч  МАХН сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй. Үр дүнд нь   МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон байна.

-2008 онд сонгуулийн тогтолцоог өөрчилж олон мандаттай мажоритар системээр сонгууль явуулсан.Сонгогч мандатын тоогоор биш өөрийн хүслээр хэдэн ч нэр дэвшигч дээр санал өгөх эрхийг нээсэн. Үр дүнд нь МАХН 45, Ардчилсан Нам 28 суудал авсан ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй 7-р сарын 1-ны үймээн болсон.

-2012 онд удаан маргасны эцэст анх удаа  холимог тогтолцоог сонгосон. Томсгосон мажоритар 26 тойргоос 48 нэр дэвшигч сонгогдож , 28 нэр дэвшигчийг намын жагсаалтад бичигдсэн дарааллаар пропорциональ хэлбэрийн сонгуулиар сонгосон. МАН 17 суудал авсан,  АН 25 суудал, МАХН 3 суудал авсан юм.

-2016  онд тухайн үеийн эрх баригч  АН  сонгууль болохоос  6 сарын өмнө үндсэн хуулинд гар хүрч болохгүй  гэсэн заалтыг зөрчиж  хоёр сарын өмнө  тогтолцоог өөрчилж  томсгосон мажоритар буюу 1 тойрог - олон мандат хэлбэрээрийг сонгосон. 1992, 2008 оны сонгуулийн тогтолцоо гэсэн үг. АН-ын сонгодог хэсгийг нэг тойрог болгож цэнхэр улаанаар зурж байсан ч  ялагдсан. Үр дүнд нь МАН 65 суудалтай, АН  9 суудал авсан.

-2020 оны сонгууль УИХ-ын 76 гишүүнийг томсгосон тойрог бүхий мажоритар системээр сонгох тогтолцоог сонгосон.  Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг тус бүр 2-4 мандат бүхий 29 тойрогт хуваасан юм. Үр дүнд нь  МАН  62 суудал авсан бол  АН 11 суудал , хоёр бие даагч , зөв хүн электрот эвслээс 1   суудал авч байжээ.

 

Эх сурвалж: itoim.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ