04 сарын 26, Баасан

Б.Жавхлан: ОХУ манайхаас их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн импортолбол дотоодод хомсдол үүснэ

Эдийн засаг
2 жилийн өмнө
Б.Жавхлан: ОХУ манайхаас их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн импортолбол дотоодод хомсдол үүснэ

Сангийн сайд Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Орос-Украины хооронд үүссэн дайн манай улсын эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх вэ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл уг асуудлаар хуралдсан. Тэгэхээр давагдашгүй нөхцөл байдалд манай улс ямар төлөвлөгөө, бэлтгэлтэй ажиллаж байна вэ?

-Бид ковидын үеийн эдийг засаг, ковидын дараах үеийн эдийн засаг гэсэн том сорилтуудтай нүүр тулж байгаа. Гэтэл бидний тооцоолоогүй буюу Орос-Украины хооронд цэргийн мөргөлдөөнөөс улбаатай дэлхий дахинд үүсч байгаа эдийн засгийн цоо шинэ нөхцөл байдал, хүндрэлүүд манай эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Энэ нөлөөллийг бууруулах, мөн урьдчилж зөв тооцоолох шаардлага үүсч байна. Манай улсад хамгийн түрүүнд мэдрэгдэж байгаа зүйл бол ОХУ-тай хийдэг газрын тосны импорт, түүнийг дагасан төлбөр тооцооны асуудал. Оросын талаас манай улсад нийлүүлэх нефть бүтээгдэхүүний хэмжээнд саад учрахгүй гэдгээ мэдэгдсэн. Манай улс эндээс төлбөрөө төлөхөд бэлэн. Харин төлбөрөө хэрхэн ОХУ-ын данс, банк руу шилжүүлэх вэ гэдэгт асуудал үүсч байна. Энэ эрсдэлийг бууруулах хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банкныхантай холбогдсон. АНУ болон олон улсын ОХУ-д тавьсан санкцад газрын тосны бүтээгдэхүүний экспорт болон үүнтэй холбоотой төлбөр тооцоог хамааруулахгүй гэж заасан. Гэтэл үүнийг олон улсад хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. ОХУ-тай харьцдаг корреспондент банкууд төлбөр хүлээж авахгүй, Оросын 10-аад банкийг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хассан учраас эрсдэл гарч байгаа юм. Тиймээс бид Европын тал болон бусад банкны сүлжээ эрхэлдэг байгууллагууд руу хандаж, асуудлаа хэлж байна. Манай улс Орос болон Хятадтай банкны уламжлалт корреспондент харилцаанд тулгуурлаж төлбөр тооцооны шинэ талбаруудыг нээж, төлбөр тооцоогоо хэвийн явуулах гарцаагүй нөхцөл байдал үүснэ. Энэ эргээд FATF болон бусад санхүүгийн хоригт орох шалтгаан болохгүй байх тал дээр анхаарахыг хүсч, харилцан ярилцаж байна. Бидний энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг гадна талдаа зөвөөр харж, хүндэтгэлтэй хандахыг хүсч байгаа юм.

-Манай улс АНУ болон барууны орнуудын ОХУ-д тавьж буй эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үү, эс хэрэгжүүлэх юм уу. Ер нь ямар байр сууринаас хандах вэ?

-Саяхан НҮБ дээр олон улсаас ОХУ-д тавьж буй санкцуудад нэгдэх эсэх хурал болсон. Энэ хурал дээр манай улс эдийн засгийн нөхцөл байдал, хүндрэлээ тооцож ТҮДГЭЛЗСЭН байр суурь илэрхийлсэн. Мөн банкны сүлжээнд үүссэн асуудлаас болж Европын сэргээн босголт хөгжлийн банк манай улсын байр суурийг асуусан. НҮБ дээр илэрхийлсэн байр суурь бол Монгол Улсын Засгийн газрын нэгдмэл байр суурь юм. Бид аль ч харилцаан дээр олон талт хөгжлийн институт дээр нэгдмэл байр сууриа л барина.

-ОХУ дотооддоо экспорт, импортын зарим бүтээгдэхүүнд хориг тавьж байна. Үүнтэй холбоотойгоор тус улсаас авдаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд саад учрах уу. Мөн улс орнууд ОХУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Монгол Улсаас татах худалдаа нэмэгдэх нөхцөл үүсэх үү?

-Газарзүйн байршлын хувьд бид хоёрхон хөрштэй. Хэрэглээний бараг 70 хувийг урд хөршөөсөө импортолж байна. Үлдсэн 30 хувийг хойд хөршөөсөө шууд буюу ОХУ-ын газар нутгаар дамжин Европоос ирдэг. Тэгэхээр хойд хөршид үүссэн нөхцөл байдлаас хамаарч Европоос ирдэг бараа бүтээгдэхүүн дээр хомсдол үүснэ. Түүнчлэн, сүүлийн хэд хоногт ажиглагдаж байгаа нэг зүйл ОХУ манайхаас бараа бүтээгдэхүүн татаж, үүнээс үүдэж хомсдол үүсэх эрсдэл байна. Тиймээс үүнийг анхааралтай ажиглаж, тэнцвэртэй байдлыг хангах нь чухал. ОХУ бол маш том зах зээл шүү дээ. Хэрэглээ нь манайхтай харьцуулшгүй өндөр. Хэрвээ ОХУ манайхаас их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн импортолбол дотоодод бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх, үнэ өсөх эрсдэлүүд бий болно. Тиймээс тэнцвэртэй байдлыг хангах хамгийн чухал болоод байна.

Төрөөс бензиний үнийг барихгүй, зах зээлийн жамаараа явахаас өөр гарцгүй

-Олон улсад үүссэн нөхцөл байдлаас болж газрын тосны бүтээгдэхүүний үнэ өслөө. Манайд ч жижиглэнгийн шатахууны үнэ өссөн. Цаашдаа олон улсын зах зээл дээрх үнэтэй уялдуулан бензиний үнэ нэмэгдээд л байх уу, эсвэл тодорхой зохицуулалт хийх үү.  Ард иргэдэд том дарамт ирж байна шүү дээ?

-Шатахууны үнэ цаашдаа ч өсөх хандлагатай байна. Олон улсад үнэ өсөж байгаа учраас импортлогч компаниудад хамгийн том хүндрэл үүснэ. Одоо байгаа нөөцөө баррель нь 80 ам.доллар байхад татаад авсан авсан. Дараагийн нөөц татан авалт баррель нь 140-өөс дээш ам.доллараар хийгдэх нь. Үндсэндээ үнэ хоёр дахин өсч, импортлогчдын гадагшаа төлдөг төлбөр хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор импортлогчдод санхүүгийн тусламж үзүүлэх, хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Энэ асуудлыг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд ярьсан. Төв банкнаас арилжааны банкуудаар дамжуулж шатахуун импортлогчдын нөөц бүрдүүлэлтийг дэмжин нэмж хөнгөлөлттэй зээл гаргахаар ярилцсан. Үүнтэй холбоотой яаралтай хуулийн зохицуулалтууд хийнэ.

-Шатахуун импортлогчдод олгох хөнгөлөлттэй зээлийг нэмж байгаа юм бол жижиглэнгийн шатахууны үнийг тогтвортой барих уу?

-Шатахууны үнэ биднээс биш дэлхийн зах зээлээс хамаарч байгаа тул бид сөрж амьдрахаас өөр гарцгүй. Өнөөдрийн нөхцөлд үүнээс өөр эдийн засгийн сонголт байхгүй. Цаашид Дорноговьд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хүртэл сар бүр дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан жижиглэнгийн үнэ тогтоохоос өөр аргагүй. Үнийг хүчээр барих нь эргээд төсвийн алдагдлыг нэмэх, эдийн засгаа татаж унагах аюултай. Тиймээс үнийг хүчээр барихгүй, аль болох бага багаар эдийн засаг руугаа шингээнэ.

-Манай улсын экспортын гол түүхий эд бол нүүрс. Гэтэл он гарсаар хилээр дөнгөж 1.4 сая тонн нүүрс гаргасан байна. Зах зээлд нүүрсний үнэ бол түүхэнд байгаагүйгээр өсч байхад бид дахиад боломжийг ашиглаж чадахгүй нь. Өвлийн олимпын дараа нүүрсний экспорт сайжрах хүлээлт байсан ч үр дүн гарсангүй. Хоёр талын хооронд экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ямар яриа хэлэлцээ хийж байна вэ?

-Нүүрсний үнэ өсч байгаа энэ үед экспортоо нэмэгдүүлж чадахгүй, маш том боломжийг алдаж байна. Манай талаас өвлийн олимпын үеэр айлчлал хийхдээ экспортын гарцуудаа нэмэх талаар нэлээд ярилцсан. Олимп өнгөрөх, мөн Хятадын талаас тавьж байгаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, шаардлагад хүрсэн гэж үзвэл тээвэрлэлтээ нэмэхээр хоёр тал тохиролцсон. Бүр таг зогссон үетэй харьцуулахад бага багаар нэмэгдсэн. Гашуунсухайт дээр зэс болон нүүрсний 100 орчим машин явж байсан бол одоогоор 180 болсон. Удахгүй терминалаасаа татаад эхлэхээр 200-300 болоод явна. Цаашдаа аль болох машины тоогоо нэмнэ. Гашуунсухайд дээр болон хилийн цаана “Ковид-19”-ийн тохиолдлын тоо эрс буурсан. Манай талаас ч халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, тэнд ажиллаж байгаа тээврийн компаниуд хариуцлагатай ажиллаж байна. Тиймээс ойрын хугацаанд экспортын хэмжээ нэмэгдэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim. mn

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ