04 сарын 25, Пүрэв

Хүчит шонхор захад махны олдоц багасаж, НОХОЙН ХООЛ-ны борлуулалт нэмэгджээ

Бусад
1 жилийн өмнө
Хүчит шонхор захад махны олдоц багасаж, НОХОЙН ХООЛ-ны борлуулалт нэмэгджээ

МАХНЫ ҮНЭ САРЫН ДОТОР 500-1800 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ  

Хамгийн хямд үнэтэй мах худалдаалдаг гэдэг утгаар нь Хүчит шонхор бөөний худалдааны төвийг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй. Учир нь хотын төвөөс Дэнжийн 1000 чиглэлийн автобусанд суухад бараг тал зорчигч нь Хүчит шонхорын буудал дээр буух аж. Саяхан Эмээлт захад байрлах махны үйлдвэрийн шуугианаас болж иргэд мах худалдан авах нь багассан бол нэмээд нийлүүлэлт буурчээ.

Махны бөөний худалдааны төвд үхэр, хонь, ямааны мах өрж тавих худалдаачид хоёр хутгаа хооронд нь хавиралдуулан сурамгай гэгч нь махаа жижиглэн бэлтгэж байлаа. “Хонь байна шүү, үхэр байна шүү, хэдэд авах юм” гэх чимээ хаа сайгүй цуурайтаж авах гэсэн махаа торлосон иргэд бушуухан гарч явахаас өөр аргагүй тийм давчуу газар аж.

Үхрийн махны худалдаачин “Олдоц муу байгаа нь үнэн шүү. Яагаад бага ирж байгааг нь харин мэдэх юм алга. Хөдөө орон нутагт байгаа малчдын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Уг нь өдийд мах их байдаг" гэж байлаа. Мөн өөр лангууны худалдаачин бүсгүйн хэлж буйгаар “Сүүлийн үед мах бэлтгэлтэй холбоотой хэл амнаас болоод л малчид махаа авч ирэх нь багасаж байх шиг байна. Гэхдээ бас энэ жил мал туранхай байгаа болохоор мах бага ирж байж ч магад” хэмээн лангуун дээр өрсөн махнаасаа зааж харуулав.

Мах худалдан авч буй иргэд ч үнэндээ махны тарган, туранхайг анзаарах нь бүү хэл мөнгө, авах хэмжээ хоёрт нь таарсан л бол даруй торлоод гарахыг эрмэлзэж байв. Үнэ ханшийн хувьд ямааны цул болон ястай мах 9500-10.500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Харин үхрийн ястай мах килограмм нь 12.500-13.500 төгрөг, цул мах нь 14.500-17.300 төгрөг болжээ. Иргэдийн хамгийн их худалдан авдаг хонины мах ястай нь 11.500-12.000 төгрөг, цул мах нь 11-12 мянган төгрөг болсон байна. Харин нэг килограмм адууны мах ястай нь 9000 төгрөг, цул нь 10 мянган төгрөг байлаа. Мөн тэмээний цул мах килограмм нь 9500 төгрөг, ястай нь 9800 төгрөгийн ханштай байсан юм.

Түүнчлэн махны талаар шуугиан дэгдсэнээс хойш махны үнэ тус бүрдээ дор хаяж 500-1800 төгрөгөөр нэмэгджээ. Жишээлбэл, өнгөрсөн сарын 5-ны өдөр тус захад нэг килограмм үхрийн цул махны дээд үнэ 15.500 төгрөг байсан бол биднийг очиход 17.300 төгрөг болсон байлаа.

ӨМНӨ ЖИЛИЙН МӨН ҮЕЭС ОЙРОЛЦООГООР 40 ТОННООР БАГА МАХ ИРЖ БАЙГАА ГЭВ

Харин хаа нэгтээ зарим үйлчлүүлэгч махны өнгө, үнэр болон вакцинтай эсэхийг нь лавлаж байсан юм. Тиймээс бид тус худалдааны төвийн Хөндлөнгийн хяналтын лабораторийн эрхлэгч А.Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Махны нийлүүлэлт багассан. Урин дулаан цаг ирж, ногоо ургаж байгаа болохоор улирлаас шалтгаалж махны нийлүүлэлт ихсэх ёстой. Гэсэн ч одоогийн байдлаар махны нийлүүлэлт жилийн жилд хэвийн байдаг шигээ л хэмжээнд байна. Манайд хэвийн үед дунджаар 40-60 тонн хүртэлх хэмжээний мах ирдэг байсан. Одоо бол дунджаар 20 тонн орчим мах ирж байна. Малчдаас шалтгаалж байна уу, өөр зүйлээс шалтгаалж байгаа эсэхийг сайн мэдэхгүй. Олон л зүйлээс болж мах багасаж байгаа байх. Лаборатори өдөр тутамдаа байнга шинжилгээ авч, стандартын дагуу анхан шатны үзүүлэлтийг шалгадаг. Өглөө эрт зах дээр ирсэн махыг хамгийн түрүүнд эмч нар шалгаж оруулна.

Мэдээж хамгийн түрүүнд тухайн махны гарал үүслийн гэрчилгээг шалгана. Гарал үүслийн гэрчилгээг үнэн бөглөж үү үгүй юү гэдгийг шалгаж цахим системээс хайдаг.  Мөн мах, махан бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зөөж авчирсан эсэхийг хяналт тавьдаг. Гарал үүслийн бичгийг нь шалгасны дараа клиник үзлэгийн анхан шатны хяналтыг давхар хийж өдөр бүр худалдаачдын лангуунаас дээж авч шинжилгээнд өгдөг. Зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах зөөвөрлөж ирсэн малчдын махыг шууд буцааж болохгүй. Аль болох заавар зөвлөгөө өгөөд явуулахыг л хичээдэг. Анх удаа хотод мах авчирч байгаа хүн байж болно шүү дээ.

Түүнчлэн малын гоц халдварт өвчний эсрэг вакцинаас айх хүмүүс их боллоо. Вакцин бүр өөр өөр заалттай, онцлогтой шүү дээ. Шүлхий өвчний эсрэг вакцин тарилаа гэхэд 14-20 хоног дотор тухайн малын биеэс бүрэн гадагшилдаггүй. Тийм учраас тухайн хугацаанд нь малын махыг худалдаалахыг хориглодог. Үүнийг л малчид чанд мөрдөж байвал хотод орж ирсэн малын мах шүлхийтэй, шүлхийгүй гэж олон нийтийг талцуулаад байх шаардлагагүй шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд манай лабораторид шүлхийтэй малын мах уу, үгүй юү гэдгийг шинжлэх боломжгүй. Улсын хэмжээнд байх хоёр том лабораторид үүнийг шинжилнэ” гэв.

ӨВЧИЛСӨН МАЛД ДУР МЭДЭН ТАРИА ТАРИХ НЬ МАХАНД БУГЛАА ҮҮСЭХ ГОЛ ШАЛТГААН

Лабораторийн ажилчдын хэлж буйгаар ядаж 21 хоног эсвэл нэг сарын дараа махаа авчирч байвал янз бүрийн асуудал үүсэхгүй гэнэ. Малчид өөрсдөө дур мэдэн эм тариа, вакциныг малдаа тарих нь хэсэг газрын буглаа болж идээлдэг байна. Хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулахын тулд хамгийн анхан шатны нэгжээс эхлэх хэрэгтэй аж. Лабораторийн ажилчид эцсийн бүтээгдэхүүнийг мянга шинжилсэн ч анхан шатандаа малын махыг стандартын дагуу зөв бэлтгэсэн, дархлаажуулалтын хуудсаа үнэн зөв бөглөж мэргэжлийн хүнээр вакцин хийлгэх ёстой гэв.

Гарал үүслийн гэрчилгээг авахын тулд хоёроос гурван шат дамжлага дамждаг тул малчдын махыг тэр бүр шинжлээд, нарийн шалгадаггүй байна. Мал эмнэлгийн гэрчилгээг авахын тулд тухайн бүс нутгийнхаа малын эмчээс гэрчилгээ авдаг аж. Тэр бичгийг авахын тулд юун түрүүнд тухайн бүс нутагт сүүлийн нэг сарын хугацаанд малын гоц халдварт өвчин гараагүй байх шаардлагыг хангана.

Мөн тухайн малыг цаг тухай бүрд нь дархлаажуулалтад хамрагдсан нөхцөлд гэрчилгээ олгодог гэв. Гэрчилгээ олгосны дараа малын эмч нь тухайн бүс нутгийн мал эмнэлгийн байцаагчид хянуулж баталгаажуулдаг байна. Баталгаажуулсан гэрчилгээтэй малын махыг хот руу нэвтрүүлэх ба орон нутгийн замд байх хяналтын пост бүрд мал эмнэлгийн байцаагчид ажилладаг ажээ.

НОХОЙН ХООЛ ЭРЭЛТТЭЙ БАЙГАА НЬ ҮНЭН

Түүнчлэн махны үнэ нэмэгдсэн талаар халаглах, толгойгоо сэгсрээд явах хүн цөөнгүй байлаа. Тэд ихэвчлэн гэртээ харихаар яаравчлах ба “Үнэтэй байна, хэцүү байна” гэхээс өөр хариулт хэлэхгүй хурдхан шиг алхаад алга болчихож байв.

Чингэлтэй дүүргийн X хорооны өндөр настан Д “Төрөөс махны үнэд зориулсан бодлого хэрэгтэй байна. Одоо ч бүр  утгаа алдлаа, хэрэг алга. Ийшээ хонины ястай мах авахаар ирсэн юм. Гэтэл килограмм нь 13.500 төгрөг болсон байна. Өмнө нь ирэхэд 10.500 төгрөг байсан. Одоо болохгүй бол хойшоо явж дайвар бүтээгдэхүүн авахаас даа. Авч хүрэх чадал нь тэр байгаагаас хойно. Тийшээ өөр лангуу орж боорцог, гурил сонирхлоо” гэсээр нуруугаа үүрээд цааш одсон юм.

Худалдаачдын хэлж буйгаар “Тэтгэвэр буух үеэр настай хүмүүс нэлээд ирдэг. Харин хэдэн өдрийн дараачаас хүн татардаг” гэв. Мөн энэ хавьд машин замтай нийлэх шахам газарт дайвар бүтээгдэхүүн буюу олны нэрлэдгээр нохойн хоолыг гялгар уутанд савлаж зардаг хүмүүс нэлээд бий. Тэдний нэгээс ууталсан нохойн хоолыг хүмүүс хэр авч байгаа талаар лавлабал “Үүнийг нохойдоо чанаж өгөхөөр авах хүн манай энд цөөхөн шүү дээ. Ихэвчлэн хүн идчихмээр махтай хэсгийг нь өөрсдөө чанаж, хоол болгоод үлдсэн хэсгийг нь нохойдоо өгдөг гэсэн.

Нохойн хоолыг нохой биш хүмүүс л идэж байгаа гэдэг чинь хэтрүүлэгтэй, оргүй яриа биш ээ” гэлээ. Уут руу шагайж харвал бөөндөө дотор өөх, хальс, өвдөл цөвдөл байх ба маш багахан хэмжээний махны сиймхий орсон байв. Үүнийг нэг килограмаар бус томхон торны дундуур хэмжээгээр багцаалдаж хэмжээд зардаг гэв. Тухайн иргэн өдөрт чамгүй олон тор нохойн хоол зардаг ба дуусах бүрд нь захаас авдаг гэнэ. Үнийн хувьд нэг тор нохойн хоол 2000-3000 төгрөгийн хооронд үнэтэй аж. Харин нэг килограмм үхрийн мах зах дотор 12.500-17.300 төгрөгийн ханштай байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ