04 сарын 30, Мягмар

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна

Засгийн газар
25 өдрийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцож, үг хэллээ. 

Тэрбээр "Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ.
 
Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм аа.
 
Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авилгын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна.
 
Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.
 
Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм.
 
Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.
 
Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм.
 
Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа.
 
Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь Эрдэнэс Монголын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг Улсын Их Хурал удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч, 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.
 
Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно.
 
Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
 
МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав...

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлах явц хялбар биш байх нь ойлгомжтой. Энэ хуулийг батлахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна.  

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн монгол хүн баялагтаа эзэн байх тогтолцооны реформын эхлэл цэг юм. Улс төрийн намуудын олон жил ярьсан салангид хуулийн төслүүдийн уулзах ойлголцлын цэг болж байна. Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэнэ.

Сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан болно. Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байна.  
 
Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа.  
 
Энэ нь уул уурхайн баялгийг зөв, өгөөжтэй ашиглах тусам иргэдийн хуримтлал арвижиж, хүний хөгжил, нийгмийн тогтвортой байдлын цөм болсон дундаж давхаргыг бүрдүүлэх суурь асуудал болсон орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлогын цогц томоохон реформ болох стратегийн ордуудаа иргэд өөрсдөө бүлэглэлийн эрх ашгаас хянах, үр өгөөжтэй ажиллахыг шаардах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан, нээлттэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэх давуу талтай гэж үзэж байна.
 
Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.
 
Хөгжлийн сан нь Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.

Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол тэнгэр газар шиг ялгаатай. Байгалийн баялаг гэдэг бол хүний гараар бүтээгдээгүй, дахин ашиглах боломжгүй олон сая жилийн туршид бий болсон, ард нийтээрээ үр ашгийг нь хүртэх ёстой баялаг юм. 

"Улстөрч сонгууль боддог бол төрийн зүтгэлтэн ирээдүйн шинэ үеийн боддог" гэдэг үг бий. Сонгууль дөхсөн ч тангараг өргөсөн төрийн түшээдийн хувьд Үндэсний баялгийн сангийн хуулийг батлахдаа Монгол Улсын язгуур эрх ашиг, нийтлэг ирээдүйг харж чадна гэж итгэж байна" гэлээ.  

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ